П.Амаржаргал: Тэтгэврээ нэмүүлэхээр гадаа сууж байгаа ахмадуудаа харахаар зүрх шимширч байна
Гэр хорооллын гудамж бүр, гэрэлтэй цонх бүр өөр өөрийн түүхтэй. Дамбадаржаагийн нэгэн гудамж дахь даруухан хашаа байшинд П.Амаржаргал гурван зээ хүү, охин, хоёр нохой, нэг муурын хамт өнөр өтгөн, халуун дулаан аж төрж сууна. Тэрбээр өдгөө 70 гарч яваа ч цэл залуу охиноос нь өнчирч хоцорсон гурван зээгээ хүүгээ хүмүүжүүлэн өсгөж яваа хариуцлагтай ээж.
Амнаас гарах үг бүр нь үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө санаа зовних, ажил хийж, амьдралт нөөлөг болж буй том зээ хүүгээрээ бахархсан сэтгэл урсана. Гэхдээ бие нь өвдөхөд Солонгосоос сургуулиа хаяд ирсэн нь баахан гэмших аж. Тэрбээр "Дөрвөн жилийн өмнө хань, охин хоёроо ойрхон алдсан. Хүний амьдрал уруудчихдаг л юм байна. Гэхдээ энийгээ юм юмны дөр суутал нь дэргэд нь байх сан гэж санах юм" хэмээн таван настай бага зээ хүүгээ заана.
Дамбадаржаагийн бэр болон ирснээс хойш энэ л гудамжиндаа, энэ л байшиндаа 45 жилийг үдэж буй түүнтэй аж байдлынх нь тухай болооп ахмад настны тэтгэвэр халамжийн тухай ярилцлаа.
-Та залуудаа ямар ажил эрхэлж байв. Тэтгэвэрээ ажилласан жилээрээ тогтоолгож чадсан уу?
-Би Биобэлдмэл, цусны үйлдвэр шинжилгээний институтэд ажилладаг байсан. Дараа нь жолооч болно гэсээр байгаад ажлаасаа гарч жолооч болсон. Тэтгэвэр тогтоолгох үед 37 дугаар авто бааз татан буугдаад орсон тушаал байдаг ч гарсан тушаал байхгүй. Халамжийн тэтгэвэр авч байна. Шүүхээр яваад тогтоолгодог юм гэсэн би тэгж чадаагүй. Хөөцөлдөж яваагүй юм л даа. Тэр үед хань маань байсан учраас амьдралын байдал арай өөр байсан. Уг нь улсад ажилласан хангалттай, найман хүүхэд төрүүлж өсгөсөн.
-Тэтгэвэр амьдралд нь хэр хүрэлцэж байна?
-Хүрэлцэхгүй дээ. Тэтгэврийн доод хэмжээг авч байгаа хүмүүсийн амьдрал ч хэцүү байна. Ер нь ахмадын тэтгэвэр тэтгэмж муу байна. Жагсаж байгаа хөгшчүүд үнэхээр өрөвдмөөр. Өөрөө очоод жагсаж чадахгүй ч гэсэн үргэлж сэтгэлээрээ дэмжиж байгаа. Хамгийн эхэнд зогсож байсан хүмүүсийн зарим нь хорвоогийн мөнх бусыг үзүүлчихлээ. Төр улс, нам засаг энэ улс орны цаг сайхан үеийг бодож, сэтгэж, хөдөлмөрлөж бүтээлцсэн ахмадуудынхаа төлөө дорвитой шийдвэр гаргавал зүгээр сэн. Цөөн хэдэн тэтгэврийн мөнгөнийхөө талаас илүү хувийг эм, тариандаа зарцуулж байгаа хөгшчүүд ч бий. Хөнгөлөлттэй эм байдаг боловч тэр жагсаалтад багтаагүй эм хэрэглэдэг өвчний оноштой хүмүүс өчнөөн бий. Төрд гарч ирж байгаа залуу үеийнхэн бүгд л эцэг эх, ах дүүтэй хүмүүс. Ахмадуудаа харж үзмээр байна. Гадаад улсын ахмадууд их сайхан байдаг л гэж ярих юм, ямар очсон үзсэн биш дээ. Монгол Улс ард иргэдийнхээ хөгжил, ахмад настны амьдрал ахуй, эрүүл мэндийг дэмжиж, залуу үеийнхээ боловсролыг дэмжих хэрэгтэй байна.
-Та өөрийнхөө тэтгэврээс илүү зээ нарынхаа ирээдүйд сэтгэл чилээгээд байна аа даа?
