Л.Дашдэндэв: Халамж харалгүй ажил хийгээд байгаа хэр нь амьдралаа авч явахад хэцүү байна
Монгол Улсын сонсголгүй иргэдийн үндэсний холбооноос Засгийн газарт таван шаардлага хүргүүлсэн. Тухайлбал, тэдэнд хүртээмжтэй орчин нөхцөл тулгамдаж буй талаар мэдэгдэж, өнгөрсөн долоо хоногт Төв талбайд жагсаал зохион байгуулсан юм. Тэгвэл тус холбооны УЗ-ийн гишүүн, ахмадын зөвлөлийн дарга Л.Дашдэндэвээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-Засгийн газарт таван шаардлага хүргүүлсэн гэж байна. Дэлгэрүүлж яривал?
-Манай холбоо сонсголын бэрхшээлтэй иргэдээ төлөөлж Монгол Улсын засгийн газарт таван шаардлага бүхий албан бичиг өгсөн.
- Нэгдүгээрт, сонсголын бэрхшээлтэй иргэдийн ажлын байрны асуудлыг шийдэж өгөх,
- Хоёрдугаарт, дохионы хэлмэрчийг төрөөс санхүүжүүлж ажиллуулах,
- Гуравдугаарт нийгэмд амьдрах хүртээмжтэй болгох,
- Дөрөвдүгээрт сонсголгүй жолооч нарын асуудлыг нэн яаралтай зохицуулах,
- Тавдугаар төсөв санхүү хяналт гэсэн таван шаардлагыг өгсөн байгаа.
-Танай холбоог байрлаж буй байраас нь хөөсөн гэх мэдээлэл байсан. Энэ талаар?
-Монгол Улсын сонсголгүй иргэдийн үндэсний холбооны ажлын байр Сүхбаатар дүүрэгт байрлах Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв байрны подвалын давхарт байрладаг. Энд байрлаад долоо гаруй жил болсон. Анх энэ байрыг Ж.Эрдэнэбат Монгол Улсын ерөнхий сайд байхдаа олгож байсан юм. Манай сонсголгүй иргэдэд ажлын байр түрээслэх зэрэг асуудалууд их, ажилгүй хүмүүс ч их байдаг. Тиймээс ажлын байрны асуудал тулгамдаж буй нь үнэн.
-Манай байрлаж буй байрыг байгууллага нь дотроо зохион байгуулалт хийж бараа, техник агуулах өрөө болгож ашиглах гээд байгаа юм байна лээ. Тиймээс төрийн байгууллагын байр гээд биднийг хөөж гаргах асуудал яригдсан. Энэ талаар харьяа яаманд мэдэгдсэн. Жагсаал цуглаан дээрээ хүртэл тодорхой ярьж, шаардлагаа тавьсан. Яамнаас "байж болно" гэсэн хариу өгсөн. Ингэхдээ хамгийн гол нь эрүүл ахуйн шаардлага хангаж орчноо цэвэрхэн байхыг даалгасан.
-Дохионы хэлний хэлмэрчийн асуудал яригдсан. Төрийн байгууллагаар үйлчлүүлэх хүндрэлтэй байдаг уу?
-Дохионы хэлний хэлмэрч нарын үйлчилгээ манайд үнэхээр дутмаг. Энэ асуудлыг олон жил ярьж байна. Монголд дохионы хэлний хэлмэрчийн асуудлыг нэг тийш нь болгохоор УИХ-аас ажлын хэсэг байгуулсан, эрдэмтэн судлаачид ч ажиллаж байгаа гэдэг. Гэтэл одоо болтол батлагдсан зүйл байхгүй, ярианаас цаашгүй өнөөдрийг хүрлээ. Хамгийн гол нь дохионы хэлний хэлмэрчийг төрөөс санхүүжүүлэхгүй бол бид нар хаанаасаа мөнгө гаргах уу. Жишээ нь Цагдаа, Прокурор, Эмнэлэг, Шүүх зэрэг төрийн байгууллагууд өөрсдөө дохионы хэлмэрч ажиллуулаад төрөөс мөнгийг нь өгч болно шүү дээ. Энэ мэт хэрэгтэй, зөв бодлогыг засгийн газар хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
-Хүнд өвчтэй хүн бие нь өвдөөд эмнэлэгт очлоо гэхэд мэдэхгүй үхүүлэхээр байна-

-Хүртээмжтэй байдлын тухайд?
