Нийслэлийн төсвийн орлого 445.0 тэрбум төгрөгөөр дутуу биелжээ

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдааны эхэнд Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэлийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ. 2025 онд нийслэлийн төсвийн орлого 3,8 их наяд төгрөгт хүрч, 89.6 хувийн гүйцэтгэлтэй буюу төлөвлөгөөнөөс 445.0 тэрбум төгрөгөөр дутуу биелсэн байна. Төсвийн орлогын төлөвлөгөө дутахад татварын орлого буурсан нь голлон нөлөөлсөн гэх дүгнэлтийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат танилцууллаа.
Улаанбаатар хотын татварын орлогын төлөвлөгөө жилийн дүнгээр 353.3 тэрбум төгрөгөөр буюу 9.9 хувиар тасарсан бөгөөд үүнд:
- Цалин хөлс болон түүнтэй адилтгах ХХОАТ 168.4 тэрбум төгрөгөөр
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 122.5 тэрбум төгрөгөөр
- Газрын төлбөр 10.8 тэрбум төгрөгөөр
- Газрын дуудлага худалдааны орлого 41.0 тэрбум төгрөгөөр
- Улсын тэмдэгтийн хураамж 9.7 тэрбум төгрөгөөр тус тус тасарсан нь татварын орлого тасрахад голлох нөлөө үзүүлжээ.
Төсвийн гүйцэтгэлийн тайлангаар 2025 онд нийслэлийн төсөвт татварын бус орлогоор 671.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 580.1 тэрбум төвлөрч, 91.3 тэрбум төгрөгөөр буюу 13.6 хувиар тасарсан байна.
Нийслэлийн татварын бус орлогын 66.4 хувийг хүү торгуулийн орлого, 15.4 хувийг авто зам ашигласны төлбөр, 10.3 хувийг төсөвт байгууллагын өөрийн орлого, 1.0 хувийг хуулийн ногдол ашиг, 0.7 хувийг өмч хувьчлал, 6.3 хувийг бусад орлого бүрдүүлсэн гэнэ.
Э.Бүжин












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.