Нийгэм мэдээ

Монголд анх удаа судалгааны их сургууль байгуулахаар боллоо

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Их, дээд сургуулиудын дундын удирдах зөвлөлийн ажлын алба, сургуулийн удирдлагуудтай өчигдөр буюу нэгдүгээр сарын 22-нд уулзаж, 2023 онд батлагдсан Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, судалгааны их сургууль байгуулах нөөц бололцооны талаар хийгдсэн судалгааны урьдчилсан үр дүнтэй танилцжээ.

Тодруулбал, өнгөрсөн онд байгуулагдсан Их сургуулиудын дундын удирдах зөвлөл дөрвөн бүлэг 27 шалгуурын хүрээнд судалгаа хийхэд улсын хэмжээнд их сургуулиудад 2800 гаруй судлаач байгаа бөгөөд олон улсын хэмжээнд 1637 өгүүлэл нийтлүүлж, 25 патентыг эзэмшдэг гэсэн үр дүн гарсан байна.

Энэ нь олон улстай харьцуулахад чамлахаар үзүүлэлт тул цаашид санхүүжилтийн болон эрх зүйн орчны хувьд дэмжлэг үзүүлэх байдлаар судалгааны их сургуулийн суурийг бэхжүүлэх шаардлагатай байгааг онцолжээ.

Мөн энэ үеэр судалгааны их сургууль байгуулсан тохиолдолд дундын удирдах зөвлөлтэй байх, ахисан түвшний сургууль байгуулах, хамгаалуулах зөвлөлийн үйл ажиллагааг уялдуулах талаар салбарын сайдтай санал солилцсон байна.

Монгол улсын дээд боловсролын сургалтын байгууллагуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын эрэмбийг ахиулах цаашид судалгааны их сургуулийн суурийг тавьж, бэхжүүлэхийн тулд төрийн өмчийн 6 их сургуулийн хамтын ажиллагааг 2021 онд эхлүүлсэн. Энэ хүрээнд харилцан кредит тооцох, дундын лаборатори ашиглах, хөтөлбөрийн давхардлыг арилгахаас эхлээд 37 арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 2023 онд их сургуулиудын дундын удирдах зөвлөлийг байгуулж, хамтын ажиллагааны нэгдсэн стратегийг тодорхойлон ажиллаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button