Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өгчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2026.10.11/ гэнэтийн мэдэгдэл хийж, ОХУ болон Украин эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхгүй байхаар тохиролцсон гэсэн юм. Энэ талаар Трамп ярихаас өмнө Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский хүртэл мэдээлэлгүй байжээ. Тэгвэл тэр өдрөөс хойш ОХУ Украины цахилгаан станц зэрэг эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгч, олон зуун мянган хүнийг цахилгаан эрчим хүчгүй болгосон байна.

Ийм учир Зеленский “Financial Times” сонинд ярилцлага өгөхдөө эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхгүй байхаа зогсоож буйгаа мэдэгджээ. Үүний дараа Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өгсөн байна. Тодруулбал Украин Москвагаас зүүн өмнөд зүгт орших Рязань мужийн газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өгчээ. Роснефть компанийн эзэмшдэг тэрхүү үйлдвэр ОХУ-ын газрын тос боловсруулах нийт хүчин чадлын тав орчим хувийг бүрдүүлдэг юм.

ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд цохилт өгөхгүй байхыг Трамп шаардаж байгаа явдлаас Зеленский ийнхүү татгалзсанаар тэдний харилцаанд үүсээд буй хагарал улам гүнзгийрэх магадлалтай боллоо. 2025 оны хоёрдугаар сард Зеленский, Трамп нар Цагаан ордонд маргасны дараа тэдний харилцаа муудсан. Тэр цагаас хойш хоёр улсын удирдагч хэд хэдэн удаа уулзаж, харилцаа нь дээрдсэн ч ОХУ-ын газрын тосны үйлдвэрүүдэд цохилт өгч буй нь буцаан дордуулжээ. Тухайлбал Зеленский цохилтуудаа зогсоохгүй байгаа тул Украин шинэ ерөнхийлөгчтэй болох цаг ирсэн гэж Трамп хэлсэн билээ.

Арваннэгдүгээр сард АНУ-д Конгрессын завсрын сонгууль болно. Тэр сонгуулиас өмнө Трамп газрын тос болон дизель түлшний үнийг бууруулах хүсэлтэй байгаа юм. Трамп Израилын хүслээр Иранд цохилт өгч эхлүүлсэн дайны улмаас дэлхийн газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийн тавны нэг нь дамжин өнгөрдөг Ормузын хоолой хаагдсан. Энэ нь дэлхий даяар мөн АНУ-д ч шатахууны үнийг өсгөж, инфляцыг нэмэгдүүлээд байгаа. Харин Трамп америкчуудын амьжиргааны өртөг нэмэгдэж буй нь Украинаас ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд өгч байгаатай холбоотой гэж мэдэгдэж байна. Ийм учраас тэр Украиныг цохилт өгөхөө зогсоохыг шаардаж байгаа юм. Үүнээс гадна Трамп холбоотон орнуудаа сүрдүүлж стратегийн нөөцөөс нь газрын тос, дизель түлш гаргуулах болсон. Холбоотон орнууд газрын тосны нөөцөөсөө гаргаснаараа Трамп Ираны дайныг дуусгаж чадахгүй тохиолдолд хэрэглэх газрын тосны хэмжээ буурна гэсэн үг.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button