Г.Дамдинням өөрийнхөө хийсэн ажлыг магтаж, Л.Мөнхбаясгалан түүнийг шүүмжлэв
Шатахууны хомсдол эргэн ирж, иргэд ШТС-ын гадна хонон өнжин авч буй. Гэтэл салбар яамны зүгээс нийлүүлэлт хэвийн байгаа, иргэдийг шатахууны хэрэглээгээ тодорхой хэмжээнд бууруулахыг уриалж байна гэв.
Үүнд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан дараах байр суурийг илэрхийлсэн.
Тухайлбал, "Ингэж ард түмнээ шатахуунд хонон өнжин дугаарлуулж, үнэтэйг нь шахаж өдий удсаныхаа төлөө Дамдинням байтугай, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ зайлах хэрэгтэй…. Биднийг эхлээд шатахууны хомсолд дасгасан. Одоо ямар ч үнээр хамаагүй шатахуун олдож л байвал боллоо гэсэн сэтгэхүйд дасгаж байна. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт пуужиндаж иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ. Засгийн газрыг огцруулах бичгээ өргөн барь гэж намынхаа даргад шаардлага хүргүүлье маргааш" гэжээ.
Тус байр суурьт Г.Дамдинням ийн хариу барив.
"Арай ч ингэж "үнэтэйг нь шахаж байна" гэж гүтгэж болохгүй л дээ. Л.Мөнхбаясгалан гишүүн Та манай яамныхантай цуг импортлогч компаниудын агуулахад очиж, хил, гаалийн тоон мэдээг тулган үзэж хамтран ажиллахыг урьж байна. Аж ахуйн нэгжүүд орж ирсэн болгоныг түргэн шуурхай түгээж байна. Түгээгч, жолооч, хил, гааль, тээврийн цагдаа, төр, хувийн хэвшил гар нийлээд ажиллаж байна. Эргэн тойронд дайн дажинтай.
100 хувь бусдаас импортолдог Монгол улсад хүссэний хэрээр шатахуун олдохгүй байгаа нь үнэн. Шатахуун бол зөвхөн ихийг олж ирэх тухай өрөөсгөл асуудал биш юм. Импорт, олон эх үүсвэр, нөөцлөх хүчин чадал, газрын тосны үйлдвэр, хайгуул гэсэн иж бүрэн бодлого, шийдэл билээ.
- Гучаад жилийн хоосон яриаг дуусгаж, нөөцийн савны хүчин чадлыг нэмж байна
- Олон эх үүсвэрээс импортолж эхэллээ
- Газрын тосны үйлдвэрийн хөрөнгө санхүүжилтийг гацаанаас гаргаж, ажил нь эрчээ авлаа.
- БНХАУ-ын хөрөнгө оруулагчтай үүссэн 10 гаруй жилийн маргааныг цэглэж, газрын тосны хайгуул, олборлолтоо эрчимжүүлж байна
- Газрын тосны тухай хуулийн шинэчлэн найруулгыг УИХ-д өргөн барихад бэлэн болголоо.
Яг одоо Япон улстай хамтран Монгол улсын стратегийн нөөц хадгалах савны хөрөнгө санхүүжилтийн талаар зарчмын тохиролцоонд хүрээд явж байна. Өөр улс орнуудад очиж ажиллана. Монгол улсаа шатахууны хэт хамаарлаас гаргахын төлөө хичээн ажиллаж байна. Үр дүн гарч байна. Улам илүү хичээнэ. Дэлхийн байдлыг бид өөрчлөхгүй боловч өөрөөсөө хамаарах бүхнийг хийх нь Та бидний үүрэг. Олон улсын нөхцөл байдлыг ойлгон, хүлээцтэй хандаж байгаа хүн бүрд талархал илэрхийлье. Монголчууд эвдрэлцэж бус эвлэлдэж, хүндийг даван туулж чадна гэдэгт итгэл төгс байна" гэжээ.
Үүнд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Г.Дамдинням сайд намайг импортлогч байгууллагуудаар явж шатахуун нөөцлөх сав байгаа эсэхийг шалгаж газар дээр нь очиж хамтарч ажиллана уу гэжээ. Ингэхэд би сайд юмуу, Г.Дамдинням та өөрөө сайд юм уу. Чаднаа л гэж энэ ажлыг авсан. Би бол УИХ ын гишүүн. Та бол гүйцэтгэх засаглалд ажиллаж буй сайд хүн. Засгийн газар УИХ-д ажлаа хариуцдаг, тангараг өргөдөг байгууллага. 7,8,9 саруудад өөрийг чинь, Засгийн газрыг хэр ажиллаж байгааг харж бас тэвчээртэй хүлээлээ. Өөр рүү чинь болон ЗГ-руу дайрч давшлаагүй. Харин одоо цөхөрч туйлдаж байгаа иргэдээ хараад тэвчээр дууслаа. УИХ, Засгийн газартай хариуцлага тооцож болдог. Энэ бол огцруулалт. Бас чиглэл өгч ажиллаж болно. Өнгөрсөн жил би Газрын тосны үйлдвэрийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа чиглэлээ өгчихсөн. Одоо шаардаж шахаж болохгүй бол огцруулах хүртэл ажиллана. Дахин хэлье Ажлаа хий… бүү худлаа ярь. Ам чинь зөрөөд байна, ажил чинь нойл бана. Чадахгүй бол ажлаа өг, гүйцээ... "хэмээсэн байна.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Женкогийн нохой шинэ Засгийн газар луу хуцаж эхэллээ.