Г.Тэмүүлэн: ХХЕГ, ШШГЕГ болон Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт шалгалт оруулсан

Орон сууцны залилантай холбоотой 2208 иргэн, ₮173 тэрбумын хохирол үүссэн асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байна
Засгийн газрын өнөөдөр (2026.10.14)-ийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн мэдээлэл өглөө. Орон сууцны залилантай холбоотой асуудлыг цэгцлэх хүрээнд арваннэгдүгээр сарын 15 гэхэд орон сууцны нэгдсэн цахим санг үүсгэж, баригдаж буй орон сууцны зөвшөөрөл, газрын асуудал, давхардуулан гэрээ хийсэн, эсэх бүх талын мэдээллийг нээлттэй болгохоор шийдсэнийг тэрбээр онцлов.
“Орон сууцны залилантай холбоотой Цагдаагийн байгууллагад шалгагдаж буй ₮173 тэрбумын, 2200 гаруй иргэний асуудал байгаа тул цаашид баригдаж дуусаагүй барилгуудын талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй болгосноор давхардуулсан захиалга, залилангаас сэргийлнэ” гэлээ.
Түүнчлэн сүүлийн хоёр жилд скүүтер, мопедтой холбоотой осол гэмтлийн тоо эрс нэмэгдэж, 18 хүртэлх насны хүүхэд багачууд олноор энэ хэрэгт шалгагдах болсон тул хуулийн хэрэгжилтийг сайжруулж, Замын хөдөлгөөний дүрэм журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүлж батлуулсныг тодотгов. Тухайлбал, 18-аас дээш насныхан цахилгаан дугуй, мопед, скүүтер жолоодох эрхтэй байх, цахилгаан дугуй, мопед, скүүтер түрээсийн үйлчилгээ эрхлэгчдэд тавих хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх, эцэг эхийн хараа хяналтыг сайжруулах гээд бүх талын оролцоог дээшлүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн гэлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн “Онтрэ”-гийн 2 лицензийг “Оюутолгой” компанид шилжүүлэхтэй холбоотой асуудлыг ахалж ажиллахаар болсон бөгөөд “Лиценз шилжүүлэхтэй татварыг Монголын тал хуулийн хүрээнд албан ёсоор нэхэмжилсэн зүйл байхгүй. Тиймээс энэ асуудлыг ажлын хэсэг шалгаад, шаардлагатай бол "Онтрэ"-гийн төлсөн татварын мөнгийг буцаагаад тухайн компанийн дансанд шилжүүлэх болно” хэмээв.
Хууль хүчний байгууллагуудын удирлага, үйл ажиллагааны талаар ноцтой мэдээлэл сүүлийн үед нийгэмд их гарч байгаатай холбоотойгоор салбарын сайд ХХЕГ, ШШГЕГ болон Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт шалгалт оруулсан тухайгаа хэллээ. Харин ШШГЕГ-ын дарга, бригадын генерал А.Намсамандыг ажлаас чөлөөлөх асуудлаарх сэтгүүлчдийн асуултад тэрбээр “Энэ бол хууль зүйн сайдын эрхлэх хүрээний шийдвэрт хамаарахгүй, Засгийн газрын тогтоолоор шийдэх зүйл” гэдэг тайлбар өглөө.
Г.САНСАР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.