А.Ариунзаяа: Улаан, ногоон лаазаар баталсан төсөвт тодотгол хийхээс өөр яах билээ
УИХ-ын гишүүн А.Ариунзаяатай 2026 оны төсвийн тодотгол, намрын улс төр, түүний санаачлаад буй "Оршуулгын үйл ажиллагааны тухай анхдагч хуулийн төсөл"-ийн талаар ярилцлаа.
-Засгийн газраас өргөн бариагүй, хэлэлцүүлгийн үед орж ирсэн, ТЭЗҮ-гүй, төлөвлөлт, төсөвгүй төслүүдийг лаазны дохиогоор баталсан. Тэрний гор гарч байна-
-Өнгөрсөн долоо хоногт танай намын бүлэг Их тэнгэрт уулзаж, төсвийн тодотголын талаар Ерөнхий сайдаас мэдээлэл сонссон тухай бичигдсэн. Тус уулзалтын талаар мэдээлэл өгч болох уу, хэчнээн гишүүн оролцов?
-Манай хувьд зүгээр л бүлгийн албан бус хурал. Төсвийн тодотголтой холбоотой, мөн дараа жилийн төсөвт анхаарах гол асуудлууд юу байна вэ гэдгээ ярилцаж, мэдээлэл солилцох хурал болно. Бүлгийн 38 орчим гишүүд хуралд суусан. COP17 хурал зохион байгуулагдаж байсан учир дийлэнх нь дээд хэмжээний парламентын хэлэлцүүлэгт оролцож байсан учраас тэр.
-"Анхнаасаа тодотгол хийх шаардлагагүй төсөв баталж болоогүй юу. Одоогийн Засгийн газрын гишүүдийн дийлэнх нь өмнөх Засгийн газарт ажиллаж байсан хүмүүс шүү дээ" гэх олон нийтийн шүүмжлэл өрнөж байна. Таныг 2026 оны төсөв батлах үеэр дориун шүүмжилж байсныг санаж байна. Төсөвт тодотгол хийх шаардлага яагаад үүсэв?
-Улаан ногоон лаазаар л батлагдсан төсөв шүү дээ. Тэр процессыг шүүмжлэхээс өөр аргагүй байсан.
Засгийн газраас өргөн бариагүй, хэлэлцүүлгийн үед орж ирсэн, ТЭЗҮ-гүй, төлөвлөлт, төсөвгүй төслүүдийг лаазны дохиогоор баталсан. Тэрний гор гарч байна.
Нэгдүгээрт. Хэмнэлтийн тухай хуулиар тендер тавдугаар сарын гучин нэгний өмнө зарлагдаж, зургадугаар сарын нэгнээс үйл ажиллагаа нь эхэлсэн байх ёстой. Хэрэв тухайн төсөл дээр худалдан авах ажиллагаа хууль ёсоор зохион байгуулагдаагүй бол төсөв нь татагддаг. Одоо маш олон төсөл, хөтөлбөрийн санхүүжилт яг ийм үндэслэлээр татагдаж байна.
Хоёрт. Багш эмч нарын цалингийн асуудал.
Засгийн газраас өргөн барьсан төсөлд байгаагүй нэмэгдлийг хэлэлцүүлгийн үед оруулсан. Тухайн үед жагсаал, цуглаан болж, ажил хаялт зарлана гэсэн шаардлага тавигдаж байсан учраас нийгмийн хэлэлцээрийн хүрээнд амлалт өгсөн. Төсөв батлагдчихсан байхад амлалт өгөөд, хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл төсөвт суугаагүй цалинг өгөөд эхлэхээр оны эцэст төсөв яах вэ. Хязгаар гэж байхгүй болно. Дээр нь үндсэн цалинг нь шинээр тогтоочхоод, нэмэгдлийг нь өмнө нь тогтоогдсон байсан цалингаас бодож олгосон учраас нэг хэсэг будилаан болсон. Улмаар хоёр цалингийн систем бий болсон байсныг Л.Энх-Амгалан сайд алдааг нь зассан. Гэхдээ тэр алдааг зассанаар жилээр төсөвлөсөн байсан өртгийг наана нь хэрэглэж дуусах процесс руу шилжсэн. Ингээд оны эцэст цалингаа тавьж чадахгүйд хүрсэн.