-Тэгэлгүй яах вэ. Бидний үед боловсрол үнэгүй байсан. Орчин цагт 12 жил сураад ЕБС-аа төгсчихсөн сурлагатай, авьяас чадвартай хүүхдүүд амьдралын боломж тааруугаас боловсрол эзэмшиж чадахгүй байна. Дамбадаржаа сайхан нутаг. Хүүхдүүд маань бүгдээрээ 58 дугаар цогцолбор сургуулийг төгссөн. Тус тусдаа ажил амьдралын мөр хөөгөөд явж байна. Нэг охин маань 38 настайдаа эндсэн. Гурван хүүхэд нь үлдсэн, бага нь одоо таван ой өнгөрч байна. Оройтож хүүхэд гаргасан хүн шиг ингээд л амьдарч байна даа хүү минь.
Тэтгэвэр бол үнэндээ хүрэлцэхгүй. Ах нь Солонгос улсад сурч байгаад миний бие өвдлөө гэсэн чинь орхиод хүрээд ирсэн. Хүү минь "Бид гурвын түшиг тулгуур бол та. Эрүүл саруул байвал надад ахиад сурах боломж гарна" гэдэг. Гэхдээ эмээгийн хувьд хүүгээ сургуулиас нь гаргачихсан даа эмзэглэж явдаг юм. Өвгөн маань тэтгэврийн зээл авч хүүгээ хэлний бэлтгэлд явуулж байсан юм. Надад ахиад хүүгээ сургах гараа ч билүү, үгүй ч билүү. Бүх хүүхэд минь миний хүслийг мэдэж байгаа болохоор мэддэг учраас болно, бүтнэ байх гэж боддог.

-Энэ хавар мах их үнэтэй байна. Дагаад өргөн хэрэглээний барааны үнэ ч өслөө. Танайд хэр мэдрэгдэж байна?
-Юмны үнэ маш их өсөж байна аа. Төр махны үнийг барихаас өнгөрлөө гэж харж байна. Цаг сайхан байхад хонины мах 7 төгрөг 50 мянга байсан. Өчигдөрийн байдлаар мах 37 мянган төгрөг байна. Сүүлийн үед хүмүүс өөх тосны хэрэглээгээ бууруулах, эрүүл хооллох үүднээс үхрийн мах түлхүү хэрэглэдэг болсон. Тэгтэл үхрийн махын үнэ өдрөөс өдөрт өсөөд байдаг. Хүмүүсийн авч байгаа цалин тэтгэвэр бага. Хүмүүсийн амьдрал нэг иймэрхүү л байна. УИХ-ын гишүүн сонголт байгаа, тахианы мах идэж болно гэж ярьсан байна билээ. Үнэндээ бидний насныхан идэж сураагүй учраас хэцүү.
Манайх хамгийн сүүлд найм хоногийн өмнө мах авсан. Долоон буудлаасаа авдаг. Таван кг орчим цул мах, бага шиг татсан мах нийлүүлээд авахад 200 гаруй мянган төгрөг болсон. Цагийн сайханд гулууз авдаг мөнгө шүү дээ. Тэрийгээ авчраад хоол хоолныхоор нь бэлдэнэ. Ам бүл олуулаа болохоор 7-8 хонодог. Одоо гэхэд манай хөргөгч ерөнхийдөө хоосон л байна сүү, аарц, бага шиг хоолны мах.
Нохойны хоол хүртэл үнэд орчихсон. Манайх хоёр нохойтой. Нэгийг нь би хөдөө явахдаа Элсэн тасархайгаас авчирсан. Нөгөөх нь өвгөний 49 хоног дээр өөрөө манайд ирсэн болохоод хайрлаад байдагюм.
Тэгээд амьд байгаа юм болохоор боломжоороо явж байна. Төр улс маань харж хандах байх гэж боддог. Гадаа зогсож байгаа аав, ээж шигээ хүмүүсийг хүндлээд тэтгэврийг боломжит хэмжээнд нь нэмээд өгөөсэй.
-Та хэд маань зохих тэтгэмжээ авч чадаж байгаа юу. Зээ нартаа юуг захьж сургаж байна. Өмөө, эмээгийн хүүхдүүд хэрсүү өсдөг дөө?
-Хоёр бага хүүгийн асаргааны тэтгэмж нэг сая төгрөг ордог. Том нь ажил хийдэг учраас бид хэд болж л байна. Би хүүдээ " Эр хүн шиг эрвэлзэж, эмээлтэй морь шиг дэрвэлзэнэ шүү. Хоёр дүүгээ харж хандаарай. Чи сайхан явах бол дүү нар нь сайн явна" гэж захьдаг юм. Өдий насны хүн чинь ард үлдэх энэ хэддээ л санаа зовдог юм байна. Багыг нь дөрөө олтол хамт байх сан гэж бодох юм. Гэхдээ 70 гарчихсан хүн хэцүү шүү дээ. Би 17 ач зээтэй. Төрсөн хүүхүүдийн маань том нь 50 хүрчихлээ, доод тал нь 30 нас өнгөрч байгаа. Энэ хэдийгээ л сайн сайхан яваасай гэж залбирч, сүүгээ өргөдөг дөө. Хамгийн гол нь хүн шиг л хүн яваасай.
