Хүүхдийн баяр: Тэдний дурсамж болон хүүхдийн эрхийг хамгаалахаар хийж буй ажлууд

УИХ-ын гишүүд хүүхдийн баяраа хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бэ. Тэд өдгөө хүүхдийн төлөө ямар ажил санаачилж, хийж хэрэгжүүлж байгаа вэ зэрэг асуултад хэн юу гэж хариулав.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Багадаа зургаадугаар сарын 1-ний өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг байв. Дурсамжаасаа хуваалцаач?
-Намайг бага байхад манай эмээ, өвөөгийнх 120 мянгатад амьдардаг байлаа. Зургаадугаар сарын 1-нд эмээ, өвөөгөө дагуулаад парк руу алхана. Очоод би 12 амьтны хөшөөн дундаас яг өөрийнхөө жил дээр очиж зургаа даруулдаг байсан. Бас тоглоомууд дээр нь тоглоно. Ийм л дурсамж байдаг даа. Тэр үед парк дээр даруулдаг байсан зургууд маань одоо надад он оноороо байдаг.
-Одоо хүүхдийнхээ баярыг яаж тэмдэглэж өгдөг вэ?
-Манай хүү бас надтай адил зургаадугаар сарын 1-нд маш их ач холбогдол өгдөг. Бид энэ өдөр хүүгээ бүх эмээ, өвөө дээр нь очиж уулзуулна. Өөрсдөө өдөржин хамт байж хүүхдийн баярыг гэр бүлийн баяр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
-УИХ-ын гишүүний хувьд хүүхэд рүү чиглэсэн ямар ажил хийхийг зорьж байгаа вэ. Төлөвлөсөн зүйл бий юу?
-Бид ганц өдөр баярлаад өнгөрөх биш мэдээж хүүхдийн эрхийг ярих ёстой. Амьдралын чанарын тухайд хүүхдүүд өнөөдөр маш эмзэг орчинд, хэцүү амьдарч байна. Хотын утаа, түгжрэл, агаар, хөрсний бохирдлоос эхлээд хүүхдүүд маань бидний өссөн цаг үеэс шал өөр орчин нөхцөлд амьдарч байна. Асуудал маш их байгаа. Эдгээрийг засаж сайжруулах нь бидний үүрэг. Бид цаашид хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр хийх зүйл маш их байгаа.
Манай хүү гэхэд одоо 13 нас хүрч байна. Өвлийн цагт Улаанбаатарт цэлмэг тэнгэр харж үзээгүй. Тиймээс би үүнийг л хамгийн түрүүнд өөрчлөхийн төлөө зорьж байна.
Тавдугаар сарын 30-нд болсон утааны сонсголын ар дээр Засгийн газарт чиглэл өгөх тогтоол батлуулахаар оруулсан. Үүн дээр ирэх гурван жил маш тодорхой зорилт тавиад Улаанбаатарыг утаанаас салгах шийдлүүдийг багтаасан. Бид ингэж л хүүхдүүддээ бэлэг барина. Бас жилд ганц болдог хүүхдийн баярыг гэр бүлээрэй тэмдэглэж хүүхдэдээ сайхан дурсамж, халуун дотно уур амьсгалыг мэдрүүлж байгаарай гэж эцэг, эхчүүддээ зөвлөмөөр байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:

-Багадаа зургаадугаар сарын 1-ний өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг байв. Дурсамжаасаа хуваалцаач?
-Байлгүй яах вэ. Би өөрөө тавдугаар сарын 30-нд төрсөн. Тиймээс миний хувьд тавдугаар сарын 30, 31, зургаадугаар сарын 1-н гэдэг бол тэр чигтэй баярын өдөр байсан. Би ээжтэйгээ, буурай ээжтэйгээ, эмээтэйгээ өссөн. Эмээ маань хамгийн амттай, шимтэй гэсэн юмнуудаа хадгалж байгаад надад төрсөн өдрөөр гаргаж өгдөг байсан. Тухайн үед амьдрал ахуй одоогийнх шиг элбэг, дэлбэг сайхан байгаагүй. Амттай зүйл гэдэг чинь маш ховор шүү дээ. Харин зургаадугаар сарын 1-нд ээжээсээ бэлэг горьдоно. Бас гадуур гарна. Хүүхдийн баяр дээр очиж янз бүрийн уралдаан тэмцээнд орж баярладаг байсан.