Энэ хоёр шалтгаанаас болж төсвийн тодотгол хийхээс өөр гарцгүй болсон гэж харсан. Мөн иргэдийн халаас, цаг хугацаанд хамгийн их нөлөөлж байгаа шатахууны асуудал байна. Хомсдолоос гадна, үнэ нь өслөө. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч өслөө. Эл нэмэгдэлд хамгийн түрүүнд өртөх хүмүүс бол ахмад настнууд. Иймээс Нийгмийн даатгалын реформд шилжье, суурь тэтгэврийг Улсын төсвөөс олгох ажлыг 11 сарын 01-нээс хэрэгжүүлэхээр тусгасан байсан.
-Сая төсвийн тодотгол дээр төрийн захиргааны албан хаагчдын цалин хөлсийг нэмэх эсэх талаар дурдсангүй. Энэ талаар бүлгийн хурлын үеэр яригдсан уу, хэрхэх бол?
-Багш, эмч нарынх нэмэгдчихсэн. Гэтэл төрийн тусгай, төрийн захиргааны, төрийн үйлчилгээний гэсэн маш олон албан хаагч байна.
Төрийн захиргааныханд дахиад нэг, хоёр сар тэвчээрэй, нэгдүгээр сарын нэгнээс нийтэд нь нэмэгдүүлье гэж ярьж байгаа юм. Шинэ төсөв орж ирэхээр тэр дээр нэмэгдэж орж ирнэ.
Харин төрийн үйлчилгээнийхэнд бол тодорхой хэмжээнд төсвийн тодотгол дээр нэмье гэсэн саналтай байна. Хэдээр нэмэгдэхийг би одоогоор хэлж мэдэхгүй. Гэхдээ орхигдоно гэж ойлгож болохгүй.
Төсвийн тодотгол дээр шүүмжлэх нэг зүйл байсан нь, 140 гаруй мянган ахмадын тэтгэврийн индексийг шинэчлээгүй. Дээр нь Засгийн газрын журмаар тэтгэврийн дээд хэмжээг 2.4 саяар хязгаарласан. Тийм болохоор нэмэгдэх ёстой байсан тэтгэвэр нь дорвитой нэмэгдээгүй. Гомдолтой ахмадууд байгаа. Төсөв дээр инфляцын түвшинтэй уялдуулж тэтгэврийг нэмэгдүүлэх бодлого хэвээрээ явна. Гэхдээ энэ жил нэмэгдээгүй байгаа нь үнэн.
-Намрын ээлжит чуулган угаасаа есдүгээр сарын 15-нд эхэлдэг хугацаатай. Тэгэхээр ээлжит бус чуулган зарлана гэвэл нэг долоо хоногийн өмнөөс намрын чуулган нээнэ гэсэн үг-

-Нэг талаас Ардчилсан намын шахалт, нөгөө талаас бушуу төсвийн тодотголоо чуулганаар хэлэлцүүлье гэх Засгийн газрын санал УИХ-ын дарга С.Бямбацогтод ирчихээд буй. Түүний хувьд даргын дэргэдэх зөвлөлийг хуралдуулж, чуулганыг ээлжит бусаар хуралдуулах эсэхийг шийднэ гэх мэдээлэл өгсөн. Таны хувьд даргын дэргэдэх зөвлөлд бий, хурлын тов ирсэн үү?
—УИХ-ын дарга есдүгээр сарын 01-нд даргын дэргэдэх зөвлөлөө хуралдуулна гэж ярилцлага өгснийг харсан. Ээлжит бус чуулган хэзээ хуралдахыг тэр зөвлөл тогтоох ёстой. Намрын ээлжит чуулган угаасаа есдүгээр сарын 15-нд эхэлдэг хугацаатай. Тэгэхээр ээлжит бус чуулган зарлана гэвэл нэг долоо хоногийн өмнөөс намрын чуулган нээнэ гэсэн үг.
Би УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд саналын эрхгүй, байлцдаг гишүүнээр сууна.
-Өнгөрсөн намрын чуулганаар УИХ-ын дарга байсан Д.Амарбаясгалан ажлаа өгч, Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг суудлаас нь унагах акц өрнөж, ер хууль санаачилж батлах гэхээс илүү сандал суудлын маргаан өрнөсөн. Энэ намрын чуулганыг угтуулан АН ч мөн адил одоогийн Засгийн газрыг унагах акцаа алсаас эхлүүлчхээд байна шүү дээ. Намрын улс төр хэрхэн өрнөх бол?
-Гарын үсэг цуглуулж эхэллээ гэдэг мэдээлэл энэ намар ч биш, хавар ч, өнгөрсөн намар ч гарч байсан. Энэ бол сөрөг хүчний хийх ёстой ажил. Манай нам сөрөг хүчин байсан ч хийх ажил. Гагцхүү Засгийн газар тогтвортой байх уу, үгүй юу гэдгийг УИХ өөрөө шийддэг. Би хэзээд Засгийн газар тогтвортой байх ёстой гэсэн байр суурьтай. Та бүхэн санаж байгаа бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед ч би Засгийн газар тогтвортой байх ёстой гэх байр суурийг илэрхийлж, улайран хамгаалж байсан хүмүүсийн нэг.
