Нэг дороос | Эрүүгийн хуулийн 13.14-р заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ үзлээ
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн гомдлоор ҮХЦ маргаан үүсгэсэн. ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаанаар хэлэлцэж буй тухай мэдээллийг Eguur news агентлаг НЭГ ДОРООС хүргэж байна.
НЭМЭЛТ: 2025.11.25 /17.00 цаг/
Монгол Улсын иргэн, сэтгүүлч нарын нийт 10 хүн Эрүүгийн хуулийн 13.14 Худал мэдээлэл тараах гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2, 16.16, 16.17, 19.1, 70.1 заалтуудыг зөрчсөн гэх гомдлыг гаргасан.
Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар уг асуудлыг хоёр өдөр хэлэлцэн Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2, 16.16, 16.17, 70.1 заалтуудыг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргалаа.
Ингэснээр Эрүүгийн хуулийн уг зүйлийн үйлчлэл түр түдгэлзэж байна.
НЭМЭЛТ: 2025.11.25 /09.00 цаг/
-Эрүүгийн хуулийн 13.14 нь Үндсэн хууль зөрчсөн эсэх шийдвэрийг өнөөдөр танилцуулна-
Эрүүгийн хуулийн 13.14-т заасан худал мэдээлэл тараах зүйл нь Үндсэн хууль зөрчсөн эсэх гомдлыг ҮХЦ Дунд суудлын хуралдаанаараа өчигдөр хэлэлцлээ. Эл шийдвэрийг Үндсэн хуулийн цэц өнөөдөр /2025.11.25/ танилцуулна.
НЭМЭЛТ: 11.50 цаг
-Б.Энхбаяр: Х.Мандахбаярын хар гайгаар "илт худал мэдээлэл тараах" гэдэг заалт орж ирсэн-

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, "Хүний салшгүй дөрвөн эрхэд хязгаарлалт тавьдаггүй. 2023-2014 онд гүтгэх заалтыг Эрүүгийн гэмт хэргээс хасч, зөрчил рүү оруулаарай гэсэн лоббиг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчтэй хийж байсныг Э.Энэрэл сэтгүүлч хэллээ. Ингээд буцаагдсан. Дорлигжав сайд байхдаа буцаан өргөн барьснаар батлагдсан. 2018 оны 08.08-нд миний бие ХЗДХ-ийн Дэд сайд болоход батлагдсан Эрүүгийн хууль сарын дараа хэрэгжиж эхлэх гэж байна. Хуулийн үйлчлэлийг зургаан сараар хойшлуулах шаардлага үүссэн. Улмаар хойшлуулсан. Ингэж Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг боловсронгуй болгох ажлыг миний бие ахалсан.
Гүтгэх бол зөрчил биш гэдгийг ямар ч эрхзүйч хэлнэ.
Зөрчлийн хуулиар шийтгүүлсэн сэтгүүлчдийн тоо Эрүүгийн хуулиас шийтгүүлснээс даруй 4,5 дахин их. Зөрчлийн хуулиар шалгахдаа санаа, сэдлийг нь огт тогтоодоггүй. Тиймээс зөрчлийн хуульд байх нь буруу гэдэг нь нотлогдсон. Иргэн 2 сая, хуулийн этгээд 20 сая төгрөгөөр торгуулдаг. Гэтэл Эрүүгийн хуульд 540 мянган төгрөгөөр торгуулдаг буюу дөрөв дахин хямд.
БНХАУ гурав хүртэлх жилээр хорьдог. Монгол Улс 100-400 мянган төгрөгөөр торгодог. Хамгийн хөнгөн ялтай нь Монгол Улс.
ҮХЦ-д гоомдол гаргагчид "Эрүүгийн хуульд байх ёсгүй" гээд байна" хэмээлээ. Улстөрчдийг хувь хүнийх нь хувьд нэр төрд нь халдаад байж болохгүй. МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан Х.Мандахбаярын хар гайгаар "илт худал мэдээлэл тараах" гэдэг заалт орж ирсэн. Сэтгүүлчдээ хамгаалах нэрээр шоронд оруулсан, шалгуулах болсон. Тэрнийх нь горыг сэтгүүлчид үүрч байна. Монголын сэтгүүлчид тэр хүндээ гомд" гэлээ.
