Санаачилсан гишүүдийнх нь оролцоо, манлайлал дутмаг, Х.Нямбаатарыг "байцаах" Х.Нямбаатаргүй сонсгол
Өнгөрсөн хоёр хоногт нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилтийн талаарх УИХ-ын Ерөнхий хяналтын сонсгол боллоо. Х.Нямбаатарыг хотын даргын суудлаас нөөцийн махаар "бугуйлдаж" буулгаснаас сарын дараа, түүний нийслэлийг удирдаж байсан үеийнх нь төсвийг нэгжихээр сонсгол товлосон тул иргэд, олон нийт өндөр хүлээлттэй байв. Гэвч үзэж сонссон иргэд ч, сонсголд оролцохоор ирсэн хүмүүс ч гонсгор хоцорлоо.
Монголчууд, тэр дундаа нийслэлчүүд сонсголын багагүй туршлагатай. Ногоон автобусны хэргийн нүүрсний, Оюутолгойн нотлох баримт судлан шинжлэх гэхчилэн олон сонсголын ард гарч байв. Галтай, мэтгэлцээнтэй, дуулиан шуугиантай эдгээр сонсголын хажууд нийслэлийн төсвийн сонсгол үнэндээ дутуу дулимаг боллоо.
Сонсгол гэхээс илүү танилцуулга аятай, хүчээр хоёр өдөр болгон сунгаад татчихсан мэт унтаа байдалтай, халуц өрнөлгүй үргэлжиллээ. Хамгийн чухал асуудал болох Туулын хурдны зам, Сэлбэ дэд төв төслийн төсвийн зарцуулалт, хэрэгжилтийг хянах хоёр дахь өдрийн сонсгол ирц бүрдэхгүй товлосон цагаасаа хоёр цагаар, эхний өдөр цаг гаруй хоцорч эхэлсэн нь үүнийг илтгэнэ. Ингээд сонсголын эргэн тойрон дахь өрнөлийг нэгтгэн хүргэе.
Нэг. "гол дүр" Х.Нямбаатар байсангүй
Ерөөс үзэгч, сонсогчдын хүлээлтийг хамгийн унагаж, сонсголын уур амьсгалыг амьгүй болгосон зүйл нь хотын дарга асан Х.Нямбаатар ирээгүй явдал байв. Анх сонсголын зар түгээхдээ ч түүний булхайг баруун солгойгүй дэлгэж, зарцуулсан төсвийг нь нэгд нэггүй нэгжих юм байна гэдэг ойлголт олон нийтэд өгчихсөн. Гэвч экс хотын дарга ирээгүй нь сонсголыг эзэн биегүй, хаяг шошгогүй болгочихож байгаа юм.
Х.Нямбаатар 2023 оны аравдугаар сарын 12-нд хотын даргаар томилогдож, өнгөрсөн тавдугаар сард чөлөөлөгдсөн. Тэрбээр энэхүү 2.7 жилийн хугацаанд Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар, Н.Учралын тэргүүлсэн гурван ч Засгийн газрын нүүр үзсэн. Болж өнгөрсөн сонсголын "нийслэлийн 2024-2026 оны төсвийн" гэх огноог харсан ч, хэлэлцэх мега төслүүдийг харсан ч түүнээс салгаж харах боломжгүй юм. Гэхдээ тэр оролцсонгүй.
Сонсголыг санаачлагч, даргалагч Ж.Золжаргал энэ талаар "Хотын өмнөх удирдлагыг сонсголд урьсан ч ирээгүй. Гэхдээ хуулиараа ажлаа өгчихсөн хүн Ерөнхий хяналтын сонсголд заавал ирэх үүрэггүй юм байна. Хэрэв хянан шалгах түр хорооны сонсгол байсан бол ирэх ёстой юм байна. Гэхдээ тэр хэмжээний том хот удирдаж байсан хүн ёс зүйн хувьд ирэх ёстой. Хүмүүс хүлээж байгаа" гэх танин мэдэхүйн хариулт өгсөн юм. Угтаа ажил санаачлаад явж байгаа бол хууль зүйн үндэслэлийг нь аль эрт судалчихсан баймаар.
Хоёр. Засгийн газар, нийслэлийн оролцоо дутав
Засгийн газар, нийслэлийн Засаг дарга хоёр бол харилцаа уялдаа бүхий байгууллага. Хотын даргыг Ерөнхий сайд томилж, чөлөөлдөг. Хоёул гүйцэтгэх засаглалын үүрэгтэйгээр онцлог. Энгийнхээр хэлбэл, улсын хэмжээнд УИХ хууль тогтоож, Загсийн газар хэрэгжүүлдэг. Харин нийслэлд НИТХ, НЗДТГ дээрх зарчмаар ажиллана.