-Хүртээмжтэй гэхээр, жишээлбэл сонсголгүй хүн чинь утас дугарахаар сонсохгүй. 101, 102, 103 гэх тусгай дугаар луу мэдээлэл өгөх гэхээр цаад хүмүүс нь сонсголгүй хүнээ мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр төрийн байгууллагуудад дохионы хэл мэддэг хүмүүсийг ажиллуулж бидэнд хүртээмжтэй орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй атал тийм биш байна. Сонсголын бэрхшээлтэй жолооч нарын асуудлыг олон жил ярилаа. Нийслэлд албан бичиг өгнө, Цагдаагийн газарт албан бичиг өгнө. Ингэсээр сүүлдээ "тэр байгууллага нь мэднэ" гэсээр 2026 онтой золгож байна. 20, 30 жил бид хүлээлээ. Угтаа сонсголын бэрхшээлтэй жолооч дугаарын хязгаарлалтгүй явдаг ч цагдаа нар торгоод байна. Ямар шалтгаанаар торгож буй нь мэдэгдэхгүй. Энэ мэт хүртээмжгүй байдал асар их. Гэрээс гараад л мэдэгдэнэ.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж жил бүр улсын төсөвт төсөв суулгаж өгдөг шүү дээ. Танай холбоо хаанаас санхүүждэг юм?
-21 аймаг 9 дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд жил бүр төсөв батлагддаг юм байна. Тэр төсөв нь хэчнээн сая төгрөг байдгийг нь бид нар мэдэхгүй. Тиймээс тэр төсвийг нарийн гаргаж бидэнд хэдэн хувь зарцуулагдаж байгаа эсэхийг хянах хэрэгтэй. Салбарын яамны төрийн нарийн бичгийн даргатай манай холбооны хүмүүс уулзалт хийсэн. Уулзалтаар бид тавьсан таван шаардлагынхаа хариуг асуусан. Өмнөх 2023 онд өгсөн 18 шаардлагынхаа хариуг мөн асуусан. Тухайн 18 шаардлагаас ажил болсон зүйл нэг ч алга. Ер нь бол уулзалтаар ямар ч үр дүн гараагүй. Бид нар шаардлагынхаа хариуг 14 хоног харна. Халамжаас ангид өөрсдийнхөө чадлаар ажил хийгээд яваад байгаа хэр нь амьдралаа авч явахад хэцүү байна шүү дээ.
-Жишээ нь сонсголын бэрхшээлтэй хүнд өвчтэй хүн бие нь өвдөөд эмнэлэгт очлоо гэхэд мэдэхгүй үхүүлэхээр байна. Гэр хороололд ядуу амьдарч байгаа зөндөө хүмүүс бий. Тэдний ажил хөдөлмөр хийх эрхийг нь дүүргийн хөдөлмөрийн газар, хороо, халамжийн мэргэжилтэн нь туслах хэрэгтэй атал тэгдэггүй юм байна. Ирсэн хүнийг нь тэмдэглэж авдаг, тэгээд л болоо. Жишээ нь манай ахмадууд яаж сувилалд явахаа мэдэхгүй байна.
-Жагсаалд хэдэн хүн оролцов. Хэрэв үр дүнд хүрэхгүй бол хэрхэх вэ?
-80 гаруй хүн гарын үсэг зурсан байгаа, жагсаалд нэгдэж. Хэрэв 14 хоногийн дараа бидэнд хариу өгөхгүй бол дараагийн арга хэмжээг авна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.