Мөн тэрбээр, "Эрүүгийн хуулийн 13.14-ийг боловсронгуй болгохыг үгүйсгэхгүй. "Гүтгэх" гэдгээрээ байх ёстой" гэв.
НЭМЭЛТ: 10.00 цаг
-"Худал мэдээлэлтэй тэмцэхийн тулд үг хэлэх эрхийг хязгаарласан"-

ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан эхэллээ.
ҮХЦ-д мэдээлэл гаргагчид үг хэлж байна.
Мэдээлэл гаргагч Ж.Баттуулын өмгөөлөгч Д.Оросоо "Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө Эрүүгийн хуулиар шалгагдаж байна. Хулгай, дээрэм хийсэнтэй адилхан шалгагдаж байна. Үндсэн хуульд "Хүнийг үзэл бодол, итгэл үнэмшлийнх нь төлөө яллаж болохгүй" гэсэн заалт бий. Тиймээс Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт Үндсэн хуультай харшилж байна. Эрүүгийн хуульд "гүтгэх" гэдэг заалт байсан. 2020 онд шинэ төрлийн гэмт хэрэг болгож, "худал мэдээлэл тараах" гэдэг үг оруулж ирсэн. Гүтгэх заалтаас гэмт хэргийн агуулга, хүрээгээрээ шинэ хэв шинжтэй байна. Тиймээс хүний эрхийг зөрчсөн. Худал мэдээлэлтэй тэмцэхийн тулд үг хэлэх эрхийг хязгаарласан. Иргэний хуулийн 21.1 дээр давхардал үүсгэсэн.
Улстөрчид иргэний хэргээр явах уу, эрүүгийн хуулиар явах гэдгээ шийддэг болчихсон. Тэгээд сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар шалгуулахаар өгч, дансыг хүртэл шалгуулдаг болчихсон.
2020 онд 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн" хэмээлээ.
Мэдээлэл гаргагч, иргэн Ү.Сумъяабазар "Иргэний хэргийн асуудлыг Эрүүгийн хуулиар шалгаад байгаа нь дарамт болж байна" хэмээлээ.
Мэдээлэл гаргагч, иргэн Э.Энэрэл, "Ардчиллын мөн чанар болсон зүйлийг бид хамтдаа хамгаалахаар ирсэн. Одоогоос 13-14 жилийн өмнө Эрүүгийн хуулиас энэ заалтыг авч өгөөч гэдэг нийтлэл бичиж байлаа. Энийг авч өгөх улстөрч байвал хамтран ажиллая ч гэж уриалж байлаа, гунигтай. Хуулиар зэвсэг хийдэг учир илүү аюултай гэж үздэг болсон. Мэдээлэлтэй, мэдлэгтэй иргэд төрийн эрх мэдлийг хянах боломжтой байдаг" хэмээлээ.
Мэдээлэл гаргагч, иргэн Э.Хүрэлбаатар, "20 гаруй жил сэтгүүлчээр ажиллаж, редакц толгойлохдоо олон удаа хууль хяналтын байгууллагад дуудагдаж байна. Редакциараа дуудагдах ч тохиолдол гарсан. Энэ хүнийг буюу хэвлэл мэдээллийнхнийг залхаан цээрлүүлье гэсэн ганц зорилготой. Маш олон сэтгүүлч эрэн сурвалжлах сэтгүүлчээр ажиллахаас татгалзаж байна. 4000 гаруй хүнээс 20 гаруйхан эрэн сурвалжлах сэтгүүлч байна" хэмээлээ.
ЭХЛЭЛ: 09.00 цаг
-“Худал мэдээлэл тараах" заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг ҮХЦ өнөөдөр хэлэлцэнэ-

Нэр бүхий сэтгүүлчид Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, ҮХЦ-д хандсан юм. Уг хүсэлтийг ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэхгүй удаа дараа хойшлуулсаар байгаа. Өнөөдөр /2025.11.24/ 09.30 цагт хэлэлцэхээр дахин товлоод байна.
