Г.Дамдиннямын шатахуун олж ирэх зовлон Б.Мөнхтамирт шилжлээ
Уул уурхайн сайдаас үеийн үед шатахууны асуудал салж байгаагүй. Үүнээс хамгийн их эгзэгтэй үед ажиллаж байгаа нь Г.Дамдинням болж таарч байна. Өнгөрсөн саруудад тэр Аж үйлдвэр, эрдэс баялагийн бус ерөөс нь "шатахууны сайд" л хийв. Харин түүний шатахуун олж ирэх зовлон нь өдгөө Б.Мөнхтамирт шилжлээ.
Г.Дамдинням өнгөрсөн хугацаанд ААН-үүдэд шатахуун хадгалах сав барих зардал гаргаж өглөө, ОХУ, Хятад руу шатахууны гуйлгаар хэдэнтээ нислээ. Дэлхийн зах зээл дээрх шатахууны эрэлт манайх шиг улсыг шуудхан нэрвэх эрсдэлтэй цагаар сайд хийж таарсан Г.Дамдиннямын бүтээсэн ч, бүтэлгүйтсэн нь их болсон.
Түүний сайдаар ажиллах хугацаанд монголчууд шатахууны үнийг зах зээлийн зарчмаар нь хүлээж авахаас өөр ямар ч аргагүйд хүрэв. Тэр өөрөө ч "Олдож байгаа нь их юм" гэсэн тодруулгыг шуудхан өгдөг болсон. Урьд нь шатахуун 100 төгрөгөөр өсөхөд Засгийн газрын эсрэг жагсах хэмжээний уур бухимдал олон нийтийн дунд өрнөдөг байлаа. Тэгэхээс ч аргагүй, шатахууны үнэ иргэдийн амжиргаа, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд гэрлийн хурдаар нөлөөлдөг учираас тэр.
Гэтэл одоо иргэд үнэ нэмэгдсэнд бус хонон өнжин оочерлож авч байгаадаа л бухимдалтай буй. Сөрөг хүчний зүгээс Г.Дамдиннямыг шатахууны үнийн өсөлтөд санаа зовохгүй байгааг шүүмжилсэн бол тэрбээр "Намайг ажлаа өгснөөр шатахуун нэмэгдэх бол би огцорч болно" гэж мэдэгдсэн юм. Харин "Туйлдаж байна" жагсаалын дараа угийн сэргэлэн Г.Дамдинням жагсагчдын төлөөлөл гэх хэдэн хүнийг өрөөндөө оруулж байгаад "Бид салбарын сайдыг нь огцруулахыг шаардаагүй" гэсэн үг хэлүүлж, түүнийгээ нийтэд цацах пиар хүртэл хэрэглэснийг нуух юун.
Шатахуун хомсдож, иргэд хот хөдөөгүй шатахууны оочерт зогсож эхэлсэн цагаас хойш АИ92 шатахуун 750 төгрөгөөр өсөж, 3600 төгрөгт хүрлээ.
Энэ үнийн өсөлт, дэлхийн зах зээл дээрх хямрал, шатахууны хомсдолын зовлон одоо Б.Мөнхтамирт шилжсэн. Түүнийг өнгөрөгч долоо хоногийн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамирыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар шилжүүлэн томилсон.
Дэд сайд Б.Мөнхтамир өмнө нь Монголын Иргэний Агаарын Тээвэр(МИАТ) ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Харин 2025 оны арванхоёрдугаар сард Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар томилогдон, "COP17" олон улсын бага хурлыг зохион байгуулах багт орж ажилласан туршлагатай нэгэн юм.
Шатахууны үнийн өсөлт, цаашид авах арга хэмжээний талаарх түүний хэвлэлийн хурлын үеэр өгсөн мэдээллийг дараах линкээс унших боломжтой.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.