Н.Учралын Засгийн газар 70 дахь хоногийнхоо босгон дээр ГАНХЛАА
Ардчилсан нам яг нэг жилийн хугацаанд гурав дахь Засгийн газраа огцруулах акцаа өрнүүлж байна.
Жилийн өмнө |2025.06.03| 4.4 жил Ерөнхий сайдын албыг хашсан Л.Оюун-Эрдэнэ огцорсон. Өнгөн талдаа залуусын "огцрох амархан" жагсаалын нөлөө их харагдах авч цаад талдаа "MCS"-ийн мөнгө, хүч нөлөөлсөн. АН-ын роль ч жин дарсан.
Хоёр сар гаруйхы өмнө |2026.03.28| 9 сар Засгийн газрын тэргүүнээр ажилласан Г.Занданшатар огцорсон. Түүнийг огцруулах хөдөлгөөн томилогдоод дөрвөн сар болсны дараахан буюу өнгөрсөн 10 сард өрнөж, ҮХЦ-ээр Үндсэн хууль зөрчсөн санал хураалт гэх шийдвэр гаргуулснаар тэсэж үлдсэн. Энэ нүргээнээр тус хурлыг удирдсан Х.Булгантуяа "яллагдагч" болон хоцорсон. Мөн л Г.Занданшатарыг огцруулах ажиллагаанд АН өндөр нөлөөлтэй байв.
Одоо Н.Учрал. Түүний Засгийн газар бүрдээд яг 70 хоног өнгөрч байна. Сөрөг хүчнээс хоёр долоо хоногийн өмнө цэрэг нас барсан агуулгаар Д.Батлут сайдаа огцруул. Үгүй бол Н.Учралыг огцруулах хүртэл акц өрнүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Н.Учрал Д.Батлутаа хамгаалж, АН-д хариу өгөөгүй аж. Улмаар Н.Учралыг огцруулах акцаа эхлүүлэхээр болсон тухайгаа мэдэгдэв. Ингэхдээ "Энэ Засгийн газар юу ч хийхгүй нь тодорхой боллоо. Эдийн засгийн үзүүлэлт, татвар, иргэдийн амьдрал дээрдэхгүй нь. Та нарт ямар төсөл, төлөвлөгөө танилцуулсан бэ. Та нар байтугай бид нар анзаарсангүй. Тэгэхээр ирэх хоёр жил Монголд ямар нэгэн өсөлт хөгжил, хийх ажил байхгүй нь гэдэг тодорхой болов" хэмээсэн юм.
О.Цогтгэрэлийн мэдэгдлээс анхаарал татах, тайлбарлахуйц хоёр өнцөг байна.
Нэг. Хөшигний ард Н.Учралыг огцруулах гарын үсгийг О.Цогтгэрэлийн албан бланк дээр л зурж, акцаа өрнүүлнэ гэх хатуу байр суурь батжив
Энэ тухай О.Цогтгэрэл "Хэрэв Ерөнхий сайдаас хариуцлага алдсан салбар, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн Д.Батлут сайдад хариуцлага тооцохгүй гэж байгаа бол Ерөнхий сайдад өөрт нь хариуцлага тооцох асуудлыг тавих нь зүйтэй. Энэ хүрээнд намын дарга, бүлгийн дарга асуудлыг хариуцаж, шийдэл гаргаж ажиллана" гэв. Тэгэхээр Н.Учралыг огцруулах акцаа өөрөө удирдах нь, О.Цогтгэрэл.
Хоёр. Н.Учралыг огцруулах гарын үсэг 32-оор зогсохгүй, 64-т хүрэх үндэслэл
"Акц төдий зүйл биш. Энэ асуудал дан ганц АН-ын 2 гарын үсэг бус цаашид 64 гарын үсэг цуглуулах шаардлагатай нөхцөл байдал үүсэхийг ч үгүйсгэхгүй" гээд О.Цогтгэрэл хэлээдхэв. Ингэж хэлсний учир нь дараах хуулийн заалтаар тайлбарлагдана.
Үндсэн хуулийн 43.1-т "Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно" хэмээн заасан байдаг.
