Флорида хэрэглээний усанд фтор хийхээ зогсоох хоёр дахь муж боллоо

Флорида муж хэрэглээний усандаа фтор хийхийг зогсоох шийдвэр пүрэв гарагт /2025.05.15/ гаргажээ. Ингэснээр Флорида Юта мужийн дараа усандаа фтор хийхээ зогсоосон хоёр дахь муж болов. Тус мужийн амбан захирагч Рон Десантис фторыг хориглох тухай хуульд гарын үсэг зурсныхаа дараа “Усан хангамжид фторыг хүчээр нэмэх нь үндсэндээ хүмүүст эм албадан өгч байгаа хэрэг” гэжээ. Хориг долоодугаар сарын 1-нээс эхэлнэ.
Фтор нь ус, хөрс, агаарт байгалиасаа агуулагддаг эрдэс. Тус эрдэс шүд цоорох муудахаас сэргийлдэг нь батлагдсан тул улс орнууд олон жилийн турш ундны усанд нэмж ирсэн юм. Десантис цар тахлын үед маск зүүх тушаал гаргах, сургууль хаах, ковидийн вакцин хийлгэхийг шаардахыг эсэргүүцэж байсан.
Десантис “Зарим хүн өөрийг чинь чамаас илүү сайн мэддэг гэж боддог. Анагаахын боловсрол эзэмшсэн болохоор бид амьдралаа яаж амьдрах ёстойг шийдэх эрхтэй юм шиг байдаг. Ковидийн үеэр тэгсэн нь гамшиг болсон” гэжээ.
АНУ-ын Эрүүл мэндийн сайд Роберт Кеннеди ундны усанд фтор нэмэхийг эсэргүүцдэг. Фтортой ус хэрэглэх нь зарим хорт хавдар, хүүхдийн танин мэдэхүйн чадвар буурах зэрэг олон эрүүл мэндийн асуудалтай холбоотой гэж Кеннеди хэлж байжээ.
Америкийн Хавдрын нийгэмлэг фтор болон хавдрын холбоог судалсан тоймууд энэ хоёр зүйл холбоотой гэдгийг харуулсан хүчтэй нотолгоо байхгүйг харуулсан гэж сайт дээрээ бичсэн байна. Мөн Америкийн Шүдний эрүүл мэндийн холбоо фторыг ундны усанд нэмэхийг хориглохыг эрс эсэргүүцэж байгаа юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.