Top StoriesНИЙГЭМ

Малчны хотноос Ардын жүжигчин хүртэл...

Сар шинийн баярыг угтан Төрийн шагнал гардуулах үеэр гавьяа эзэндээ хүрэв хэмээн шагшигдсаар Д.Цэрэндарьзав гэх эрхэм хүний энгэрт Ардын жүжигчин цол гялалзаж эхэллээ.


Ардын жүжигчин Д.Цэрэндарьзав бол “Үүр цайхын өмнө”-ийн Д.Сүхбаатарын ээж Ханд, “Гал хам”-ын Жаргал, “Буяны нүгэл”-ийн Дунжаа, “Алтан түлхүүр”-ийн Мөөмөө”, “Хүргэн хүү”-гийн Халтмаа, “Солиот эх”-ийн хадам эх зэрэг тайз, дэлгэцийн олон дүрийг урлагийн ертөнцөд хийгээд монголчуудын сэтгэлд амилуулсан хүн билээ.

Шагнал авмагцаа нулимс бөмбөрүүлсээр ийн өгүүлсэн юм.

"Баярлалаа гэхэд багадна. Хэлэх үг олдохгүй байна. Өссөн нутаг, дээшээ харахад алтан үеийн багш нар, аав ээж, үр хүүхдүүд минь, бүх тэнгэрийн оронд явсан хүмүүс минь нүдэнд харагдах шиг болох юм. Өссөн нутгийн минь уул ус, Хөвсгөл далай ээж минь өндийгөөд ирэх шиг санагдаж байна. Цаашлах юм бол хамгийн гол нь ард түмэн минь. Намайг дэмжиж, өдий дайтай эрч хүч өгч, алга ташилтаар мялааж явсан ард түмэндээ их баярлаж байна.

Бүтээсэн дүрийн тухайд, театрт 50 гаруй дүрд тоглосон. Хамгийн анхны дүр бол Эхийн тал гэх жүжгийн Алимаагийн дүр. Би тэр дүрээ ерөөсөө мартдаггүй. Маш их хөдөлмөр гаргаж байсан. Хөдөөний охин Д.Цэрэндарьзав жүжигчин болчихсон байна гэдгийг харуулсан дүр тэр.

Би чинь буянт малынхаа шавхай дээр хөл нүцгэн таваргаж яваад Хатгал тосгоныхоо сургуулийг төгсөж, урлагийн сургуульд сурсан хүн шүү дээ.

Харин кинонд бол Жигжид найруулагчийн Хүргэн хүү кинонд тоглосон. Тэр Хүрэн хүүгийн Халтмаагийн дүр бараг миний нэр шиг болтол танигдсан. Тэр хүний буян, киночидын буян.

Шагнал авмагцаа тэнгэрт байгаа аав, ээжийгээ л бодлоо. Эндээс гараад тэдэндээ зул өргөнө, сүү өргөнө" хэмээсэн юм.


Хөдөөгийн охин урлагийн сургууль төгссөн нь...

Ардын жүжигчин Д.Цэрэндарьзав Хөвсгөл аймгийн Арбулаг суманд 1945 онд мэндэлсэн. Хонь хариулж, хөдөөгийн бусад хүүхдийн адил аав, ээждээ нэмэр болж, хамаг л хар бор ажлаас нь хамжилцаж өсжээ.

Ер машин ч үзэлгүй сургуульд орж байсан тэрбээр аравдугаар ангиа төгсөх жил ямар хуваарь авах учраа олохгүй нэлээд эргэлзээж, багшийнхаа зөвлөсний дагуу кино драмын ангийн хуваарийг авч байжээ.

Тэрбээр УБДС-ийн кино драмын ангийн хоёр дахь төгсөлт нь. Тухайн үед тус анги дөрвөн жилд нэг удаа элсэлт авдаг байжээ.

"Сургуулиа төгсөн, ажлын гараагаа хаанаас эхлүүлэх вэ, хаана ажилд орох вэ гээд бодол болон сууж байтал Э.Оюун багш манай ангиас дөрвөн хүүхдийг шилж УДЭТ-т оруулсан юм. Тэдний нэг нь би. Урлагийн хүн, жүжигчин болох гараагаа театраас тэгж эхлүүлж билээ. Намайг театрт ороход алтан үеийн жинхэнэ аварга жүжигчид угтсан. Би маш их азтай, хувь заяатай хүн" хүн хэмээн манай сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг аа.

Ертөнц бүхэлдээ түүний эсрэг эргэсэн үе байсан...

Ханьтайгаа оюутны ширээнд тохой залган сууж байхдаа танилцжээ. Хүн бүхэн элэг бүтэн, аз жаргалтай амьдрахыг хүсдэг ч тэр бүр санаснаар болдоггүй нь гачлантай. Том хүү нь хоёр настай, бага нь гэдсэнд, намайг оюутан байхад хань нь өөр эмэгтэйг дагаад явж.