Нэг үгээр хэлбэл, 126 гишүүнтэй парламентын дөрөвний нэгээс доошгүй нь буюу 32 гишүүний гарын үсэг цуглаж, огцруулах саналаа албан ёсоор тавивал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж, 10 хоногт шийднэ. Дийлэнх нь дэмжвэл огцруулах тогтоол баталсанд тооцогдоно.
Дэмжиж гарын үсэг зурах гишүүдийн тоог 64-т хүргэнэ хэмээсэн нь О.Цогтгэрэл Н.Учралыг огцруулах саналыг хэлэлцэхээс өмнө дийлэнх олонхынхоо хүчтэй, санал унах вий гэх айдасгүй "тоглолт" хийх боломж гэж харсан хэрэг.
Дараагийн асуудал, О.Цогтгэрэлийн бланк дээр хэн хэн гарын үсэг зурах вэ.
Уншигч та санаж байвал, С.Баярцогтыг АН-ын генсекээр томилохоос өмнө бүлгийн хурал дээр нь бүлгийн даргын асуудал яригдсан. О.Цогтгэрэл Х.Тэмүүжингээ зүтгүүлж, Б.Пүрэвдорж талаас Б.Түвшин бүлгийн даргад яригдсан. Начир дээрээ О.Цогтгэрэлийг бүлгийнх нь 18 гишүүн л дэмжиж, С.Баярцогтыг жинхлэх томилгоонд барьцаалагдан хойшилсон байдаг. Генсекээ томилоод бүлгийн даргаа ярих гэтэл О.Цогтгэрэл гадаад руу явчихсан. Эргэн ирэхэд нь Н.Учрал таван сайдын суудалтайгаар хамтаръя гэхэд О.Цогтгэрэл |2027, 2028| оны сонгуулиа бодоод "гэдийчихсэн". Удалгүй "Д.Батлутаа огцруулахгүй бол чи өөрөө огцор" гэх акцаа төгөлдөржүүлж байна.
О.Цогтгэрэл АН-ын гишүүдийг "ТЭСО"-ийн ажилчид шиг нь үнэнч дэмжихгүйг намраас хойш хэд хэдэн удаа мэдэрсэн. Фракц төвтэй намын системээ саях ойлгож, дэд дарга нарынхаа суудлыг "эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүй" тарааж өгсөн. Одоо түүнийхээ үр шимийг хүртэнэ гэж сэтгэж яваа.
АН УИХ-д 42 суудалтай. Үүнээс Ерөнхийлөгчийн жигүүрийн 13 гишүүн О.Цогтгэрэлийг тэрсэх магадлал өндөр. Тус жигүүрт, АН-ын Б.Пүрэвдорж Ж.Батсуурь О. Амгаланбаатар Ц.Баатархүү П.Батчимэг Д.Ганбат Ж.Баярмаа Д.Энхтуяа П.Мөнхтулга С.Одонтуяа Р.Сэддорж Р.Эрдэнэбүрэн Д.Жаргалсайхан нар багтаж буй. Тэднээс бусдыг нь намын даргынхаа хүчээр хайрцаглаж чадна гэвэл АН-ын 29 гишүүн гарын үсэг зурна гэсэн үг.
Мөн Н.Учралын Засгийн газар байгуулагдахад нь эсэргүүцэн гүйж байсан Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнийн 30-ын талынхан О.Цогтгэрэлд хүч нэмнэ. Тухайлбал, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, С.Амарсайхан, Х.Булгантуяа, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, П.Сайнзориг, О.Батнайрамдал, Б.Баярбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Э.Болормаа, Ц.Идэрбат, Г.Лувсанжамц, М.Мандхай, Л.Мөнхбаатар, Ч.Номин, О.Номинчимэг, Ч.Анар, Д.Ганмаа, М.Ганхүлэг, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, Б.Тулга, Г.Тэмүүлэн, Б.Уянга, М.Энхцэцэг, С.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ, Ж.Алдаржавхлан, Н.Алтаншагай нар юм.
Үүнээс гадна Засагтаа багтаагаагүйд өстэй яваа ИЗНН-ынхан гарын үсэг зурах магадлалтай. Р.Батболдоо намын даргын тамга булаацалдсан асуудлаар нь намаасаа хөөчихсөн учир тэдэнд гурван гишүүний суудал бий.
