СУРВАЛЖИЛГА: Хаягдал амны хаалтыг хогийн цэгээс түүж, угааж индүүдэн зарж байна гэв үү
Цар тахлын үед хамгийн эрэлттэй бараа амны хаалт болж хувирсан. Одоогоос гурван сарын өмнө шинэ коронавирусийн эхний дуулиан нийгмийг цочрооход амны хаалтын борлуулалт огцом өсөж, үнэ нь хэд дахин нэмэгдсэн билээ. Ердийн үед 100-150 төгрөгийн үнэтэй байсан нэг удаагийн цэнхэр амны хаалт өнөөдөр 1000-1500 төгрөг болж, арав дахин нугарсан. Дагаад даавуун амны хаалт оёж, худалддаг бизнес ч цэцэглэсэн юм. Нэг үгээр үнэ хэдий нэмэгдсэн ч иргэд худалдан авсаар байх бодит нөхцөл үүсээд удаж байна.

Үүнийг далимдуулж зүй бусаар ашиг олох башир арга хэн хүний толгойд эргэлдэх нь дамжиггүй. Нөгөө талд нэр харьяалалтай албан байгууллагуудад төр хариуцлага тооцож болох ч, гар дээрээс амны хаалт борлуулж буй хувь хүн тус бүрд хяналт тавих боломж хомс. Өнгө алагласан даавуун амны хаалтуудыг гялгар уутанд савлаж гудамд дэлгээд зарж зогсох хүмүүсийн цаана “үйлдвэрлэл” хэрхэн явагдсаныг тэр бүр цагдах бололцоо байхгүй.
Өнгөрөгч гуравдугаар сард Тайландад ийм нэг хэрэг гарсан. Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт ажилладаг хэсэг бүлэг нөхөд хэрэглээд хаясан амны хаалтуудыг цуглуулаад, угааж индүүдэн зарж, ширхэг бүрээс нь 1 бахт /Тайланд мөнгөн дэвсгэрт, сурв/-ын ашиг олж байжээ. Тэднийг цагдаагийн байгууллагаас илрүүлж, баривчлах арга хэмжээ авсан талаар дэлхийн томоохон хэвлэлүүд мэдээлж байлаа.
Манайд ч бас ийм зүйл аль хэдий нь тохиолдох болж, харин олон нийт одоо хэр мэдээгүй явна уу гэх хардлага иргэний мэдээллийн сэжмээр төрсөн юм. Мэдээлэлд, Цагаан даваа, Улаан чулуутын хогийн цэг дээр ажилладаг хэсэг бүлэг хүмүүс хаягдал амны хаалтыг түүж цуглуулаад, угааж цэвэрлүүтээ дахин худалдаж байна гэх. Иймд амны хаалтын бизнест дүрэмгүй тоглогчид бий болсон уу гэдгийг сурвалжлахаар Цагаан давааны хогийн цэгээр зочиллоо.

ҮРГЭЛЖ БУРГИЛАХ НАРИЙН ШОРООН ДУНД
Цагаан давааны хогийн цэг 2012 онд “нээгдсэн”. Энд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар гурван дүүргийн хог цуглардаг. Цагаан даваа өөд нарийн тоос татуулан өгсөх хог ачсан ачааны машины цуваа орой болтол ер тасрахгүй. Машины бараа харсан тэндхийн хүмүүс дагаж гүйлдээд, ачаа бууж эхлэхтэй нь зэрэгцэн өөрт хэрэгцээтэйгээ түүн шуудайлж гарна.
Биднийг ирэхэд нүүр нүдгүй нарийн шороо бургилж байна. Хүмүүс хэсэг бүлгээрээ, дөрөв таваараа “баг болж” ажиллацгаах аж. Овоо бүр дээр нэг багийнхан цугларч, шуудайгаа дүүргэж аваад амыг нь зангидаж, нуруундаа үүрнэ. Овоохой маягийн зүйл босгоод, тэндээ амарч суух хүмүүс ч байна. Хогон овоо дунд машинаа оруулж зогсоочхоод шороо дарахаас сэргийлж даавуугаар бүтээж зогсох нэгэн ч харагдана.

