УЛС ТӨР

Б.Жаргалсайханыг “өвдүүлж”, эзгүйд нь зарим гишүүдийг ЭРГҮҮЛЭН ТАТАХ асуудлыг хөндөх үү

С.АЛИМАНЦЭЦЭГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ ГИШҮҮДИЙН НЭРИЙГ УИХ-Д ХҮРГҮҮЛЭХЭД БЭЛЭН БОЛГОСОН УУ

Улсын Ерөнхий прокурорын албан тушаалыг 2019.04.05-нд хүлээн авсан Б.Жаргалсайхан оны сүүлийн саруудад тодорхойгүй  шалтгаанаар ажлаа хийж чадахаа байсан талаар мэдээлэгдсэн. Энэ талаар Ж.Батзандан гишүүн анхлан дуугарсны дараа түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа түр чөлөөлөгдсөн талаар албан мэдээлэл гаргаж байв.

Харин хөшигний ард “ЕТГ-ын дарга З.Энхболд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханг дуудан уулзаж, нэр бүхий УИХ-ын гишүүдийг эргүүлэн тат гэж тулгасан. Прокурор Б.Жаргалсайхан “Хуулиараа яллагдагчаар татагдсан тохиолдолд эргүүлэн татах хүсэлт гаргах ёстой. Хуулиа дагана” гэж гөжүүдэлсэн тул түүнийг түр ажлаас нь чөлөөлсөн. Тиймээс он гаргаад түүний орлогч С.Алиманцэцэг УИХ-ын нэр бүхий хэд хэдэн гишүүдийн эргүүлэн татах бичгийг  УИХ-д өргөн барина” гэсэн яриа хүчтэй явсан юм.

Үнэхээр ч холбогдох чиг үүргийнхээ дагуу Б.Жаргалсайханы эрх үүргийг түүний эзгүйд орлогч С.Алиманцэцэг гүйцэтгэх бүрэн эрхтэй. Үүнтэй холбогдуулан, улс төрийн хүрээнд яригдсанчлан нэр бүхий гишүүдийг эргүүлэн татах бичгийг ойрын хугацаанд оруулж ирнэ гэх битүү айдас, хүлээлт үүсээд байгаа юм.

Эргүүлэн татагдахаар нэр нь орж ирэх гишүүдэд албан бусаар Б.Ундармаа, Б.Батзориг, Д.Дамба-Очир,  Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат тэргүүтэй гишүүд яригдаж буй. Эдгээрээс Б.Ундармаа, Б.Батзориг, Д.Дамба-Очир нар ЖДҮХС-гийн асуудлаар яллагдагчаар татагдсан, Ж.Эрдэнэбат Тосонбумбын нурууны нөхөн олговорт олгосон лицензээ эргүүлэн авч, бусдад дамлан зарсан асуудлаар яллагдагчаар татагдсан гэх мэдээлэл явсан.

Харин Д.Эрдэнэбат гишүүний тухайд, “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудалтай холбогдуулан шалгасан хэргүүдээс үүдэж, яллагдагчаар татагдаад байсан ч прокурор түүнийг нь хүчингүй болгосон. Нөгөө талаас үнэхээр Ерөнхийлөгчийн зүгээс Д.Эрдэнэбат гишүүний нэрийг оруулах шахалт үзүүлнэ гэх логик нь итгэл үнэмшил багатай  билээ. Өөрөөр хэлбэл, хамгийн эргэлзээтэй нэр нь Д.Эрдэнэбат гишүүн  гэсэн үг юм.  

БУСАД ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН ГИШҮҮДИЙГ ХЭРХЭХ ВЭ

2016-2020 онд УИХ-д сонгогдсон 76 гишүүнээс 2019 онд нэг нь “аавын хаалга” татаж, долоо нь яллах тогтоол үйлдүүлж, хоёр нь яллах тогтоолоо хүчингүй болгоод байна. Үндсэндээ энэ парламентаас АРВАН ГИШҮҮН яллах тогтоол үйлдүүлэх хэмжээнд гэмт хэрэгт холбогдсон юм. Энэ нь өмнөх парламентуудад гарч байгаагүй жижиг билээ.

Үйлдсэн хэргийн тухайд, нэг нь хүчин, ихэнх нь “жидүү”. МАН парламентад олонх болсон түүхэн хугацаандаа гишүүд нь улаан мах, хулгайн хэрэг, хүн амины хэргээр гэрчээр мэдүүлэг өгөх явцдаа худлаа “залсан”, эмэгтэй хүнд гар хүрсэн, албан тушаалын байдлаа давуулан ашигласан зэрэг үйлдлүүдээр яллагдагчаар татагдсан нь туйлын тоогүй.

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд яллагдагчаар татагдсан эдгээр хүмүүсээ  бүгдийг нь нэр дэвших эрхээс түдгэлзүүлэх үү. Алаг цоог байдлаар  Б.Батзориг, Б.Ундармаа тэргүүтнийг хасах уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Мандат хуваарилахаас өмнө шүүхээр асуудал нь эцэслэн шийдэгдэхгүй бол У.Хүрэлсүх улстөрийн шийдвэр гаргах бодит шаардлагатай нүүр тулах билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button