СПОРТ

ДЭЛГЭРЭНГҮЙ: ДАШТ-д өнөөдөр өрсөлдөх Монголын дөрвөн бөхийн СУГАЛАА ГАРЛАА

“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөл өнөөдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 72 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болно. Маргааш Монголын дөрвөн бөх зодоглох хуваарьтай. Тэд жиндээ хэн, хэнтэй өрсөлдөхөөр сугалаа татсаныг сонирхуулъя.

50 кг: Ц.Намуунцэцэг

Эмэгтэйчүүдийн 50 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг барилдана.

Тэрбээр тэгшитгэлд хоёр жилийн өмнө “Монголиа опен”-д үзүүрлэж, өмнөх жил нь хүрэл медаль хүртэж байсан, ОХУ-ын Екатерина Полешуктай оноолт таарлаа. Түүнийг ялбал Болгарын Миглена Селишка, Шведийн Фредрика Петерссон нарын ялсантай хүч үзнэ.

Энэ жинд 30 бөх барилдана. Ц.Намуунцэцэгийн хэсэгт олимпийн наадмын хошой мөнгө, нэг хүрэл медальт, ДАШТ-ий иж бүрэн меальтай, Азербайжаны Мария Стадник, “Рио-2016” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, БНХАУ-ын Сун Янань, Японыг төлөөлж очсон, Азийн хошой аварга Японы Юки Ириэ, 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт БНАСАУ-ын Ким Сон Хан нарын шилдгүүд багтжээ.

53 кг: Э.Сумъяа

53 кг-д “Будапешт-2014” ДАШТ-ий мөнгө, “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяа барилдана.

 Тэрбээр эхний тойрогт Камеруны Эмилиенне Эссомбетэй хүч сорино. Түүнийг ялбал 1/8 шигшээд Европын АШТ-ий хошой мөнгөн медальт Грекийн Мариа Преволараки, Нидерландын Жессика Бласка нарын ялсантай өрсөлдөнө.

Э.Сумъяагийн хэсэгт дэлхийн хошой аварга Японы Майю Мүкаида, “Рио-2016” олимпийн хүрэл, ДАШТ-ий нэг алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медальт Шведийн София Маттссон, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт АНУ-ын Сара Хильдбрандт, Европын хошой аварга ОХУ-ын Стальвира Оршуш нар багтжээ.

55 кг: Б.Болортуяа

55 кг-д 23 хүртэлх насны Азийн АШТ, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гран при”-гийн хүрэл медальт, ДАШТ-д анх удаа зодоглох гэж буй “Женко” клубийн тамирчин ОУХМ Б.Болортуяа барилдана.

Тэрбээр 1/8 шигшээд Энэтхэгийн Лалитатай оноолт таарлаа. Түүнийг ялбал АНУ-ын Жакарра Винчестертэй шөвгийн наймд барилдах магадлалтай.

72 кг: Б.Оюунсүрэн

72 кг-д “Стамбул-2011” ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гран при”-гийн хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин ОУХМ Б.Оюунсүрэн зодоглоно.

Найман жилийн дараа дэлхийн дэвжээнд дахин зодоглох тэрбээр 1/8 шигшээд Азийн хошой аварга БНХАУ-ын Палиха Палихатай учраа таарав. Түүнийг ялбал шөвгийн наймд БНСУ-ын Ким Сёо Йонтой хүч үзнэ.

ДАШТ -д оролцож буй Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг ЭНД дарж сонирхоно уу.

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button