"Хоёрын хоёр хүүхэд ганцаараа өсгөхийн хажуугаар театрт ажиллах амар байгаагүй ээ. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатууг мэдрэн, цөхөрсөн, шантарсан үе олон. Тийм хүнд үед аав, ээж хоёр минь л намайг түшиж, тулж байлаа. Намайг театрт орсноос хоёр жилийн дараа ээж минь нас барж, ачааны хүнд аав бид хоёрын нуруун дээр ирсэн юм. Аргагүйн эрхэнд нэг хүүг минь аав, нөгөө хүүгээ би ажил руугаа дагуулж ирдэг байв" хэмээн тэр өгүүлнэ.

Хичээсэн ч горьгүй зүйл гэж бий. Тэр хоёр хүүгээ өргүүлж. Нэгийг нь казак айлд нөгөөг нь Эрдэнэтийн айлд өргүүлсэн байна. Ийн явсаар 20 жилийн дараа орхиод явсан ханиа уучилжээ. Тэр тухайгаа "Өнөөх суусан эмэгтэйгээсээ салан, архи уугаад байхаар нь хоёр хүү минь аавыгаа дагуулаад ирсэн юм л даа. “Би явмааргүй байна. Та гуравтайгаа хамт амьдармаар байна, үлдье” гэхэд нь би нүүр буруулж чадаагүй. Хоёрын хоёр үрээ, ханиа орхиод явсан түүнийг 20 гаруй жилийн дараа уучлах амар байгаагүй. Тэр хооронд би нэг хүнтэй суусан ч амьдрал болоогүй. Гол нь би хоёр хүүхдээ бодсон. Аавынхаа нөмөр нөөлөг, орон зайг мэдэрч амьдраг гэж бодоод л би ханиа уучилсан юм..." хэмээн ярина.

Гэтэл төд удалгүй хань нь цус харваж, хоёр жил орчим асруулаад өөд болжээ. Үүний дараа ч мөн том хүү нь хорвоог орхиж. Ер таван сарын дараа л зүрх нь зогссон аж.

Театраа орхив...

Нийгмийн шуурга хэн хүнийг тойроогүй. 30 гаруй жил ажилласан театрынх нь сор болсон жүжигчид ажлаасаа гарч, Д.Цэрэндарьзавд дагалдан жүжигчин, нүүр будагч хий эсхүл ажлаа өгөх сонголт ч тулгарч байж. Ийн тэтгэвэртээ гарч армийн театрт хоёр жил гаруй ажиллаж, тэднээс Гавьяат жүжигчин цол хүртэж байжээ.

Сүүлд бага хүүтэйгээ хамтарч хүүхдийн уран бүтээл хийсэн. Хүү нь найруулж, Д.Цэрэндарьзав гуай тоглодог байж л дээ. Гэтэл бага хүү нь хорвоог орхиж.

Ганц хүн даван туулахад тун бэрх хорвоогийн хатууг ийн туулж иржээ. Өдгөө хоёр ачтайгаа амьдардаг байна.


МУАЖ...

Нийтлэлийн эхэнд Ардын жүжигчин Д.Цэрэндарьзав бол “Үүр цайхын өмнө”-ийн Д.Сүхбаатарын ээж Ханд, “Гал хам”-ын Жаргал, “Буяны нүгэл”-ийн Дунжаа, “Алтан түлхүүр”-ийн Мөөмөө”, “Хүргэн хүү”-гийн Халтмаа, “Солиот эх”-ийн хадам эх зэрэг тайз, дэлгэцийн олон дүрийг урлагийн ертөнцөд хийгээд монголчуудын сэтгэлд амилуулсан хүн гэж тодотгосон.

Ардын жүжигчин Д.Цэрэндарьзавыг зовлонгийн хатан хаан хэмээн нэрийдэх нь ч бий. Бүтээсэн дүрүүдийнх нь дийлэнх нь сөрөг. Гэхдээ тэр хатуу хүн биш аж.

"“Та дандаа эсрэг талын, бусдын дургүй, зэвүү хүргэсэн, болж бүтэхгүй яваа хүний дүрийг л бүтээх юм. Тэгээд таны амьдрал өөдлөхгүй байгаа юм биш үү” гэж хэд хэдэн хүн надад хэлсэн. Би тэгж боддоггүй. Би уран бүтээлч хүн. “Энэ ийм эсрэг талын, муу хүний дүр байна” гээд голох, тоглохгүй байх эрх надад байхгүй" хэмээн тэр өгүүлнэ.

