Тамхины хяналтын хууль “тамхийг хориглох” хууль болчихвол хар зах зээл томрох эрсдэлтэй

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг санаачлан ажлын хэсгийг ахалж, дараа нь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг гишүүн Ж.Чинбүрэнд шилжүүлсний эцэст энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа юм.
Хяналт, зохицуулалтын хамгийн хялбар бөгөөд хамгийн болхи шийдлийг гишүүд маань хуулийн төсөлд тусгаж эхэллээ. Эхэндээ хүүхдүүдийг тамхинаас хамгаалах зорилгыг ухуулан сурталчилж байсан ч үндсэндээ концепц нь тамхины татварын тухай хууль болж хувирсан. Тамхины онцгой албан татварыг 2030 гэхэд хайрцаг тамхинд 10 мянган төгрөгийн онцгой албан татвар тогтоох саналыг ДЭМБ-ын заавраар тусгасан.
Харин одоо бүхэлдээ тамхины хорионы тухай хууль болох гэж байна.
Бүх төрлийн тамхины амт, үнэрийг хориглоод байсан төсөлд байнгын хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижирийн саналаар гааны амтыг хориглох заалтыг тусгаж амжлаа.
Тамхи хэрэглэгчид, хувийн хэвшил, тэр дундаа Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны саналыг эс харгалзсаар ирсэн гишүүд зах зээлээ судалсан болов уу. Тамхины борлуулалтын 50-аас илүү хувь нь гаатай тамхи (Esse Change) байна. Тамхийг хорьж, тамхичдыг хохироохыг тамхины хяналт гэж ойлгож байгаа бол тамхины зах зээлийг бүхэлд нь хяналтаас алдахад хүрнэ. Олон улсын хэрэглээний судалгааны байгууллага Монголыг хуурамч тамхины хар зах зээлгүй, импортын худалдаа, борлуулалт нь албан ёсны зах зээлтэй гэж дүгнэсэн байдаг бол хууль тогтоогчид эрүүл зах зээлээ бусниулахад хүрч байна. Тамхичдын хэрэглээг хязгаарлаж, хааж боосноор тамхинаас гарна гэж үгүй. Харин тамхиа нууц, далд худалдаагаар хэрэглээгээ хангах арга олно.
Өнөөдөр хуулийн зохицуулалтгүйгээс албан ёсны борлуулагчаар дамжин орж ирэх боломжгүй байгаа шинэ төрлийн утаагүй бүтээгдэхүүнийг хэрэглэгчид “ганзагаар” зөөж, нэгээс нөгөөдөө сошиал сүлжээний зараар дамжуулан борлуулж байгаа.
Хэрэв амт, үнэр, гаатай тамхийг хориглочихвол иргэд яг дээрх замаар хууль бус худалдаагаар хуурамч тамхины зах зээлийг цэцэглүүлж дөнгөнө. Амт үнэр, гаатай ч баталгаагүй янжуур, вэйпийг хөрш орнуудаас зөөж зарахдаа хүрвэл хохирогчид нь иргэд л болно. Хар зах зээл бүр дээд цэгтээ хүрэх аюул бий.
Тамхийг хориглох ёстой гэх гишүүдийн ард ДЭМБ-ын байр суурийг алхам бүртээ хамгаалсаар буй тэдний ард тус байгууллагын томоохон санхүүжүүлэгч Bloomberg Philanthropies сангийн оролцоо бий юу гэх эргэлзээ ч үүсэхээр байна. ДЭМБ гишүүн орнуудынхаа татвараас хэдэн арав дахин өндөр хэмжээний санхүүжилтийг хандивлагчдаасаа авч, тэдний эрх ашгийг өмнөө тавьдаг гэх шүүмжлэлд өртдөг.
Bloomberg Philanthropies сан нь тамхитай тэмцдэг гэдгээрээ алдартай. Тамхины хяналтын тухай хууль гадны байгууллагын хяналтад орсон юм биш биз.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.