Нийгэм мэдээ

Хар тамхины хэргээр 208 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ

Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтэс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах” гэмт хэрэгт холбогдож буй хүний нас, хүйс, ял, шийтгэлийн байдлыг судалжээ. Энэ оны эхний 5 сарын байдлаар нийт 208 хүнийг тухайн гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.

Насны байдлаар нь авч үзвэл 79.8 хувь нь 18-35 насныхан бөгөөд 75.9 хувь нь эрэгтэйчүүд байна. Анхан шатны шүүхээс 76 шүүгдэгчид хорих ял оногдуулсан бол 31 шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд зааснаар, хориглосон мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгөх, авах нь 1-5 жил жил хүртэл хугацаагаар хорих ял, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл хүлээлгэдэг. Харин худалдаалах зорилгоор ийм бодисыг хууль бусаар олж авах, бэлтгэх, хадгалах, тээвэрлэх, худалдсан тохиолдолд 2-8  жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулна.

Эл гэмт хэргийг байнга, тогтвортой үйлдсэн болон улсын хилээр нэвтрүүлсэн тохиолдолд 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 12-20 жил хүртэл хугацаагаар, эсвэл бүх насаар нь хорих ял оноодог.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ хүний сэтгэл санааны тэнцвэр алдагдах, хэт сэрэмж алдах, хий юм харах зэрэг сэтгэцийн гаж үзэгдэл илэрч, улмаар өндрөөс үсрэх зэрэг өөр гэмт хэрэг үйлдэх эрсдэлтэй байдаг.

Мансууруулах бодис хэрэглэснээр зөвхөн өөрийнхөө бие, сэтгэл зүйд хор учруулахаас гадна ойр дотны хүмүүс, гэр бүл, найз нөхөд, цаашлаад нийгэм, монгол хүний удмын санд сөрөг нөлөө үзүүлнэ. Хэрэв та олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг үйлдэгдэж буй энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдлийн тухай мэдсэн бол өөрийгөө болон бусдыг хамгаалах үүднээс Цагдаагийн байгууллагад хандаж, холбогдох мэдээллийг өгч байхыг зөвлөж байна.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 26, 2025 16:36

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch and

Холбоотой мэдээ

Back to top button