Энэ бол хүн ажлыг голж болохгүй, ажил хүнийг голно гэх түүний илэрхийлэл. Ерөөс эсрэг дүр бүтээнэ гэдэг уян зөөлөн, инээмсэглэл бүхий хүний төрөлх хэв шинжээс ангид зүйлийг нэхдэг амаргүй зүйл. Хэрэв эсрэг дүр хүний сэтгэл, бодрол, зүрхэнд "үзэн ядагдтал" бүтээгдэхгүй бол эерэг дүр тодрохгүй, уг зохиолын амин чанар үл үзэгдэнэ.

Ганцхан жишээ дурдахад "Солиот эх" киноны хадам ээжийн дүр байгаагүй бол И.Одончимэгийн "Солиот эх"-ийн дүрийг бид олж харахгүй. Ерөөс ийм л юм.

2021 онд манай сэтгүүлч Б.Буяндалайд өгсөн ярилцлагдаа "“Та Ардын жүжигчин цол хүртэх гавьяатай хүн. Цаг нь болсон” гэж хүмүүс надад хэлдэг л юм. Талийгаач хүү минь “Ээжийгээ Ардын жүжигчин болгоно, хөөцөлдөнө” гэж ярьдаг байсан юм. Одоо намайг хэн хөөцөлдөх вэ. Хүүгийн минь пропакшны ажил зогсон, харьяалагдах ямар нэгэн албан байгууллага надад байхгүй. “Ардын жүжигчин болох сон” гэж би боддоггүй, шунадаггүй. Би төр, засгийнхаа хайр, хүндлэлийг хангалттай хүртсэн, Гавьяат жүжигчин том цол юм шүү. Би сэтгэл хангалуун байдаг. Яах вэ, хувь заяа байгаад Ардын жүжигчин болвол сайхан байлгүй яах вэ" хэмээн хэлсэн байдаг.

Буянт малынхаа шавхай дээр хөл нүцгэн таваргаж яваад, урлагт хөл тавьж байсан 18-хан настай Д.Цэрэндарьзав охины хувь заяа 81 насанд нь Ардын жүжигчинд ийн хүргэв...

Ерөнхийлөгчөөс шагналаа хүртэж буй агшин

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Буянт малынхаа шавхай дээр хөл нүцгэн таваргаж яваад, урлагт хөл тавьж байсан 18-хан настай Д.Цэрэндарьзав охины хувь заяа 81 насанд нь Ардын жүжигчинд ийн хүргэв...

Тун сайхан бичиэж

Зочин
Зочин

Сар шинийн баярыг угтан Төрийн шагнал гардуулах үеэр гавьяа эзэндээ хүрэв хэмээн шагшигдсаар Д.Цэрэндарьзав гэх эрхэм хүний энгэрт Ардын жүжигчин цол гялалзаж эхэллээ.

Гялалзах гавьяатай л хүн. Ашгүй дээ

Зочин
Зочин

Баяр хүргэе Амжилт шагнал эзнээ олжээ .Оногдсон дүрээ гайхалтайгаар бүтээдэг жүжигчин шүү Гал хам шиг гайхалтай байгаарай эгчээ урт наслаарай,удаан жаргаарай

зүч
зүч

ёстой нүдээ олсон шагнал. Баярлалаа...

Зочин
Зочин

үнэхээр сайхан жүжигчин, ийм хувь заяагаар амьдарч ирсэн байжээ

Зочин
Зочин

Амьдралаа урлагт, монголчуудад, тайз дэлгэцэнд зориулсан хүн гэж түүнийг хэлнэ

Зочин
Зочин

Гавьяа эзнээ олж, энгэрт нь гялалзаж. Их гоё онож хэлжээ. Тун сайхан юм а

Зочин
Зочин

Д.Цэрэндарьзав солиот эх кинонд үнэхээр чадварлаг тоглосон. Нээрээ л сөрөг дүр тийм тод байгаагүй бол Одноогийн гашууг, зовлонг үзэгчид олж харж чадахгүй байсан биз

Зочин
Зочин

Аргагүй ясны жүжигчин,миний хүндэлж явдаг жүжигчдийн нэг баярлалаа,ардын жүжигчин цолыг арай оройтож өглөө.Эртхэн өгсөн бол ч өөр шүү,гэхдээ энэ сайхан цолыг олгосонд баярлаад баршгүй сууна аа хө...

Зочин
Зочин

Одоо л жаргаасай

Зочин
Зочин

Хөвсгөлийнхөн ардын жүжигчинтэй болжэ. Баяр хүргэе

Зочин
Зочин

Жүжигчдээс нүдээ олсон ганц шагналтан Цэрэндарьзав шүү. Хамгийн муу муухай хэн ч авдаггүй гологдол дүрүүдийг амилуулагч даа. Урт насалж удаан жаргаарай

Зочин
Зочин

Ямар агуу их дотоод сэтгэлийн хүч иатэй хүн бэ??? Хэлсэн үг болгон нь үнэн сайхах мэдрэмжийн үг байлаа шагнал зөв хүнээ олжэээ

Холбоотой мэдээ

Back to top button