Их Британи түргэн хоол хүүхдүүдэд сурталчлахыг хориглоно

Их Британид түргэн хоол сурталчилдаг байдлыг өөрчлөх гэж байна. Тус улсын засгийн газар нийгмийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор ийм алхам хийх гэж байгаа юм. Тодруулбал Их Британид 21:00 цагаас хойш хүүхэд үзэх тохиромжгүй контент телевизээр гаргахыг зөвшөөрдөг. Тэгвэл Их Британийн засгийн газар 2025 оны аравдугаар сараас эхлэн хүүхэд үзэхэд тохиромжгүй контентод түргэн хоолны сурталчилгааг нэвтрүүлэх гэж байна.
Телевизээс гадна цахим орчинд өөх тос, давс болон сахрын агууламж өндөртэй хүнсний сурталчилгааг хязгаарлах юм. Их Британийн Нийгмийн эрүүл мэндийн сайд Эндрю Гвинн мэдэгдэл хийхдээ мөрийтэй тоглоом, согтууруулах ундаа, бэлгэвч гэх мэт хүүхэд үзэхэд тохиромжгүй гэсэн сурталчилгааны контентод түргэн хоолыг нэмнэ гэжээ.
Гвинн нэмж хэлэхдээ энэ арга хэмжээ нь урьдчилан сэргийлэх боломжтой өвчний дарамтыг бууруулах зорилготой хэмээсэн юм. Тэрбээр “Урьдчилж сэргийлэх боломжтой өвчний дарамтын нэг бол хүүхдийн таргалалтын хямрал юм. Хүүхдүүдийг эрүүл бус амьдралын хэв маягт хүргэж, Үндэсний эрүүл мэндийн албанд илүүц дарамт учруулж байгаа” гэсэн байна.
Англид таван хүүхэд тутмын нэг нь бага сургуульд орохоосоо өмнө илүүдэл жин эсвэл таргалалттай болсон байдаг. Энэ тоо хүүхдүүд бага сургуулиа төгсөх үед гуравны нэг болж нэмэгддэг юм.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.