Саудын Арабын гол газрын тосны компанийн удирдлагын барилга цохилтод өртжээ
Саудын Арабын засгийн газар эзэмшдэг тус улсын газрын тосны гол компани болох “Saudi Aramco” компанийн Дахран хот дахь удирдлагын барилга цохилтод өртжээ. Сүүлийн үед Саудын Арабын зэвсэгт эсвэл болон Йемен дэх хуситууд бие биедээ агаарын цохилт өгөх болсон билээ. Саудын Арабын Эрчим хүчний яам өнөөдөр /2026.10.13/ мэдээлснээр мягмар гарагийн орой албаныхан зохих арга хэмжээ авч, хүн бэртэж эсвэл амь насаараа хохирсон тохиолдол гараагүй байна.
Тус яам мэдэгдэл хийхээс өмнө “Saudi Aramco” компанийн эх сурвалж “Reuters” агентлагт хэлэхдээ, удирдлагын байранд баллистик пуужингаар цохилт өгсөн гэжээ. Цохилтын улмаас барилгын дээд гурван давхарт дэд бүтцийн гэмтэл учирсан гэж тэр эх сурвалж хэлсэн байна. Мөн өөр хоёр эх сурвалж хэлснээр барилгад гал гарчээ.
Дахран хот дахь тэрхүү оффис нь “Saudi Aramco” компани үйл ажиллагаагаа эрхэлдэг томоохон төв юм. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд хуситууд Саудын Араб дахь чухал дэд бүтцүүд рүү баллистик пуужин болон дрон харвах болсон. Тус улсын нийслэл Эр-Риядын олон улсын нисэх онгоцны буудал дөрвөн удаа цохилтод өртөөд байна. Бямба гарагт /2026.10.10/ тус онгоцны буудалд хуситууд өгсөн цохилтын улмаас 13 хүн амь үрэгдсэн. Тэрхүү цохилт нь сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Саудын Арабд хамгийн их хүний амь хохирсон халдлага болсон юм.
Мягмар гарагт Дахран хот дахь удирдлагын барилга цохилтод өртсөнөөс гадна Эр-Риядад пуужингийн хэлтэрхий унасны улмаас дөрвөн хүн бэртжээ. Саудын Арабын иргэний хамгааллын алба лхагва гарагт мэдээлснээр пуужингийн хэлтэрхийнүүдийн улмаас 15 байшинд дэд бүтцийн хохирол учирсан байна.
Хуситууд мэдэгдэхдээ, эдгээр нь Саудын Арабаас Йеменд өгч буй цохилтод хариу арга хэмжээ авч байгаа явдал хэмээжээ. Тус бүлгийн хэвлэлийн төлөөлөгч Яахяа Сарээ өмнө нь мэдэгдэл хийхдээ, “Saudi Aramco”-гийн Дахран дахь төв оффис, Эр-Рияд дахь газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өгч болно гэж байсан юм. Хуситууд Саудын Араб дахь газрын тосны салбарын ажилчдыг цохилтын бай болох эрсдэлтэй газруудаас хол байхыг анхааруулжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.