Монгол төрийн үйлс мандан бадрахын бэлгэдэл болсон есөн хөлт цагаан тугийг цэнгүүллээ

Төрийн ёслол хүндэтгэлийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслол төв талбайд болж байна.
Үндэсний их баяр наадмын өмнө төрийн есөн хөлт цагаан тугийг МУ-ын ерөнхийлөгчөөр зарлигаар нар зөв тойруулж цэнгүүлэх ёслол хийдэг уламжлалтай. Ингэхдээ есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордноос Д.Сүхбаатарын талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолж, төрийн тусгай хамгаалалтынхан жагсаж, зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжим хүндэтгэлийн ая эгшиглүүлдэг.

Есөн хөлт цагаан туг бол Монгол төрийн сүр хүч, тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэдэл бөгөөд ардчилсан хувьсгалын дараа 1992 онд Цагаан тугийг шинээр бүтээн бүтээж, төр улсын энх мөнх оршихын бэлгэдэл болгон залжээ.
Онцолбол, 1992 онд баталсан шинэ Үндсэн хуулиар “Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн” гэж тунхаглан зарласан бөгөөд Төрийн бэлгэ, тэмдгийн тухай хуульд нарийвчлан заасны дагуу манай улсын бүх аймгийн адуун сүргээс шилж сонгосон мянган цагаан зүсмийн азарганы 80 см-ээс доошгүй урттай дэл сүүлээр үйлдсэн. Мөн бүх аймгийн хөрсний дээжийг байрлуулан цутгасан хүрээ мандал хэлбэртэй суурь дээр залан Төрийн ордонд байрлуулсан бөгөөд газарт хүргэхийг цээрлэдэг. Есөн хөлт Их цагаан тугийн оройн гурван сэрээг гангаар хийж галын дөл өөдөө гэдгийг бэлгэдэн хорин нэгэн ширмэл дөл бадрааж, хоёр талд нь ган дөрвөн цагариг унжуулжээ. Тэдгээр цагариг бат бэхийг бэлгэднэ.
Харин сүлдэнд их цагаан өргөөг дуурайлган бүрхүүл хийж цагаан хялгасаар торлон гэрийн ханыг төлөөлүүлсэн. Их цагаан туг гол сүлд, түүнийг тойрсон найман элч бага сүлднээс бүрддэг билээ. Монгол Улсын төрийн үйлс мандан бадрахын бүх бэлгэдлийг ийнхүү есөн хөлт Их цагаан туг сүлдэнд шингээсэн байдаг.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.