Ингээд тооцоод үзэхээр лав 62 гишүүний гарын үсэг цуглачихаар байна.
Том төслүүдээ гацаачхаад "тогоо хэмнэе" гээд суух Ерөнхий сайдтай
Н.Учралын Засгийн газар 70 хонохдоо Х.Нямбаатарыг огцруулснаараа л "оодорч" яваа. Бусдаар бол өмнөх Засгийн газрынхаа хөдөлгөсөн том төслүүдээ хойш татаж, зогсоосон. УИХ-ын даргын индрээс "чирж" ирсэн "Чөлөөлье" санаачилгаасаа өөр автор тавьчих томоохон ажил эхлүүлсэн энэ хүрч байна гэхэд хилсдэхгүй. Чөлөөлөлтийн эхнийх нь 140 гаруй бизнесийг зөвшөөрлөөс чөлөөлсөн. Үр дүнд нь Улаанбаатарт ТҮЦ эргэн ирж, борооны дараа мөөг шиг хоног хоногоор тоогоо нэмсээр байна. Энэ түүний "гавьяа".
"Туулын хурдны зам", "Сэлбэ дэд төв" гээд хот дээрх том төслүүд төсвөө хүлээгээд түр зогсоочихсон. Өдгөө 12 жилийн өмнөөс яригдаж эхэлсэн ₮2.3 их наядын төсөвт өртөгтэй "Туулын хурдны зам"-ыг гүйцэтгэгч компани ажил зогсоосон, гэрээгээ зөрчсөн агуулгаар манай Засгийн газрыг олон улсын арбитрын шүүхэд өгч болзошгүй эрсдэл хүлээж байна. Энэ хариуцлагыг хэн хүлээх вэ.
Өнгөрсөн өвөл ДЦС-4 дээр гэмтэл гарсантай холбоотойгоор бид 1.5 цагийн цахилгаан дулааны хязгаарлалтад орж, үгээ хэлсэн. Сүүлийн 43 жил энэ станцад бүрэн шинэчлэл хийгээгүй, нөөцгүй, бүрэн чадлаараа ажилладаг тухай дотоод ажилчид нь шүгэл үлээсэн. Гэтэл одоо бүтээн байгуулалтын улирал эхэлсэн, дулаан, цахилгааны хэрэглээ тодорхой хэмжээнд буурчихсан энэ цаг үеэ ашиглан чанартай тоноглолоор тоноглож, засвараа дорвитой ч хийж чадахгүй байна. Салбарын сайд нь "Ирэх өвөл хүнд өвөл болно, яах ч арга байхгүй" гээд хэлээд суух. Ерөнхий сайдынх нь дэвшүүлж буй шийдэл нь "Гэрлээ, зурагтаа унтрааж байя, тогоо хэмнэе". Ийм байхад сөрөг хүчний нам нь "Энэ 100 хоногийн хугацаанд, цаашдын хоёр жилд энэ Засгийн газар юу ч хийхгүй нь тодорхой байна. Огцруулъя" гэж байгаа нь зөв гэлтэй.
Төсвийн тодотголоо хуулийн хугацаандаа буюу наадмын өмнө оруулж ирвэл Н.Учралын Засгийн газрын уналт, улам ширүүснэ. Үгүй бол...
Төсвийн тодотголыг ирэх долоо хоногт |2026.06.15| оруулж ирэхээр яригдаж эхэлжээ. Хэрэв төлөвлөж, баталсан төсвөө тодотгоно гээд зүтгэвэл энэ Засгийн газрын орших хугацаа доошоо пуужиндана гэсэн үг.
Төсвөө наадмын өмнө л тодотгох боломжтой.
Сая УИХ-аар дэмжүүлсэн Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд Монгол Улсын эдийн засгийг 2027 онд 5.8 хувь, 2028 онд 6 хувь, 2029 онд 6.3 хувиар өсөхөөр тусгасан бол инфляцыг ирэх онд 7 хувьд хүрч алгуур буурснаар 2028 онд 6 хувь, 2029 онд 5 хувьд хүрч Монголбанкны зорилтот интервалын доод хэмжээнд хүрэхээр төсөөлжээ. Харин Нэгдсэн төсвийн орлогын доод хэмжээг 2027 онд 34.8 их наяд, зарлагын дээд хэмжээг 36.5 их наяд байхаар тусгаж, 2029 онд төсвийн орлогын доод хэмжээ 39.7 их наяд, зарлагын дээд хэмжээ 40 их наяд давахаар тооцжээ.
