85 настай Дэлхийн аварга эх орондоо ирлээ

Польшийн Торун хотод хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 24-30-ны өдрүүдэд болж өнгөрсөн юм. Тэмцээнд Монгол Улсын баг тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, дөрвөн алт, дөрвөн мөнгөн медальтайгаар өнөөдөр/2019.04.02/ эх орондоо ирлээ. Амжилт гаргасан баг тамирчдыг үр хүүхэд хамаатан садан, дүү нар, нутгийн зон олон, Кёкүшүзан Д.Батбаяр болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл хүлээн авлаа.
Монгол Улсын тамирчдаас 85 настай Ц.Раднаа 400 метрийн зайд аваргын алтан медалыг хүртэж, дэлхийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон сайхан мэдээгээр ард түмнийхээ чихийг мялаасан юм. Япон, Герман, Их Британи, АНУ-ын тамирчдыг ардаа орхин аваргын алтан медалыг хүртсэн түүнээр бахарахгүй байхын аргагүй билээ. Түүний дараагийн амжилт 60 метрийн саадтай уралдаанд үргэлжилж, Итали, АНУ-ын тамирчдыг ялж алтан медалиа ихэрлүүлсэн. Тэмцээний сүүлийн өдөр уртын харайлтын төрөлд 6.80 метрийн амжилтыг үзүүлж, Польшийн тэнгэрт төрийнхөө дуулалыг гурвантаа эгшиглүүлсэн билээ.
Ахмад тамирчин Ц.Раднаа онгоцны буудалын хүлээлгийн танхимд цугларсан хүмүүсийн алга ташилтан дор энгэртээ гурван алтан медалиа гялалзуулан гараа далласаар гарч ирсэн юм. Тэрээр “Ард түмэндээ баярлалаа, намайг ингэж сайхан хүлээж авсанд сэтгэл их хөөрч байна. Би 30 гаруй жил хөнгөн атлетикийн спортоор хичээллэсэн. Мэргэжлийн биеийн тамирын багш хүн байгаа юм. Тэмцээнийнхээ бэлтгэлийг Улаанбаатар хотод хийсэн. Бэлтгэл сайхан болсны үндсэнд 88 орны 500 гаруй тив дэлхийн тамирчдтай уралдаж хүчээ сорилоо. Амжилт гаргасандаа баяртай байна. Эх орондоо баярлаж байна. Өмнөговь аймгийн нутгийн зон олондоо баярлалаа. Манай нутгийн хөнгөн атлетикийн спортын төрөлд улсдаа нэлээд дээгүүр байр эзэлж тив дэлхийд нэр алдраа цуурайтуулж яваа олон тамирчид бий. Би арван хүүхэд төрүүлж өсгөсөн бүгдээрээ эрүүл саруул сайхан өсч энх тунх сайхан амьдарч байна” хэмээн сэтгэгдлээ хуваацлаа.
Э.ОЮУН-ЭРДЭНЭ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.