Э.Даариймаа залуучуудын даамын дэлхийн аварга боллоо

БНХАУ-ын Шинтай хотод болж буй даамын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчин Эрдэнэсайханы Даариймаа залуучуудын ангилалд дэлхийн аварга боллоо.
Тэрбээр 16 настай хэдий ч нас өгсөж, залуучуудын ангилалд өрсөлдөн, зургаан хожил, хоёр тэнцээ авснаар нийт 14 оноо цуглуулжээ. Ийнхүү үндсэн төрлийн тэмцээн өндөрлөхөөс нэг өргийн өмнө аваргын болзлоо хангаж, түрүүлэх нь тодорхой болсон байна. Э.Даариймаа нь “Алтан хүү” клубт Олон улсын их мастер Р.Манлай, спортын мастер Ц.Алтанхуяг нарын удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа базаадаг.
Тэрбээр Монголын даамчдаас өсвөрийн болон залуучуудын ангилалд дэлхийн аварга цолыг хоёуланг нь хүртсэн анхны тамирчин болж байна. Мөн залуучуудын дэлхийн аварга болсон Монголын хоёр дахь даамчин болж байгаа бөгөөд өмнө нь 2023 онд Б.Мөнхжин энэ амжилтыг үзүүлж байв. Түүнчлэн Э.Даариймаа энэхүү амжилтаараа Дэлхийн даамын холбооны (FMJD) журмын дагуу Олон улсын мастер (MIF) цолны болзол хангажээ. Мөн тэмцээний хамгийн бага насны ангилал болох 8 хүртэлх насны охидын төрөлд “Элит” клубийн тамирчин, Дэлхийн мастер Оюунболдын Гэгээ хүрэл медаль хүртэх болзол хангасан байна.
Тэрбээр өнгөрсөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний блиц төрөлд мөн хүрэл медаль хүртэж байсан юм. Тэмцээний үндсэн төрөл маргааш өндөрлөж, үлдсэн медалийн эзэд тодорно.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.