-Та хүүхэдтэй юу. Хүүхэдтэй бол баярыг нь хэрхэн тэмдэглэж өгдөг вэ?
-Би гурван хүүхэдтэй. Хүүхдүүд маань нэлээд том болсон. Одоо хүүхдийн баяраар парк дагуулж явдаг, мөхөөлдөс авч өгдөг үе ч өнгөрч байх шиг байна. Тиймээс миний хувьд урьдчилж ямар бэлэг авахыг нь асууж байгаад баярлуулдаг.
-Хүүхдийн баяр гэдэг бол баярлахаас илүүтэй хүүхдийн эрхийг сануулах чухал өдөр байдаг. Хууль зүйн салбарын сайдын хувьд хүүхдийн эрх талаас нь ямар ажлууд санаачилж, хийж байна?
-Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулахаар төлөвлөж байна. Энэ хуулийн гол зорилт нь хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэж буй. Гэр бүлийн харилцаанд хүүхдийн эрхийг өмнөхөөс нь бүх талаар нь сайжруулж оруулж ирж байгаа. Мөн насанд хүрээгүй этгээдийн хэргийг хянан шийдвэрлэх журмыг арай боловсронгуй болгож байна.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-Багадаа зургаадугаар сарын 1-ний өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг байв?
-Жаахан байхад зургаадугаар сарын 1-ны өдөр зөвхөн ээж бид хоёрын баяр юм шиг л байдаг байсан. Би айлын отгон хүүхэд. Тэгээд тэр юм уу ээж маань намайг дагуулж парк явдаг. Гоё бэлэг авч өгдөг байсан. Тэгж явсаар би өсвөр насанд хүрээд найзуудтайгаа уулздаг болсон. Бүгд гурван мянган төгрөгтэй уулзана. Эхлээд талбай орж зураг даруулна. Дараа нь нөгөө мөнгөөрөө бүгд жилдээ нэг удаа ресторан орж хоол иддэг байлаа.
-Одоо хүүхдийнхээ баярыг яаж тэмдэглэж өгдөг вэ?
-Манайх хүүхдийн баярыг тусгайлан тэмдэглэх гэхээс илүүтэй гэр бүлийн хүрээнд баярлаж өнгөрүүлдэг. Хүүхдүүд маань зарим нь бүр жаахан. Зарим нь бүр том. Манай бага хүүхдүүд одоо л баяр гэж юу юм. Утга учир нь юу юм гэдгийг ойлгож эхэлж байна. Мөн аавынх нь ажил онцлогтой болж байгаа учраас ер нь зургаадугаар сарын 1-н эвсэл гуравдугаар сарын 8-н гэдэг ч юм уу. Нэг өдрийн тухай боддоггүй болчихдог юм байна. Хэрхэн өдөр болгон хүүхдийн баяр, өдөр болгон эмэгтэйчүүдийн баяр байлгах тухай л боддог болсон.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

-Та багадаа зургаадугаар сарын 1-нийг яаж тэмдэглэдэг байсан бэ. Дурсамжаасаа хуваалцаач?
-Хүүхдийн баяраар парк орж тоглодог байсан. Парк орох гэдэг чинь хэдэн жилдээ нэг олддог боломж байлаа. Тиймээс парк орсон зарим жилүүд нь л дурсамж болж үлдсэн.
-Одоо хүүхдүүдийнхээ баярыг хэрхэн тэмдэглэж өгдөг вэ?
-Хүүхдүүдээсээ асууж байгаад бэлэг авч өгдөг. Одоо манай том хүү 18 хүрч байна. Тиймээс яаж баярламаар байгааг нь өөрөөс нь асууна. Бага охиноосоо бас яаж тэмдэглэмээр байгааг нь асууж байгаад хүслээр нь тэмдэглэж өгдөг.
-Эрүүл мэндийн салбарын сайдын хувьд хүүхэд рүү чиглэсэн ямар ажил хийж байгаа вэ?
-Сайдын хувиар хүүхэд, багачуудын эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулж, эрүүл ирээдүйг бий болгох нь манай улс эх орны хөгжилд хамгийн үнэтэй хувь нэмэр гэж үздэг. Хүүхдийг бага байхаас нь эрүүл мэндэд нь анхаарч эрүүл өсгөвөл эргээд манай салбарт ирж байгаа энэ их ачаалал буурна. Энэ утгаараа өнөөдрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд ирээдүй болсон хүүхдээсээ эхлэх ёстой. Тиймээс эрүүл ирээдүйг бий болгох агуулгаар маш олон ажил хийж байгаа.
