Нийгмийн

Шүдээрээ 28 тонн жинтэй автобус чирсэн Ц.Гантулгын дараагийн сорилт ОНГОЦ

Гиннесийн дээд амжилт шинэчлэх мөрөөдөлтэй, Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрж өссөн жирийн монгол залуу Ц.Гантулга өчигдөр шүдээрээ 28 тонн жинтэй, залгаа автобусыг 30 метр зайд чирсэн. Түүнийг үзүүлбэрээ үзүүлэхээс өмнө лайв үзэж байсан хүмүүс худлаа, чадахгүй хэмээх сөрөг сэтгэгдлүүдийг сошиал орчинд бичиж байв. Гадаа хэдийгээр салхитай, шороогоор шуурч байсан ч тэрбээр өөртөө, ард түмэндээ өгсөн хүндхэн амлалтаа хэд дахин давуулан биелүүлж, түмэн олны хайр хүндэтгэлийг хүлээж чадлаа. Анх харсан хэнд ч автобус чирэх дайны бяртай, аварга эр шиг харагдахгүй Ц.Гантулгын дараагийн сорилт нь онгоц гэв. Магадгүй автобус чирэхээс нь өмнө хүмүүс түүнд эргэлзэж болох ч, энэ удаа чадна хэмээх итгэлээр урам хайрлах хүмүүс цөөнгүй байлаа. Ц.Гантулга улс оронд хөл хорио тогтоосон энэ хэцүү цаг үед өөрийн чадах зүйлээр УОК-д туслах үүднээс үзүүлбэрийг нь үзсэн иргэдээс хандив цуглуулсан юм. Дансандаа цугларсан мөнгийг УОК-т хүлээлгэн өгөхөө хэлж байв.

28 ТОНН АВТОБУСЫГ 30 МЕТРИЙН ЗАЙД ЧИРЖ ГИННЕСИЙН ДЭЭД АМЖИЛТ ШИНЭЧЛЭВ

Хүндийн өргөлтийн төрлөөр хувиараа хичээллэж эхэлсэн хугацаа нь 2017 он бөгөөд түүнээс хойш амжилтаа ахиулсаар өнөөдрийн Ц.Гантулгыг бүтээж чаджээ. Хүчээл зүтгэл, бүхий л зүрх сэтгэлээ энэхүү эрсдэлтэй спортын төрлөөр сорьж, үүнээсээ аз жаргалыг мэдэрч буй залуу өчигдрийн үзүүлбэрээ тэнгэрт хальсан буурал эмээдээ зориулсан гэв.

ҮЗҮҮЛБЭРЭЭ ТЭНГЭРТ ХАЛЬСАН БУУРАЛ ЭМЭЭДЭЭ ЗОРИУЛЖЭЭ

Түүнийг энэхүү гайхалтай үзүүлбэрийг амжилттай хийж дуусганых нь дараа бид түүнтэй ийн ярилцав.

-Уншигчдад маань өөрийнхөө талаар танилцуулна уу?

-Намайг Цогнэмэхийн Гантулга гэдэг. Баянхонгор аймгийн Өлзийт суманд 1992 онд төрж өссөн. Сонирхол, хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн бяр тэнхээ шаардсан үзүүлбэр хийх дуртай.

-28 тонн жинтэй автобусыг чирсэн таниас өөр хүн бий юү?

Энэ үзүүлбэр дэлхийд №1. 28 тонныг дэлхийд чирсэн хүн байхгүй. Ингээд дэлхийн гурав дахь рекордтой боллоо. Миний Монголын төр намайг харна гэдэгтэй итгэлтэй байна.

-Манай зарим уншигч бүсгүйчүүд сонирхож байгаа болов уу, та гэр бүл зохиож амжив уу?

-Хараахан зохиож амжаагүй явна. Одоо аав, ээжтэйгээ хамт амьдардаг.

-Гэр бүлтэй болсны тань дараа гэргий нь одоо хийж буй энэ эрсдэлтэй зүйлсийг хийхэд дэмжихгүй байх вий хэмээн бодож байв уу?

-Яахав миний хийж буй энэ үзүүлбэр маш эрсдэлтэй л дээ. Магадгүй ирээдүйн гэргий маань намайг бэртэж гэмтэхээс л маш их эмээх болов уу.

-Бэртэл гэснээс та энэ хугацаанд биедээ ямар нэг бэртэл авч байв уу?

