СПОРТ

Азийн триатлоны холбооны Техникийн хороог Б.Цагаанбаатар удирдана

Азийн триатлоны холбоо /ASTC/-ны ерөнхийлөгчийн тушаалаар Б.Цагаанбаатарыг Техникийн хорооны дарга, ASTC-гийн Удирдах зөвлөлийн гишүүнээр дөрвөн жилийн хугацаатай томилжээ.

Азийн триатлоны холбооны конгресс зургаадугаар сарын 19-нд БНСУ-ын Гёнжүд хуралдаж, сонгууль явагдсан бөгөөд Монгол Улсын төлөөлөл Б.Цагаанбаатар тус холбооны Техникийн хорооны гишүүнээр /бүрэлдэхүүндээ 7 гишүүнтэй/ хоёр дахь удаагаа сонгогдсон байна. Техникийн хорооны гишүүдийн анхдугаар хурал 6-р сарын 22-нд Гёнжүд болж, Б.Цагаанбаатарыг тус хорооны даргаар томилуулах саналыг гаргаснаар ийнхүү тус хороог тэргүүлэхээр болов. Азийн триатлоны холбооны Техникийн хороо нь Ази тивд болох триатлон, дуатлон, акуатлоны тэмцээний явцад техникийн дүрмийг хэрэгжүүлж, тэмцээний хуваарийг баталж, шүүгчдийн томилгоог хариуцаж ажилладаг аж.

Б.Цагаанбаатар нь 2009 оноос триатлоны олон улсын шүүгч болж, 2012 онд олон улсын II зэрэг биелүүлсэн. 2013 оны ДАШТ /Лондон/, 2014, 2018 оны Азийн наадам, 2010, 2014 оны Азийн элсний спортын наадамд тус тус шүүгчээр ажилласан юм. Азийн цомын тэмцээнд 5 удаа ерөнхий шүүгчээр, 2 удаа ерөнхий шүүгчийн орлогчоор томилогдон ажилласан туршлагатай билээ. Тэрээр Монголын триатлоны холбоог 2004 онд үүсгэн байгуулж, ерөнхий нарийн бичгийн даргаар нь өнөөг хүртэл ажиллаж байна.

С.ХОНГОРЗУЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button