УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
УИХ-ын ээлжит бус чуулганыг дөнгөж сая хаалаа. УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар төлөвлөсөн юм. Гэвч өнгөрсөн долоо хоногт гишүүдийн ирц тааруу байснаас УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж чадалгүй хойшилсон. Тус байнгын хороод өнөөдөр хуралдаж, 2026 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Улмаар УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусган гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ. Үүний дараа УИХ-ын ээлжит бус чуулганыг хааж байгаагаа УИХ-ын дарга С.Бямбацогт онцлов.
УИХ-ын дарга С.Бямбацогт "Хүндэт ард иргэд ээ, УИХ-ын гишүү, Ерөнхий сайд аа. Одоогоос долоо хоногийн өмнө улс орон, эдийн засаг, төсөвт тулгарч байгаа бодит хүндрэл нөхцөл байдалтай холбоотойгоор ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тодтголыг хэлэлцэж эхэлсэн. Төсвийн тодотголоор улсын төсвийн зардлыг танах, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хягаарлах, түлш шатахууны нөөц бүрдүүлэх, эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах, цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх зэрэг иргэдийн амьдралд тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж эхлээд байна.
Төсвийн тодотголын тооцооллыг сайтар нягтлан үзэх, хийдэл дутагдлыг засан залруулах зүйл байхыг үгүйсгэхгүй.
Үүнийг ирц оролцоо идэвхи санаачлагатай байж, эрүүл мэтгэлцээний зарчмаар оновчтой шийдэх хувилбар дэвшүүлэн, урагш ахиулах ёстой болохоос улдан чангааж хойш сууснаар асуудал шийдэхгүй. Өрхийн орлогыг үнийн өсөлтөөс хамгаалах, хүнс болон шатахууны стратегийн нөөц бүрдүүлэх, төр хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлэх төсвийн тодотголоо яаралтай хэлэлцэн батлан шаардлагатай байна.
Эрхэм гишүүд ээ ард түмэн та биднийг цалин тэтгэврээ нэмэх, түлш шатахууны дутагдал, цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг хэрхэн шийдэхийг нүд чавчилгүй харж байгаа бөгөөд асуудлыг шийдэхгүй, алдсан цаг хугацааны төлөөс монгол айр өрх бүрт орлогын хомсдол, аж ахуй нэгж бүрт санхүүгийн дарамт нэмж байгаа гэдгийг гишүүд ойлгож байгаа байх.
Монгол Улсын их хурлын тухай хуульд заасны дагуу есдүгээр сарын 15-нд намрын чуулган эхлэхтэй холбогдуулж, ээлжит бус чуулганыг хуульд заасны дагуу ийнхүү өндөрлүүлж байна.
УИХ-ын намрын чуулганаар 2026 оны төсвийн тодотгол болон улс орны өмнө тулгамдсан олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр хүлээгдэж байгаа тул нийт гишүүдийг хуралдаандаа идэвхтэй оролцохыг хүсье” гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.