Сангийн яамны танилцуулгаас: Улаанбаатар хотын төсвийн алдагдал сүүлийн жилүүдэд нэмэгдэж, нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж байна. Тодруулбал, нийслэлийн төсвийн алдагдал 2024 оноос огцом өсөж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдалд эзлэх хувь 2024 онд 29.5 хувь, 2025 онд 68.1 хувь болсон. 2026 оны төлөвлөгөөгөөр алдагдал -2.4 их наяд төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн алдагдлын 232.8 хувьтай тэнцэж байна.
Тэгэхээр нийслэлийн төсвийн асуудлаарх сонсголд Засгийн газар зайлшгүй оролцох үүрэгтэй. Бондоос эхлээд Засгийн газрын баталгаагаар хөдөлнө. Харин хоёр өдөр үргэлжилсэн сонсголд сайд нар таг хөндлөнгийн хүн мэт хандав. Эхний өдөр Сангийн сайд З.Мэндсайхан, хоёр дахь өдөр ЗГХЭГ-ын дарга, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-очир нар танилцуулга хийснээс бусдаар сайд нарын оролцоо байсангүй. Сайд нар ихэвчлэн газар, хэлтэс, агентлагийн дарга нараа явуулж, хойно нь сугарч хоцорсон харагдав.
Нөгөө талд нийслэлийн оролцоо хангалтгүй байв. Х.Нямбаатарын үед ажиллаж байсан хүмүүсээс Нийслэлийн Засаг даргын II орлогч асан А.Амартүвшин ирсэн ч асуултад хариулж сүйд болоогүй. Шинэдаргатаа бараа болж сууж байгаад явсан байдаг. Тэрбээр одоогийн хотын даргын агаарын бохирдол, ногоон хөгжлийн асуудал хариуцсан зохицуулагчаар томилоод буй.
Түүнчлэн сонсголын хэрэгтэй ч юм шиг, хэрэггүй ч юм шиг дүр хотын дарга Б.Пүрэвдагва байв. Хуулиараа яг одоо тухайн албан тушаалыг эрхэлж байгаа тул Ерөнхий сонсголд оролцож, нийслэлийн төсөв төлөвлөгөөгөө танилцуулах нь зүй. Гэхдээ Х.Нямбаатар гэдэг хүний автортай хэдэн төсөл барьчихсан, түүний үеийн тоотой зогсож буй. Мөн л танилцуулга хийж, тоотой хэдэн асуултад хариулаад танхимыг орхисон.
Ямартаа ч түүний үгнээс 16 мега төслүүдээ эрэмбэлчихсэн, хууль хяналтын байгууллагаас шалгаж дуусахаар эхнээс үргэлжлүүлээд явах юм байна гэдэг нь уншигдаж буй. Тэгэхээр үр дүнгээр маруухан энэ сонсгол түүний хувьд мега төслүүдийн авторыг Х.Нямбаатараас салгаж өөртөө наах ач холбогдолтой өрнөл ч байж мэднэ.
Хотын даргын танилцуулгаас: Нийслэлийн төсөвт 25 нэр төрлийн орлого төвлөрч байгаагаас 17 нэр төрлийн татварын орлого, найман нэр төрлийн татварын бусад татвар эзэлж байна. 2022 оны төсвийн жилээс эхлэн ААНОАТ-ын 40 хувийг нийслэлийн төсвийн тодорхойлолтоор хуульчилсантай холбоотойгоор Нийслэл, дүүргийн төсвийн орлогод томоохон өөрчлөлт орсон. 2024-2026 онд хийсэн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг авч үзвэл, 2024 оны гүйцэтгэл 1 их наяд 811,4 тэрбум төгрөг байсан бол 2026 онд 4 их наяд 657.2 тэрбум төгрөгт хүрэхээр төлөвлөгдсөн нь үнэт цаасны хөрөнгө оруулалтын томоохон төсөл арга хэмжээ, мега төсөв нэмэгдсэнтэй холбоотой байгааг тодотгов.
Гурав. Сонсгол зохион байгуулахаар санаачилсан гишүүд нь хуралдаа ирдэггүй
Хуулийн дагуу 15-аас дээш гишүүн гарын үсэг зурсан тохиолдолд чуулганаар хэлэлцэхгүйгээр УИХ-ын Тамгын газар сонсгол зохион байгуулна. Энэ дагуу 25 гишүүн гарын үсэг зурснаар уг сонсголыг Төсвийн байнгын хорооноос зохион байгуулсан.