Зохион байгуулагчид энд ээлж, ээлжээр гардаг юм байна. Тэд замын цагдаагийн дохиур шиг дохиур барьчхаад, минут минутын зайтай ирэх хогийн машинуудыг хаана очиж зогсохыг нь зааж өгөх ажээ. Нэг машин хогоо асгаж дуусаагүй байхад дараагийн машин тоос татуулан хүрээд ирнэ.
Нэг үгээр Цагаан давааны хогийн цэг дээр бургилах шороон дунд зогсоо зайгүй ажил өрнөж байлаа. Холилдож нийлсэн, базагдаж хумигдсан, чухам юу нь үл мэгдэгдэх их хог зогсоо чөлөөгүй ирж буусаар л байв. Энэ хүн амны хаалтыг онцлон түүж хураагаад, гэртээ хариад угаадаг болов уу гэх нэгэн удаан ажаад харагдсангүй тул тэдэнтэй яриа өрнүүлэхээр шийдэв.

“ХЭН ТЭГЖ ӨВЧИН ТУСАХЫГ ХҮСЭХ ЮМ. ТЭРНИЙ ОРОНД ОЁОД ЗАРВАЛ АМАР БАЙЛГҮЙ”
Хамгийн эхлээд овоолоостой төмрийн хогны дэргэд шуудайныхаа амыг зэс утсаар боож буй хичээл насны эртэй мэндэллээ.
-Үүгээр хэрэглэсэн амны хаалтын хог хэр ирж буудаг вэ?
-Их шүү дээ. Зөндөө л байж харагддаг.
-Амны хаалт түүдэг хүн байгаа юу?
-Үгүй, тэрийг түүж яах билээ.
-Угааж, индүүдээд худалддаг гэх юм билээ?
-Тийм баларсан юм хийх хүн байхгүй. Өдөрт 50 мянган төгрөг олчихдог хүмүүст тэгэх ямар ч хэрэгцээ байхгүй.
-Та голдуу ямар хаягдал түүдэг юм бэ?
-Би төмрийн үлдэгдэл, түүхий эд. Арай өндөр үнэ хүрдэг.
-Өдөрт дунджаар хэдэн төгрөг олдог вэ?
-Янз янз. Хамгийн багадаа 30 мянга. Сайн байвал 70-80 мянган төгрөг ч олно. Дунжаар 50 мянга дээр л бууна.

Тэр шуудайгаа үүрээд яваад өглөө. Тэгүүт хавь ойроо ажиглаад түнтийсэн гурван шуудайг зэрэг үүрээд алхаж яваа эмэгтэйтэй яриа өдөв.
-Сайн байна уу, та?
-Сайн. Яасан, юм тарааж өгөх гэж байгаа юм уу?
-Үгүй ээ. Юм сураглаж явна. Энд хэрэглэсэн амны хаалт түүгээд, угааж цэвэрлээд зардаг хүмүүс бий гэх юм?
-Юу яриад байгаа юм. Хэн тэгж өвчин тусахыг хүсэх юм. Тэр чинь тусгай хог хаягдалдаа ордог. Булж, эсвэл шатаах ёстой.
Хажуугаар дүүрэн хогтой хоёр ч машин зөрөхөд тэр шуудайнуудаа тавьчхаад араас нь гүйж одов. Ер тэд амрах завгүй, машинаас машины хооронд гүйн шуудайлцгаах аж. Согтуу, хөлчүү хүн нүдэнд туссангүй.