-Сонирхолтой нь би энэ хугацаанд биедээ ямар ч бэртэл авч байгаагүй. Ёстой нөгөө бурхан тэнгэр л намайг харж, талийгаач эмээ маань хүүгээ аюул ослоос хамгаалж байдаг болов уу.

-Хийж буй үзүүлбэрээсээ шантрах, бууж өгөх тохиолдол гарч байсан уу?

-Тийм зүйл гарч байгаагүй. Магадгүй нэг өдөр би хийж буй үзүүлбэрээ хийхээ болих л байх. Гэвч тэр өдөр маш удаан хугацааны дараа ирнэ гэж боддог.

-Та их сайхан шүдтэй юм. Нууц биш бол шүдээ хэрхэн арчилдаг вэ?

-Надад онцгой арчилгаа байдаггүй. Өглөө орой тогтмол шүдээ оогоор угааж, ааруул дэвтээсэн ус уух, цагаан идээгээ л сайн хэрэглэдэг дээ.

-Хэрэв энэ үзүүлбэрийн дараа танд шүдний ОО борлуулдаг газраас рекламд тоглуулах санал ирвэл та хүлээж авах уу?

-Би саналыг нь дуртай хүлээж авна. Ингэснээр залуус маань хорт зуршлаас хол байх, спортлог чийрэг байхын давуу талыг бага ч болов анзаарах болно.

-Та хорт зуршилтай юу?

Үгүй. Би архи согтууруулах ундаа хэрэглэж, тамхи татдаггүй

Ийнхүү та бүхэндээ түүний хичээллэж байх хугацаандаа гаргаж байсан амжилтуудаас заримыг нь танилцуулъя.

ЦАГААН ИДЭЭГЭЭ ИДЭЖ, ШҮДЭЭ ТОГТМОЛ УГААЖ АРЧИЛДАГ


ӨРГӨСӨН ЗҮЙЛС

  • 2015 он Хонин чулуу 150 кг
  • 2015 он иж планита 5 230 кг
  • 2016 он 280 кг гурил
  • 2017 он 181.9 кг чулуу
  • 2018 он 230 кг чулуу
  • 2019 он АСА чулуу 180 кг
  • 2020 он Хуцан чулуу 210-230 кг

ШҮДЭЭРЭЭ ӨРГӨЖ, ЧИРСЭН ЗҮЙЛС

  • 2017 он 1.8 тонн жинтэй микро, 80 метр
  • 2017 он 40 литр ус, 70 метр
  • 2017 он 15 тонн Автобусс, 5 метр
  • 2018 он Гурван ширхэг Ланд 200 автомаши, 5 метр
  • 2018 он 6 ширхэг Соната 6, 5 метр
  • 2018 он 70 литр Айраг
  • 2018 он 10 тонн шланз толгой, 6 метр
  • 2018 он 11 тонн Мексэр, 3 метр
  • 2019 он 5 ширхэг Ланд 200 13.5 тонн 7 метр
  • 2019 он 3 ширхэг Портер, 3 метр
  • 2019 он 45 Хүнтэй автобус, 2 метр
  • 2019 он 14 тонн Автобус, 24 метр
  • 2019 он 90 кг жинтэй чулуу өргөсөн
  • 2019 150 кг Мустанг 5 өргөсөн
  • 2019 он 100 кг Туухай өргөсөн
  • 2020 он 40 литр усаар 40 суулт
  • 2020 он 40 литр усаар 189 суулт
  • 2020 он 30 литр усаар 507 суулт
  • 2020 он 30 литр усаар 1000 суулт

Ташрамд сонордуулахад, Ц.Гантулга 2017 онд дуучин Б.Заяабаатарын Аавдаа хэмээх уран бүтээлийн клипэнд гол дүрийг нь бүтээж байжээ.

https://www.youtube.com/watch?v=801oE12L4WQ&feature=share&fbclid=IwAR2OCx-hr5tcaVo8gCQY-wCo_WDKnl1uI-B_D8wAuXPI1oAUiFc414Z-UO8

Урагшлах мөрөөдөлтэй, чийрэг монгол залуугийн дараагийн сорилт нь онгоц чирэх гэв. Тэрээр тус үзүүлбэрээ Гиннесийн дээд амжилтад бүртгүүлэх зорилготой бөгөөд авиа компаниудаас тусламж хүссэн юм. Онгоц чирсэн дээд амжилт 50 тонн байдаг аж. Тэгвэл Ц.Гантулга энэ амжилтыг эвдэж чадах болов уу.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Амжилт
Амжилт
2020-04-25 13:14

Мундаг з�##�уу бна.

Холбоотой мэдээ

Back to top button