Навальныйн төрсөн өдрөөр жагсаал хийсэн 100 гаруй хүнийг баривчилжээ

Ням гарагт (2023.06.05) ОХУ-ын сөрөг хүчний зүтгэлтэн Алексей Навальныйн дэмжигчид түүний 47 насны төрсөн өдрийг тохиолдуулан жагсаал хийсэн байна. Жагсаалыг тус улсын цагдаагийн алба таслан зогсоож 100 гаруй хүнийг баривчилжээ.
"OVD-Info" нэртэй жагсаал цуглааны талаар мэдээлдэг сайт ням гарагт (2023.06.04) Москвагийн цагаар 22:42 минутын байдлаар 23 хотод 109 хүн баривчлагдсан гэж мэдээлсэн байна. Навальный залилан мэхлэх, шүүхийг үл хүндэтгэх гэсэн хэргүүдээр 11 жил 6 сарын хорих ял сонссон байгаа билээ. Тэрбээр өөрийнх нь дуу хоолойг дарахын тулд шүүхээс гүтгэж ял өгсөн гэж хэлсэн юм.
ОХУ-ын шүүх түүний эсрэг шинэ хэрэг үүсгэн өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт (2023.05.31) сонсгол хийсэн. Тэрбээр өөрийнх нь эсрэг шинээр үүсгэсэн тус хэргийг ямар ч утга учиргүй зүйл хэмээсэн юм. Түүнд нацизмыг эргэн сэргээх, хэт даврагч бүлгэм үүсгэсэн, олон нийтэд экстремист үзэл сурталчлах, иргэдийг хууль зөрчихийг уриалах, экстремист үйл ажиллагааг санхүүжүүлсэн, хүүхдийн амь насанд аюул учруулах үйлдэлд хүүхдийг татан оролцуулсан гэх зургаан шалтгаанаар хэрэг үүсгэсэн байна. Хэрвээ Навальный эдгээр зургаан хэрэгт гэм буруутай нь тогтоогдвол 30 гаруй жил хоригдох ял сонсож магадгүй.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.