Засгийн газар тогтворгүй байх тусмаа төрийн ажил гацаж, бодлого өөрчлөгдөж, маш хүнд байдалд ордог. Би У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын үед сайдаар ажиллаж байсан. Намайг ажлаа өгсөн 2022 оноос хойш ГБХНХ-ийн найм дахь сайд ажиллаж байна.
-Сайд дарга нар солигдоно. Түүнийг дагаад бүх шатны дарга, ажилчид сэлгэгддэг. Энэ үйл явцыг дагаад тогтворгүй байдлын үнэ өртөг яригдах байх, тийм үү?
—2020, 2022 оноос хойш ажиглаад үзэхэд манай бодлогын хамгийн гол алдаа нь байнга хүнээ солино. Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд агентлагийн дарга нар хүртэл сольчихдог. Тэнд нэг бодлого хэрэгжүүлж байсан хүн явна. Шинэ хүн ирээд өмнөх юмыг үргэлжлүүлэхгүй, шинэ юм эхлүүлж байна гэдэг. Энэ эргүүлэгт иргэд л хохирдог.
1998 оноос хойших Засгийн газрын насжилтыг харахад, дундаж хугацаа 1.8 жил. Дотор нь гуравхан сар ажилласан ч байна, зургаан сар ажилласан ч байна. Мөн ерээд оноос хойш бүрэн эрхийнхээ хугацааг гүйцээж дуусгасан хоёрхон Ерөнхий сайд бий. П.Жасрай, Н.Энхбаяр хоёр.
Харин У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар бүрэн эрхийнхээ хүрээнд бус сонгууль дамнан Засгийн эрхийг барьсан. Эндээс манай монголын төр засгийн шийдвэр ямар тогтворгүй байсныг харж болохоор байгаа биз.
-Ээжийнхээ булшийг олоогүйгээс Оршуулгын тухай хуулийн төслийг сайжруулж, өргөн барих шаардлагатайг ойлгосон-

-Та Оршуулгын тухай хуулийн төсөл боловсруулж, D-Parliament.mn сайтад байршуулсан байна билээ. Яагаад энэ хуулийн төсөл дээр ажиллах болов?
—Энэ санаачилга дөнгөж гарч байгаа асуудал биш. 2022 онд УИХ-ын зарим гишүүнд танилцуулагдаж байсан. Тухайн үед ковидын дараах үе, сонгуулийн бэлтгэл гээд явсаар байгаад хуулийн төсөл УИХ-ын босгыг давж чадаагүй юм. Монгол Улсад оршуулгын үйл ажиллагааг зохицуулсан бие даасан хууль байхгүй. Түүхийг харвал намын төв хорооноос гаргасан журмаар зохицуулж байсан үе бий. Одоо бол Нийслэл өөрөө тусгайлсан журам гаргасан, Баянхонгор, Өвөрхангай, Баян-Өлгий зэрэг аймаг журамлах гэж оролдож байна. Гэхдээ улсын хэмжээний эрх зүйн орчин алга.
Иймд 2022 онд зан үйлийн холбоо, мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачид ажилласан төсөл дээр мэргэжлийн хүмүүстэй ажиллаж, улам дэлгэрүүлсэн. Одоогоор иргэд олон нийтийн, мэргэжлийн хүмүүсийн, Засгийн газрын саналыг авахаар dparliament.mn сайтад байршуулсан. Нээлттэй байршуулж, санал авах хуулийн хугацаа дуусмагц өргөн барихаар төлөвлөж байгаа.
Мөн энэ хуулийн төсөлд анхаарч, ажиллахаар шулуудсан гол шалтгаан ээжийн маань булштай холбоотой байсан гэж хэлж болно.
Ээж маань намайг арван тавтай байхад буюу 1996 онд бурхан болсон. Далан давхарт оршуулсан юм. Яг л мэддэг хүнээр заалгаж очихгүй бол олохгүй. Миний хүүхдүүд бол огт мэдэхгүй. Энэ агуулгаар харвал, Далан давхарт ийм маягаар эвдэрч, хагарч, хаягдсан булш маш их байгаа юм билээ. Үүнийг дахин төлөвлөлтөд оруулж, цэгцлэх нь Нийслэлийн маш зөв санаачилга байсан.
