Америкчуудын ихэнх нь Трамп Иран руу хуурай газрын цэрэг илгээнэ гэж бодож байна
“Reuters” агентлаг болон “Ispos” фирм хамтран явуулсан санал асуулгаар америкчуудын 65 хувь нь Доналд Трамп Иран руу хуурай газрын цэрэг илгээнэ гэж бодож байгаа аж. Харин санал асуулгад оролцсон хүмүүсийн долоон хувь нь л хуурай газрын цэрэг илгээхийг дэмжиж байна гэж хариулжээ. Тус санал асуулгад 1,545 америк иргэн оролцсон байна.
Трампын захиргаа Иранд хийж буй дайны ажиллагаагаа дэмжихийн тулд олон мянган цэрэг илгээх талаар авч үзэж байгаа гэж “Reuters” агентлаг энэ долоо хоногт мэдээлсэн юм. Мөн Ираны газрын тосны экспортын 90 хувь дамжин өнгөрдөг Харг арал дээр хуурай замын цэргийн ажиллагаа явуулах талаар авч үзжээ.
Пүрэв гарагт /2026.03.19/ Трамп нэгэн сэтгүүлчийн асуултад хариулж байхдаа “Бид нар хуурай газрын цэрэг хаана ч байрлуулахгүй. Гэхдээ байрлуулахаар бол та нарт хэлэхгүй” гэсэн юм. АНУ, Израил хамтран Ираныг бөмбөгдөн эхлүүлсэн дайны улмаас 2 мянга гаруй хүн амь үрэгдээд байна. Дайны эхний зургаан хоногт л гэхэд АНУ 11.3 тэрбум ам.долларыг Ираны дайнд зарцуулсан. Пентагон дайнаа санхүүжүүлэхийн тулд Конгрессоос 200 тэрбум ам.долларын санхүүжилт авах хүсэлтэй байгаа юм. Энэ талаар АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет ярихдаа “Муу залуусыг алахад мөнгө шаардлагатай байдаг” гэсэн байна.
Дайн эхлэхэд АНУ-ын албан тушаалтнууд богино хугацаанд цэргийн ажиллагаа явуулаад дуусгана гэх зүйл ярьж байсан. Тэгвэл одоо Пентагон 200 тэрбум ам.долларын санхүүжилт авах хүсэлт гаргахаар төлөвлөх боллоо. Дайны эхний зургаан өдөрт 11.3 тэрбум ам.доллар зарцуулснаас харвал АНУ хоногт 1.8 тэрбум ам.долларыг зарлагаджээ. Үүнээс харвал 200 тэрбум ам.доллар нь 111 хоног цэргийн ажиллагаа явуулах хэмжээний мөнгө юм.
Трамп болон түүний албан тушаалтнууд дайны зорилго, шалтгаан, үргэлжлэх хугацаа, ялсан эсэх мөн холбоотнууд нь туслах хэрэгтэй эсэх дээр бие биеэ үгүйсгэсэн мэдэгдэл гаргаар байна. Хамгийн сүүлд л гэхэд Трамп холбоотнуудаа туслахыг шаардсаныхаа дараа АНУ-д хэзээ ч тусламж хэрэгтэй байгаагүй гэсэн билээ.
Эх сурвалж: Reuters, AP News















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маанаг өвгөнийг хөөрөгдөж байгаад хуурай замаар цэрэг оруулаасай.Ёстой Иранчуудын үдийн будаа болоод дуусах байх даа хахаха...