Нийгэм мэдээ

Монголд визгүйгээр эрүүл мэндийн үзлэг хийсэн солонгосчуудыг албадан гаргалаа

Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр Монгол Улсад 90 хүртэл хоногийн хугацаагаар жуулчлах БНСУ-ын иргэдийг 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөлсөн.

Энэ нь зөвхөн жуулчлах, аялж амрах зориулалтаар олгож буй визийн хөнгөлөлттэй нөхцөл бөгөөд уг нөхцөлөөр визгүй зорчиж буй гадаадын иргэн нь хууль бусаар хөдөлмөр эрхлэх, эмчилгээ, оношилгоо, гоо сайхан, мэс ажилбар хийх зэргээр ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах нь хуулиар хориотой.

Сүүлийн үед БНСУ-ын иргэд Монгол Улсад визгүй зорчих нөхцөлийн дагуу визгүй орж ирээд төлбөртэй үзлэг, оношилгоо хийх, эрүүл мэндийн үйл ажиллагаа эрхлэх зэргээр хууль тогтоомж зөрчиж, зөрчлийн тоо нэмэгдэж байна. Тухайлбал энэ оны эхний таван сарын байдлаар БНСУ-ын 80 иргэн зөрчилд холбогдож, 15 иргэн албадан гаргагдсан байна.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д зааснаар гадаадын иргэн бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан бол Монгол Улсаас албадан гаргах үндэслэл болдог. Иймд Монгол Улсад аяллын зорилгоор зорчиж буй гадаадын иргэн, уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд аяллын визийг зорилгын дагуу ашиглах, мөн дээрх төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг давтан гаргахгүй байхыг зөвлөж байна.

Хэрэв жуулчлалаас өөр зорилгоор Монгол Улсад зорчих бол зорилгодоо нийцсэн ангиллын визээр нэвтрэх, хөдөлмөр эрхлэх тохиолдолд хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагаас хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авах, хуулиар ногдуулсан ажлын байрны төлбөр төлөх, мөн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх бол холбогдох эрүүл мэндийн байгууллагаас тусгай зөвшөөрөл авах шаардлагатайг анхаарна уу гэж Гадаадын Иргэн Харьяатын Газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 30, 2025 22:25

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Холбоотой мэдээ

Back to top button