Нэгдүгээрт нярайн эрт илрүүлэгийн тогтолцоог бий болгож байна. Эх амаржсаны дараа зургаан төрлийн өвчлөлийг заавал үздэг болгох ажлын санхүүжилтийг нь шийдвэрлэж, тушаалыг нь гаргасан. Хоёрдугаарт сургуульд орж буй хүүхдүүдийн эрт илрүүлгийн тогтолцоог би болгож байгаа. Өнгөрсөн жилийн хувьд зургаан настнуудад зүрх, нүд, шүдний үзлэг хийсэн. Ингэхдээ зөвхөн оношлоод зогсохгүй. Оношилж, шууд хяналтад аваад эрүүл мэндийн боловсрол олгох тогтолцоогоор ажилласан. Уг ажлын хүрээнд сумуудыг тогтмол хүүхдийн үзлэгийг хийх эмч, мэргэжилтэнтэй болгосон.
Дээрээс нь бид хүүхдийг эхийн хэвлийд ураг байхаас нь эхлээд анхаарал хандуулах ёстой гэдэг үүднээс жирэмсний хяналтын тогтолцоо нь дээр том өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Бид жирэмсэн ээж, ураг, эрүүл мэндийг нь үздэгээс биш ээжид нь яг эрүүл мэндийн ямар мэдлэг, боловсрол хэрэгтэй вэ гэдэгт анхаардаггүй байсан. Харин бүлгийн хяналтаар энэ мэдлэг, мэдээллийг олгодог тогтолцоо руу орж байна.
Мөн энэ жил нярайн тогтолцоонд хоёр шинэ технологийг нэвтрүүлсэн. Тархи хөргөөх эмчилгээ болон уушгины хүнд хэлбэрийн өвчлөлийг эмчилдэг технологийг нэвтрүүлж өнөөдрийн байдлаар амь нас нь эрсдэлтэй байсан 200 гаруй хүүхдэд эмчилгээ хийж, амь насыг нь авраад байна. Энэ мэтчилэн хүүхэд рүү чиглэсэн маш олон ажлууд явж байгаа. Цаашид ЕБС-ийн 1,4,12 дугаар ангид эрхтэн системийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Бидний гол зорилго эрүүл биетэй, саруул ухаантай хүүхдүүдийг бэлтгэх. Хэрэв ингэж чадвал улс орны хөгжлийн үндсэн тулгуур бат бөх байна гэдэг бодлогоор ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:

-Багадаа зургаадугаар сарын 1-ний өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бэ. Дурсамжаасаа хуваалцаач?
-Хүүхдийн баяраар гэр бүлээрэй хүүхдийн парк ордог байсан. Тоглоомууд дээр тоглож аав, ээж, дүү нартайгаа хамт цехийн зайрмаг авч идэх нь одоог хүртэл мартагдаагүй хамгийн гоё дурсамж минь болж үлдсэн.
Бас нэг маш тод санагддаг зүйл бол машинууд гэрлээ асааж замын хөдөлгөөнд оролцдог. Тэрийг би маш гоё соёл байж гэж боддог. Одоо зарим машинууд гэрлээ асаагаагүй харагддаг.
Хэдийгээр хэлбэр төдий зүйл шиг боловч хүүхдийн харааны түвшин автомашины гэрэлд шууд тусдаг учраас автомашин зорчиж байгаа үед зам гарахдаа анхааралтай гарах ёстой гэсэн сэдлийг төрүүлж өгдөг байсан юм болов уу гэж боддог.
-Хүүхдийн баярыг ер нь яаж тэмдэглэх нь зохистой гэж хардаг вэ?
-Хүүхдийн баярын нэр нь “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” шүү дээ. Зөвхөн чихэр, жимс өгөөд дуусгах ёстой баяр биш. Өнөөдөр Монгол Улсад хүүхдийн эрх бүрэн хамгаалагдаж чадаж байна уу, үгүй юу. Саяхан ХЭҮК-оос гаргасан тайлан дээр маш сэтгэл өвтгөм судалгаа, тоонууд гарсан. Гэр бүл хөдөлмөр, нийгэм хамгааллын яам цаашид эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийг яаж хамгаалах вэ гэдэг дээр анхаарч ажиллах ёстой.