Эрүүгийн хуулин дахь уг заалтаар Хэвлэл мэдээллийн байгууллагууд, хувь сэтгүүлчид олноороо Эрүүгийн хариуцлага хүлээж буй. ҮХЦ-д дээрх гомдол очсноос хойш ихэвчлэн сэтгүүлчдэд хамаарах буюу Эрүүгийн хуудийн 13.14 зүйлээр шүүгдэх хэргүүд түр түдгэлзээд байна.
Энэхүү заалтыг УИХ-аас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлтээр оруулж баталсан билээ. Уг хуулийн төслийг боловсруулж байх үед Х.Мандахбаяр Ерөнхийлөгчтэй Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/ Ажлын хэсэгт байлцаж, уг заалтыг эрүүгийн хуульд оруулахыг дэмжсэн байдаг. Хэлэлцүүлгийн шатанд “Энэ хэргийн улмаас төрийн байгууллага, улс төрийн албан тушаалтан гомдол гаргах эрхгүй” гэж тайлбарлаж байв.
Хуулийг өргөн барихдаа тухайн үед Б.Энхбаяр гишүүн өөрийн амаар ингэж тайлбарлаж байсан юм. Гэвч бодит байдал дээр голчлон улс төрийн албан тушаалтнуудын гомдлоор сэтгүүлчид олноороо Эрүүгийн хэрэгт татагдаж шалгагдсан билээ.
Тэгвэл Х.Тэмүүжин нарын УИХ-ын гишүүд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд буй. Эл хуулийн төслийн хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногоос байнгын хороод дээр эхэлсэн.
Хуулийн төсөлд:
Сүүлийн жилүүдэд хэвлэл, мэдээллийн байгууллага төдийгүй үг, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдэд "халтай" заалт хэмээн нэрлэгдэж буй Эрүүгийн хуулийн “13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах” зүйл ангитай холбоотой асуудал тусгагджээ. Тодруулбал, эл зүйл ангийг шүүхийн практикт хэрэглэх явцад иргэн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрийн байгууллага, албан тушаалтаны үйл ажиллагааны талаар шүүмжлэл, хардлага, эргэлзээгээ илэрхийлж мэдээлэл түгээснийг “хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан” хэмээн эрүүгийн хэрэг үүсгэх, ял оногдуулах болсон. Тэгвэл төрийн байгууллага, албан тушаалтныг хуулийн этгээд гэж үзэх нь хууль бус талаар хуулийн төслийн танилцуулгад дурджээ.
Өөрөөр хэлбэл, төрийн байгууллага албан тушаалтан тухайлан хуулийн этгээдийн статусгүй буюу эрх зүйн харилцаанд оролцвол “Монгол Улсын төр” гэсэн нэг эрх зүйн этгээд л байх боломжтой. Гэтэл эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчоор аль нэг төрийн байгууллагыг тогтоож буй нь эрүүгийн хуулийн тодорхойгүй байдалтай холбоотой гэж үзжээ. Иймд төсөлд "хуулийн этгээд" гэдэгт төрийн байгууллага хамаарахгүй” гэсэн тайлбар нэмэхээр тусгажээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэндээ мөнгөний төлөө ажилдаг сэтгүүлчид байгаа гэдэгт эргэлзэхгүй байгаа шүү...
Маш харьцангуй зүйл л дээ. Гүтгэлэг, илт худал мэдээлэл санаатай тараах нь гэмт хэрэг мөн, төр иргэнээ хуулиар хамгаалах ёстой.
Мандахбаяр хууль тогтоогч юмуу, чи хууль тогтоогч өчнөөн жил хийсэн юмуу Энхбаяр гуай
Мандахбаяр ямар хамаатай юм бэ санал гаргаал биз хууль энэ хуулийг УИХ баталдаг тухай үед Энхбаяр ярихгүй яасан
ZASAG NOYON BSN DAMPUU OROSOO CHAAJIIIN. AN NOHOI