Энэ үест ээжийнхээ шарилыг илүү сайхан газар нүүлгэн шилжүүлье гэж бодоод холбогдож асуусан чинь "Буян" гэх компани бүртгэлийн систем ажиллуулж байсан. Ээжийн маань овог нэр, бурхан болсон огноог хэлмэгц байршлыг нь тодорхойлж, булшны зургийг харуулж, координатыг нь утас руугаа хуулаад аваад очиход яг цэг дээр нь хүргэсэн. Очиход, ээжийн маань булш хагарсан байдалтай байсан.
Ингээд чандарлаж, модон хайрцагт хийж, цэцэрлэгт хүрээлэнд байршуулсан. Би сэтгэлдээ маш таатай байна. Аж ахуйн нэгж, байгууллагууд ийм хариуцлагатай байх ёстой юм байна гэдгийг тэгж мэдэрсэн. Хүн гэдэг бурхан болсон ч гэсэн хүндлэгдмээр байна шүү дээ. Хог хаягдал шиг байж болохгүй.
-Хуулийн төсөлд ямар зохицуулалт тусгаж байна вэ. Онцлох заалтуудын талаар дурдаж болох уу?
-Нэгдүгээрт, зөвшөөрөгдөөгүй газар шинээр оршуулахыг хориглоно. Ундны усны эх үүсвэр, эрүүл ахуйн хамгаалалтын бүс, улсын тусгай хамгаалалттай газар нутаг, үерийн эрсдэлтэй газар, хөрсний гулгалттай газарт оршуулгын газар байгуулж болохгүй. Суурин газраас хэдэн километрийн зайд байх вэ гэдэг хязгаарлалтыг оруулах боломжтой.
Хоёрдугаарт, газар эзэмших гэрээ жаран жилийн хугацаатай байдгийг ар гэрт нь мэдүүлэх ёстой. Жаран жилийн дараа яах вэ, чандарлаад өөр газар шилжүүлэх үү, ямар зохион байгуулалт байх вэ гэдгээ ар гэртэй нь урьдчилан ярилцаж явах ёстой.
Гуравдугаарт, үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага бүр дотроо мэдээллийн сан хөтөлнө.
Дөрөвдүгээрт, аль болох чандарлалт руу шилжих нь эко аюулгүй, хүндэтгэлтэй, орчин үеийн шийдэл. Гэхдээ энэ бол зан заншлыг албадах биш, эхний ээлжид мэдүүлэх, сонголт өгөх тухай асуудал.
-Хуулийн төсөл одоо ямар шатанд яваа вэ?
-Засгийн газраас санал авахаар явуулчихсан. Гэтэл аль яам хариуцах нь тодорхойгүй байгаа нь өөрөө сонин. Нийслэлд бол хог хаягдлын газар хариуцдаг. Оршуулга гэдэг чинь хог хаягдал уу, эсвэл шашин, соёл, зан заншлын асуудал уу, байгаль орчны асуудал уу, эрүүл мэндийн асуудал уу гэдэг нь ойлгомжгүй. Тийм учраас олон талын оролцоотой зохицуулахаас өөр арга байхгүй. Хуулийн төсөл дээр Шадар сайдын дэргэд Үндэсний зөвлөлтэй байхаар тусгаад оруулж ирсэн. Шашны байгууллагуудыг зайлшгүй оролцуулна. Төслөө D-Parliament системд байршуулж, иргэд, олон нийт, мэргэжлийн хүмүүсийн саналыг авах төлөвлөгөөтэй байгаа.
-Энэ сэдвээс хүмүүс цэрвэдэг. Та юуг хамгийн түрүүнд ойлгуулмаар байна вэ?
-Хүн төрөх нь ч, нас барах нь ч гарцаагүй. Үүнээс хэн ч зугтааж чадахгүй. Гэтэл бурхан болсныхоо дараа хүний нэр төр хаягдал шиг харагдаж байх ёсгүй. Амьд байгаа хүмүүсийнхээ эрх ашиг, аюулгүй байдал нэн тэргүүнд байх ёстой ч, өмнөх цагийнхандаа хүндэтгэлтэй хандах ёс жаягаа хадгалж үлдэх ёстой. Газар нутаг маань хязгаарлагдмал. Ямар ч алдаа мадаггүй, бүх юмыг зохицуулах хууль гэж мэдээж байхгүй. Гэхдээ анхдагч төслөө боловсруулаад, нээлттэй хэлэлцүүлээд, дараа нь нэмэлт өөрчлөлт оруулах боломж нээлттэй байна.
-Ярилцсанд баярлалаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм новшийг их хуралд оруулах хэрэг алга