Засгийн газрын өрийн хэмжээ 2027- 2028 онд ДНБ-ий 50 хувь, 2029 онд 45 хувьд хүрэхээр хуулийн төсөлд тусгажээ. Хэдийгээр дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд зарим макро эдийн засгийн үзүүлэлтийг оновчтой төсөөлсөн ч төсвийн орлогын төсөөллийг өмнөх жилүүдийн адил хэт өөдрөг тооцсон гэж эдийн засагчид байр сууриа илэрхийлээд буй.
Нөгөө талд Н.Учрал "наадмыг л давчихвал учиртай" гээд Засгийн газраа ганхуулахгүйн тулд төсвийн хүрээний мэдэгдлийг наадам давуулж, |2026.09-сард| шинэ төсөвтэй хамт оруулж ирэх талаар "сэтгэж" яваа.
Гэвч хугацаа хойшлох, асуудлаас зугтаах тусам 2027 оны төсөв хэцүүднэ. Эрүүл мэндийн салбарын албан хаагчдын үндсэн цалинг наймдугаар сараас эхлэн сар бүр 9 хувиар нэмэх, боловсролын салбарын албан хаагчдын үндсэн цалинг аравдугаар сарын 31 хүртэл 50 хувиар, арван нэгдүгээр сарын 1-нээс 26 хувиар нэмэх шийдвэрүүдийн ард их наяд төгрөгөөр хэмжигдэх эл цалингийн нэмэгдлийг төсөвт тодотгол хийж шийдэхээс аргагүй байдал хүлээж байна. Энэ онд тодотголоор дээрх санхүүжилтийг шийдсэн ч ирэх жилүүдийн төсвийн урсгал зардлын дүнд нөлөөлнө. Хэрэв Н.Учралын амиа аргацаасан буюу төсөв тодотгож, гал авалгүй, Засгийн газраа огцруулахгүйгээр наадам давах санаагаа гүйцэлдүүлж, есөн сард энэ асуудал яригдаж эхэлбэл ер "дефолт" зарлаж ч мэдэхээр нөхцөлтэй буй билээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш зав энэ зг юуч хийхгүйнэ тодорхой хурдтай огцоруул
70 honogt zasgiin gazar uneltei dugnelt avch baigaa ni sain yum bish dee
Засгийн газар байн байн солигдоод байхаар тогтвортой бодлого гэж юм үлдэхгүй юм даа
Ogtsruulah tal deer yarihaas iluu yamar shiidel gargah geed baigaa ni sonirholtoi baina
Ogtsruulah tal deer yarihaas iluu yamar shiidel gargah geed baigaa ni sonirholtoi baina
Хэдэн жил дамжсан асуудлуудыг дал наян хоногт шийднэ гэж бас байхгүй л дээ
Ard irged bol uls toriin heruul bish amidral deeree l deeshlel medrehig husej baina
Нэг нь гарч ирээд нөгөөгөө огцруулна гэдэг циклээсээ хэзээ гарах юм бол
Tosviin asuudal deer uneheer hund baidal uusvel hen hariutslaga huleeh ve
Том төслүүд гацаж эхэлсэн нь үнэн бол санаа зовоох асуудал мөн байна
Uls torchid hoorondoo uzeltsej baikh hoorond ard tumen ni l hohirood duusah yum
Эдийн засаг сайжрахгүй бол ямар ч Засгийн газар шүүмжлэл хүлээх нь ойлгомжтой
Олонх нь дэмжихгүй бол огцруулах санал яваад ч нэмэр багатай байх даа
Олонх нь дэмжихгүй бол огцруулах санал яваад ч нэмэр багатай байх даа
Songuuli bolohoor bugd l ard tumnee boddog bolchihdog ni sonin shuu
Зарим зүйл дээр шүүмжлэл зөв байж болох ч дандаа огцруул гэдэг гарц биш