Түрүүнээс хойш тэр цаана таяг тулчхаад, нэлээд том шуудай дүүргэж зогссон өвөөг зугуухан наашлуут тосож очоод өнөө асуултаа тавилаа.
-Хаясан амны хаалтуудыг түүгээд, угааж цэвэрлээд зардаг хүн байгаа гэж сонслоо. Танд дуулсан зүйл байна уу?
-Үгүй ээ. Ямар сонин юм бэ. Манайхан дунд лав тэгж байгаа хүн байхгүй.
-Энд ирдэг хүмүүсийг та сайн таних байх, тийм үү?
-Тэгнэ, бүгдийг нь танина. Эд дунд амны хаалт түүдэг хүн ёстой байхгүй. Би л дуулаагүй. Тэрний оронд өөрсдөө оёод зарсан нь илүү амар байлгүй дээ.
Гурван хүнтэй зурвас хөөрөлдөхөд ингэж нэгэн адил хариулт авав. Тэд өөрсдөө ч амны хаалтаа сайн зүүжээ. Амны хаалтгүй хүн олж харах гэж хэсэг зогсоод, ирийж сарайсан төмрийн хогон дунд суусан хэдэн эр ам нүцгэн ундаа ууж байхыг ажлаа.

ЭРГЭЛЗЭЭ
Сүүлд нь ачааны машин бүрийг хаашаа очиж зогсохыг нь заах зохицуулагч бүсгүй дээр очсон юм. Бид хоёрын дунд ийм яриа өрнөв.
-Өдөрт дунджаар хэдэн машин ирж хог асгадаг вэ?
-Хоёр, гурван зуу гарах байх аа. Чи харж байгаа биз дээ, зогсоо зайгүй ирж, буцаж байгааг нь.
-Тийм байна. Хогон дунд хэрэглэсэн амны хаалт хэр ирдэг юм бол оо?
-Янз янз л даа. Барилгын хог ихэвчлэн бууна. Ахуйн хогийн машинаас бол мэр сэр бууж л харагддаг.
-Амны хаалт түүгээд, угааж индүүдээд зардаг хүмүүс бий гэж сонссон юм?
-Арай ч дээ. Эд чинь адилхан л үр, хүүхэдтэй хүмүүс. Бүгд хүн. Тийм увайгүй үйлдэл хийх хүн энд лав байхгүй. Эмэгтэй ингэж ширүүхэн хэлээд дараагийн машиныг урд толгод дээр зогс гэж зангав.

Иргэний мэдээлэлд “Цагаан даваа, Улаан чулуутын хогийн цэг дээр хүмүүс” гэж дурдсан талаар эхэнд өгүүлсэн. Ямартай ч Цагаан даваан дээр ирж сурвалжлахад байдал ийм байв. Ахуйн хог хаягдлууд нийслэлийн хэмжээний хэдэн том хогийн цэгүүд рүү ачигдахаасаа өмнө "шүүгддэг”. Өөрөөр хэлбэл байр, орон сууцны бункер, жижиг хогийн цэгүүд дээр ажиллаж, хуванцар сав тэргүүтэй хаягдлуудыг нь түүж авдаг хүмүүс бий. Хэрэв хэрэглэсэн амны хаалтыг түүж аваад, угааж сэргээн худалддаг хүмүүс бий гэвэл тэдний дундаас олдох магадлал нь логикийн хувьд илүү.
Үүнтэй холбоотой гомдол, дуудлага ирсэн эсэхийг лавлахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтэстэй холбогдоход, "Үгүй. Хуучин амны хаалтыг дахин худалдсан тухай гомдол, зөрчил одоогоор бүртгэгдээгүй байна” гэх хариуг өгсөн юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Заваарсан юм бэ,урж хаях хэрэгтэй юм биш үү
Бензиний үнэ нэмэгдэхэд таксичид, халтуурчид маш мэдрэмжтэйгээр үнээ дор нь өсгөж " артөмөнтэйгөө" нийлж байгаад хамаг бүгдийг харааж зүхдэг. Одоо үнээ буулгавал тэр хүн бүрээс нэхээд байдаг "шодоргос" маань бус уу?
Ийм элий балай юмаа сурвалжилга гэж битгий бич л дээ. Галзуу солиотой юм шиг