Б.Алтанчимэг: Улсаасаа санхүүжиж, тамирчид нь цалинтай, заалтай, багштай, системтэй, шигшээ багт атаархсан
Азийн спортын "Айчи Нагояа" наадамд холимог тулааны төрөл анх удаагаа багтаж Монгол улсыг төлөөлөн өсвөрийн дэлхийн аварга, ОУХМ Б.Алтанчимэг 60 кг жинд өрсөлдсөн. Тэрбээр уламжлалт ММА төрөлд оролцож Энэтхэг улсын тамирчинд ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.
Энэ тухай Б.Алтанчимэг өөрийн цахим хуудаснаа "Ялагдлыг ганцаараа хүлээдэг, ялалтыг олноороо уухайлдаг ч юм шиг. Мэдээж сэтгэл дундуур байгаа хэдий ч энэ хүртэл сонгосон тамирчдын явах замыг тодруулж өгсөн Монголын Холимог Тулааны Холбоо болон Монголын Үндэсний Олимпын Хороо, тэмцээнд хамт явсан багш нартаа гүнээ талархал илэрхийлье. Анх удаа Монгол Улсынхаа шигшээ багт багтаж Азийн орнуудын олимп болох “20th Asian games Aichi-Nagoya 2026” олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнд орох үнэхээр нэр төрийн хэрэг байлаа.
Бас улсаасаа санхүүжиж, тамирчид нь цалинтай, заалтай, багштай, системтэй, шигшээ багтай бол гоё гэдэг бодол төрж багаараа олуулаа явж байгаа улс оронд бяцхан атаархал төрсөн минь үнэн. Гэвч холимог тулааны спорт маань сонирхогч, мэргэжил гэж ялгалгүй Монголд минь хурдацтай хөгжиж байгаад талархаж байна. Би дахиж яарахгүй, өөрийгөө өөр түвшинд хүртэл бэлтгэлээ хангах болно.
Ялагдсан минь үнэн тиймээс үнэнтэйгээ нүүр тулаад, уйлсан ч, урам хугарч итгэл алдсан ч би үргэлжлүүлнэ. Цаг минь ирнэ, удахгүй... Шүүмжлээд өг, муулаад өг зүгээрээ авахаа аваад, хаяхаа хаячихдаг. Шалтаг тавьбал олон хэдий ч дараагийн алхам минь тодорхой болохоор итгэл дүүрэн алхана, зүтгээд байя" гэжээ.
Б.САНАА




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөндөө л тамирчид төрийн тусгай албаны орон тоонд цалинтай байдаг ш дээ.тэд нараас нь тэгээд амжилт гаргаж байгаа нь л цөөхөн дөө. Улсын цолтой бөхчүүд бараг ихэнх нь цэргийн цолтой цалинтай байдаг л юм билээ. Д.АВ А.Сүхбат, У.АВ Д.Сумъяабазар хоёр лав цэргийн цолгүй байх