Пакистанд сургуулийн дээвэр нурсны улмаас 35 хүн амь үрэгджээ
Пакистаны баруун хойд хэсэгт оршдог Пешавар хот дахь Аль-Хаир нэртэй хувийн сургуулийн дээвэр нурсны улмаас 34 сурагч, нэг багш амь үрэгдсэн байна. Албаныхан мэдэгдсэнээр ослын улмаас 45 гаруй хүн бэртэж гэмтжээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийн ихэнхийг хүргэсэн Лэйди Рийдинг эмнэлгийн хэвлэлийн төлөөлөгч Мохаммад Асим хэлэхдээ зарим хүүхдийн биеийн байдал маш хүнд байгаа гэсэн байна. Түүний хэлснээр амиа алдсан хүүхдүүдийн ихэнх нь 6-12 настай байжээ.
Аль-Хаир сургуулийн гурван давхар барилгын дээвэр нь доод хоёр давхрын хичээлийн ангиуд руу унаж, хүүхдүүд нуранги дор дарагдсан байна. Нуранги дор дарагдсан хүүхдүүдийг гаргаж авах ажиллагаанд 100 орчим хүн, эцэг эх нар оролцжээ. Пешавар хотын цагдаагийн албаны дарга Саид Ахмед мэдэгдэл хийхдээ сургуулийн эзэмшигч Мохаммад Ханыг баривчилсан гэжээ. Мохаммад баривчлагдсаныхаа дараа энэ долоо хоногт орсон бороо нь дээвэр нуран унахад нөлөөлсөн гэсэн байна.
Эх сурвалж: Al Jazeera












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.