Гэхдээ Ж.Золжаргалын санаачилгад нэгдэж гарын үсгээ зурсан гишүүдийн оролцоо дутмаг, Ажлын хэсэг ахалсан Д.Энхтүвшин гишүүний идэвх бага байгаа нь шууд дамжуулалтын турш анзаарагдана.
09:00 цагт товлосон хурал хоёр цагаар хоцорч эхэлнэ гэдэг нь өөрөө хариулт. Энэ нь оролцогч иргэд, ААН-ийн төлөөлөл ирэхгүй байгаа асуудал биш. Төсвийн байнгын хороонд бүртгэлтэй гишүүд ирцэндээ орохгүй, хурал эхлэх ирц бүрдэхгүй байгаа тухай асуудал юм
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Сонсгол зохион байгуулахаар гарын үсэг гишүүдийн 7,8 нь л сууж байна. Асуулт асууж, хариулт авахгүй юм бол яах гэж сонсголыг зохион байгуулсан юм бэ" гэж асуусан. Үүнийг ганц тэр ч хөндсөн зүйл биш.
Сонсголд оролцохоор ирсэн иргэд гишүүдийг сонсголд суухгүй, өөрийнхөө асуултад хагас дутуу хариулт авчихаад танхим орхиж яваад, хүмүүст хүндэтгэлгүй хандаж байгааг хэдэнтээ дурдсан. Тухайлбал,
Иргэн Б.Мөнхсайхан: Үе үеийн сонсгол гэдэг бол сонсож байгаад гол гаргана гэдэг шиг явж ирсэн. Та нар сонс бид сайхан гол гаргалаа гэдэг шиг л байдаг. УИХ-ын гишүүд энд байгаа хүмүүсийг, Монголын ард түмнийг хүндлэхгүй байна. Өглөө хоёр цаг хоцорчихоод, орж ирж танилцуулга хийсэн болоод гараад явчих юм. Шинэ хотын дарга Б.Пүрэвдагвад хандаж үг хэлэх гэсэн бас гараад явсан байна.
Нийслэлийн төсвийн сонсголд УИХ-ын гишүүдээс гадна ажиглагчаар оролцохоор иргэн, төрийн болон төрийн бус төрийн байгууллагын төлөөлөл, иргэдийн төлөөлөл нийт 100 орчим хүн оролцсон.
Дөрөв. Үр дүн
Сонсголын үр дүнг яг маргааш нь хэмжихэд бэрх. Гэхдээ үйл явц, өрнөлөөсөө ч тэр сонсгол унтаа болж өнгөрсөн. Ялангуяа, Туулын хурдны зам, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалттай холбоото өрнөсөн хоёр дахь өдрийн сонсголын тухайд Аудитын ерөнхий газраас эхлээд, ажил хариуцсан хүмүүс ч "хууль хяналтын байгаа тул ..." гэдэшг тодотголоор тоймтой хэдэн тооноос өөр хариулт өгөөгүй.
Даргалагч Ж.Золжаргалын хэлснээр тэнд цуглаж, асуудлыг сонсож, дэнсэлсэн нь л үр дүн болов бололтой. Ажлын хэсгээс сонсголын дүн, шинжээчдийн дүгнэлт болон оролцогчдын гаргасан саналд үндэслэн тайлан, санал, дүгнэлт боловсруулан Төсвийн байнгын хороонд танилцуулна. Хэрэв байнгын хорооны тогтоолын төсөл гарвал, УИХ-аар хэлэлцүүлэх юм.
Тав. Хөндөгдсөн асуудал
- НИТХ-ын хурлын бүрэн эрх, чадамжийн асуудал
- 2022 онд батлагдсан Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай эргэх харах ёстой эсэх
- Нийслэл төсвөө бүрдүүлж, бондоо босгон бүтээн байгуулалт хийх нь улсын төсөвт ачаалал нэмсэн зүйл үү, хотын бие даасан байдлыг хангасан хөгжлийн шийдэл үү гэдэг асуудал хөндөгдөв.
Өмнөх линк:
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нямбаатар сдаг алах хэрэгтэй.Туулын хурдны замыг үхэж байж зогсоно гээд хуцаад байсан. Одоо үхэх ёстой.
Хайран төсөвийн мөнгө