В.Ганзоригийн эсрэг гомдол гаргасан Г.Ариунболдыг өөрийг нь яллагдагчаар татжээ
В.Ганзоригийн хувьд, Г.Ариунболдын 14.7 тэрбум төгрөгөө залилуулсан гэх гомдол, ₮161 тэрбумын татвар төлөхөөс зайлсхийсэн, байгаль орчинд ₮2 тэрбумын хохирол учруулсан хэргээр, дөрвөн зүйл ангиар шалгагдан, цагдан хоригдож байна.
Харин түүний эсрэг гомдол гаргасан Г.Ариунболдыг прокуророос яллагдагчаар татсан байна.
Сүүлийн нэг сарын хугацаанд хагас их наядын л хөрөнгө эргүүлдэг В.Ганзориг, Урьханы Б.Чинбат гэх алтны хоёр босс газрын лицензээ булаацалдан, зодолдов. Нэг талд Урьхан Б.Чинбат нь иргэн В.Ганзоригийн эзэмшлийн компанийн тусгай зөвшөөрлийг нь дээрэмдэхээр хууль бусаар хэрэг үүсгэж цагдан хориулж байгаа талаар мэдээллүүд урсав. Нөгөө талд Урьханы Б.Чинбат өөрийгөө зөвтгөж, В.Ганзоригийг харлуулах мэдээлэл түгээлгэсэн. Юутай ч хугацаанаасаа өмнө суллагдсан В.Ганзоририйг дахин цагдан хорихоор шийдвэрлэчихсэн. Энэ үест В.Ганзоригийн эсрэг цагдаад гомдол гаргасан Г.Ариунболд өөрөө прокурорт яллагдагчаар татагдсан байна.
Нэг үгээр хэлбэл, "Б.Чинбат энэ хэргийн оролцогч биш, хувьцаа эзэмшигч" гэж хаацайлж мэдэгдэл хийж байсан цагдаагийнхан прокурорт яллах бүрэн боломжит бүрдүүлбэрээ өгчээ. Г.Ариунболд бол Б.Чинбатын бизнесийн хамтрагч билээ.
Ингэж хэлсний учир нь,
“Вайнд майнд” ХХК нь Булган аймгийн Бүрэгхангай сумын Туулын их тохойрол гэх газарт хууль бусаар алт олборлож, усаа Туул гол руу цутгаж байсныг 2022 онд зогсоосон тухай мэдээлэл цацагдаж байв. Гэхдээ тэр үедээ ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгээгүй, байгаль орчинд учруулсан хохирлыг нь ч нөхөн төлүүлээгүй өнгөрсөн байдаг. Энэ үед тус компанийг Б.Чинбат эзэмшиж байв.
Угтаа "Вайнд майнд" ХХК нь Туулын их тохойрол гэх газарт 31.75 га газарт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн хугацаа нь |2036.10.08|-нд дуусна. Ноцтой нь, тусгай зөвшөөрөл бүхий газраасаа хэтэрч лицензгүй, Туул голын хамгаалалтын ай сав газар бүхий 6,8 га-д алт олборлолт явуулсан байна. Улмаар 500 кг орчим алт хууль бусаар олборлож, 100 гаруй тэрбум төгрөгийн асуудал хөндөгдсөн гэх боловч Булганы цагдаагийн газар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хаах саналыг прокурорт хүргүүлж, прокурор нь хааж байсан түүхтэй. Ингэж лицензгүй газраас олборлосон алтны орлогоороо Б.Чинбат, Г.Ариунболд нарыг “Эрдэнийн босго” ХХК-ийн "Хулман нуур" нүүрсний уурхайг худалдаж авсан байж болзошгүй талаар ч бичигдэж байсан билээ.
"Эрдэнийн босго" ХХК нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байрлах Хулман нуур хүрэн нүүрсний ордод MV-017480 дугаартай ашиглалтын лицензтэй аж. Тус компанийн хувьцаа эзэмшигчээр 2012 оны үед А.Энхээ, 2016 онд Ё.Байгаль нар бүртгэлтэй байж байгаад 2024 оноос Б.Чинбат, Г.Ариунболд нар бүртгүүлсэн нь нээлттэй мэдээллийн санд ил буй юм. "Вайнд майнд" ХХК, "Эрдэнийн босго" ХХК гэх хоёр компанидаа Б.Чинбат, Г.Ариунболд нар хос автортой, нэг халаастай.

Маргааны гол шалтгаан | В.Ганзориг нь өөрийн “Глиймстар” ХХК-иараа эзэмшдэг Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт байрлах 31.75 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-021972 дугаартай тусгай зөвшөөрөл буюу лицензээ “Вайнд майнд” компанийн захирал асан Г.Ариунболдод 5 сая ам.доллар буюу 14.7 тэрбум төгрөгөөр 2022 оны гуравдугаар сард шилжүүлжээ. Улмаар тус оны аравдугаар сард "Вайнд майнд” ХХК-ийн захирал Г.Ариунболдыг хууль бусаар алт олборлож байгаа мэтээр уурхайг нь битүүмжлэн, эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн байна. Харин энэ үест В.Ганзориг долоон сарын өмнө 5 сая ам.доллароор зарсан лицензээ эгүүлэн авахдаа 5 мянган төгрөг өгсөн гэгдэж байна. Ийн гурван жилийн дараа Г.Ариунболд В.Ганзоригийн эсрэг гомдол гаргаж, хэрэгт ЦЕГ-аас хамтарсан баг шалгалтын ажил явуулж байна.
Холбоотой мэдээллийг дараах линкээс унших боломжтой.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.