Зүгээр нэг дуу хуур болоод арга хэмжээ зохиож бэлэг тараагаад дуусдаг хэлбэр төдий зүйл хийх биш. Бид бодитоор яаж хүүхдийн эрхийг хамгаалах юм. Гэр суурин газарт тоглох, амрах талбай, ногоон байгууламжтай газар байна уу. Хэдэн сургуульд нэг ангид 40-өөс бага хүүхэд сууж чадаж байна. Бид яг үр хүүхдүүдийнхээ боловсролд анхаарч чадаж байна уу гэдэг дээр анхаарч, бодитоор ажиллаж ёстой.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:

-Таны хувьд багадаа хүүхдийн баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бэ. Тод үлдсэн дурсамж байдаг уу?
-Зургаадугаар сарын 1-нд хөдөө байвал баяраа мартаад хонинд яваад өнгөрүүлнэ. Харин хотод байвал хүүхдийн талбай орно. Баяраар болдог жижиг тэмцээнүүдэд ороод нэг маруужин олоод идчихнэ. Тухайн үедээ тэр бол их л гоё санагддаг байсан. Маруужин олж иднэ. Амттан иднэ гэдэг нь тун ховор байлаа шүү дээ. Хүүхдийн бэлэг нь бас одоогийнх шиг олон зүйлгүй нэг удаа, печень хоёр л байдаг байсан. Арай том болоод ганцаараа хүүхдийн парк орж ээж, аавын өгсөн мөнгөөр ганц хоёр тоглоом дээр тоглож баяраа өнгөрүүлдэг болсон юм.
-Одоо хүүхдийнхээ баярыг яаж тэмдэглэж өгдөг вэ?
-Би гурван хүүхэдтэй. Хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг бодоод бага байхаас нь чихэр, боов бараг өгдөггүй байсан. Одоо ч гэр бүлээрэй чихэр, боовноос татгалздаг. Гэхдээ хүүхдийн баяраар нь жаахан чихэр өгнө. Бас дуртай нэг зүйлийг нь авч өгөхийг боддог. Мөн энэ өдөр бид заавал гэр бүлээрэй хоолонд орно. Үргэлжлээд бага хүүхдүүдээ дагуулаад парк орно. Том нь тусдаа найзуудтайгаа байхыг илүүд үздэг болчихсон.
-УИХ-ын гишүүний хувьд хүүхэд рүү чиглэсэн ямар ажил хийхийг зорьж байгаа вэ. Төлөвлөсөн зүйл бий юу?
-Би хүүхдүүдэд тэгш гараанаас гарах боломж олгохыг хүсдэг хүн. Өнөөдрийн нийгэмд хүүхдүүд төрөхөөсөө эхлээд зарим нь маш үнэтэй тусгай орчинд, зарим нь хүнд нөхцөлд ээжийн 50 мянга, хүүхдийн 100 мянган төгрөгөөр хүн болж байгаа. Тиймээс нэгдүгээрт хүүхдүүд сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд олон нийтийн газруудад ялгаварлах мэдрэмжийг битгий аваасай гэж боддог.
Хоёрдугаарт хүүхэд бүрд тэгш боловсрол олгох тал дээр маш их анхаарч ажиллахыг зорьж байгаа. Зарим хүүхдүүд нэгдүгээр ангиасаа англи хэл үзэж, хувийн сургуульд боловсрол эзэмшиж байхад орон нутагт зарим хичээлийнх нь багш ч олдохгүй байна. Мөн хүүхэд бүр шим тэжээлтэй хоол идэж байж сайн боловсрол эзэмшинэ. Тиймээс хооллолт дээр нь анхаарах ёстой. Хүүхдийн гэх бүхий л зүйлд анхаарч багаас нь бүгдэд тэгш байдлыг мэдрүүлж нийгэмд өширхөх сэтгэлгүй боловсон хүчнийг бэлтгэхэд миний бие гар бие оролцон ажиллах хүсэлтэй.Энэ чиглэлээр заавал томоохон ажлууд хийх зорилготой явдаг.
Э.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бамбарууш кафе орж сүүтэй будаа иддэг л бсн гэсэн
Хөгийн гишүүдээс асууж байхаар хамгийн сайн үлгэр дуурайл�##� болохуйц мундаг зохиолчдоос асуух байсан юм.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!