-Та түрүүн дурдсан хүүхдүүдийнхээ боловсролд санаа зовдог оо гэж. Энэ нийгэмд хураах, хадгалах боломж ер олдох юм уу?
-Хураая гэж боддог ч үнэндээ чадахгүй байна. Өвгөнийгөө байхад бид хоёр дажгүй хэдэн төгрөг хураадаг л байлаа. Нэг хүү маань бидэнд сюрприз бариад Москва хороололд байр авч өгч байсан юм. Аав нь түүн дээр нь мөнгөө нэмэрлээд, бид боломжийн аж төрдөг байлаа. Хань, охин хоёр маань хоорондоо зургаан сарын зайтай өнгөрсөн. Хүний амьдрал доошилчихдог юм байна. Нуугаад яах вэ, би жилд хоёр буяны ажил хийдэг. Хэдэн хүүхдийнхээ буянд тэг бүгдийг даван туулж байна. Би заримдаа хэдэн хүүхдээ цаг сайхан үед төрүүлж өсгөөд авч гэж боддог. Найман хүүхдийн маань тав нь дээд боловсролтой.
-Та бидэнд ханийнхаа тухай дурсаач?
-Хань маань өөд болоод дөрвөн жил болж байна. Ярихаар хэцүү байдаг юм аа. Миний хань автобусны жолооч байсан. Бид одоогийн Баянхошууны авто сургуульд танилцсан. Нөхөр маань Ховдын Булган суманд цэргийн алба хаасан. Илүү дутуу зангүй, юм хийвэл яс хийдэг, зөөлөн хүн байсан. Ерөөсөө үр хүүхдүүд хэчнээн сайхан харж хандсан ч сэтгэлд нэг л юм дутуу байдаг юм байна. Гадаа гараад харахад л гараашийн дээвэр салхинд хийсчихсэн. Гурван хүү маань хол байдаг. Наадмаар ирэхээрээ янзалж өгнө гэсэн. Хуучин бол манай өвгөн хөдөө яваад ирэхдээ нэг хоньтой ирнэ. Тэр даруй нь бараг л цээжийг нь үйдэг байлаа. Одоо тийм юм алга. Хайрлана, хямгадна. Маргааштаа хүргэхийг бодно.
Төр засаг ямар арга хэмжээ авбал ахмадуудын маань амьдралд бага ч болов дэм болохоор байна вэ?
-Монгол хүний хүнсний хэрэглээг махгүйгээр төсөөлшгүй. Махны үнэд анхаарах хэрэгтэй байна. Гадагшаа мах гаргах нь зөв. Энэ олон махтай юм чинь гаргалгүй яах вэ. Гэхдээ дотооддоо хүн амынхаа хэрэгцээг зохицуулах ёстой. Малчдад малынх нь үнийг, иргэдэд махны үнийг ойртуулах бодлого хэрэгтэй байна. Тэнд тэтгэврээ нэмүүлэхээр сууж гадаа сууж байгаа ахмадуудаа харахаар үнэндээ зүрх шимширч байна. Энэ улс орны сайн сайхан бүгдийг бүтээлцсэн ахмадаа төр харж хандаасай.
Д.ХАДААН


















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ахмадуудаа ингэж гадаа суулгаж байгааг харахаар үнэхээр харамсалтай
Ахмадуудаа ингэж гадаа суулгаж байгааг харахаар үнэхээр харамсалтай
Насан туршдаа хөдөлмөрлөсөн хүмүүс арай л ийм амьдрах ёсгүй дээ
Эм тарианы мөнгөндөө тэтгэврийнхээ ихэнхийг өгдөг гэдэг үнэн шүү
Зээ нараа өсгөөд явж байгаа эмээд хүндэтгэл үзүүлье
Үнэ өсөөд байхад тэтгэвэр хүрэлцэхгүй байгаа нь ойлгомжтой
Ахмадуудынхаа амьдралд бодит дэмжлэг хэрэгтэй байна
Найман хүүхэд өсгөсөн хүний хөдөлмөрийг үнэлэх ёстой
Эмээгийн яриа сэтгэл их хөдөлгөлөө
Ahmaduudaa ingej zovooj baigaa ni uneheer haramsaltai
Emeegiin yaria uneheer setgel hodolgoloo
Em tarianii une ih bgaag ahmaduud l hamgiin ih mederch bgaa
Mahnii une ossoor baihad tetgever hureltsehgui ni medeej
Tur ahmaduudiinhaa duu hooloig sonsoh heregtei
Ahmaduudaa hundeldeg niigmiig husej bn
Ene bol gants hunii bish olon ahmadiin asuudal