УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Тэмүүлэн 2020 оноос хойших тав дахь ХЗДХ-ийн сайдаар томилогдлоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн (2026.09.22) хуралдаан 14.00 цагт эхэлж, Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох ганц асуудлыг танилцуулж, хэлэлцүүллээ. Г.Тэмүүлэнгийн томилгоотой холбоотой асуудлаар 21 гишүүн үг хэлж, асуулт асууснаар хуралдаан өндөрлөж, шинээр томилогдсон сайд тангараг өргөв. Ийнхүү Г.Тэмүүлэн 2020 оноос хойших тав дахь ХЗДХ-ийн сайд боллоо.

Ерөнхий сайд Н.Учрал энэ үеэр “Салбар салбарын асуудлыг шийдэхийн тулд нэгд, кабинетын зарчим барьж ажиллана. Хууль зүйн салбар бол эмзэг салбар. Хүний эмзэг мэдээллийг хамгаалах, хүний эрх эрх чөлөөг хангадаг салбар. Ийм салбарт дотоодод нь янз бүрийн байдал байгаа учраас цаашаа яаж явах гэдэг асуудалтай нүүр тулсан. Тиймээс нэр дурдагдсан хүмүүсийг чөлөөлсөн. Төрийн ажлын залгамжийг хадгалаад ажиллах үүрэг Г.Тэмүүлэнд ирж байна. Тэгэхээр асуудалд зарчимтай, өөрийн байр суурьтай хандахыг Г.Тэмүүлэнгээс хүсэж байгаа. Хэрэг наймаалцаж, хэрэг ярьж болохгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Хуралдаандааны үеэр А.Ариунзаяа болон О.Амгаланбаатар, М.Нарантуяа-Нара, О.Номинчимэг, Б.Хэрлэн нарын гишүүд улс төрийн нам, бүлэглэлүүд хүний нэр төрд халдаж, гүтгэж, худал мэдүүлэг тарааж буй үйл явц парламентад ихээхэн газар авч, хил хязгаар даваад буйг онцолж, энэ талаар ямар дорвитой арга хэмжээ авахыг асууж байлаа.

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн “Нийгэмд шударга ёсыг тогтоож, хүний эрх, эрх чөлөөг ханган, хууль дээдлэх ёсны үлгэрлэл болох ёстой шүүх институцийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх шаардлагатай байгаа. Хууль сахиулах байгууллагуудын дотоод хяналтыг сайжруулж, төрийн цэргийн байгууллагад мэргэжлийн хүмүүсийг зарчмаар нь томилж, тогтвортой ажиллуулах ёстой. Хууль, шүүхийн салбар бол улстөрждөг биш, улс орны аюулгүй байдал, үндэсний эрх ашгийн төлөө ажилладаг,  Үндсэн хуулиар тунхагласанчлан ардчилал, хүний эрх, шударга ёсны илэрхийлэл болсон гол багана. Тиймээс нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө хичээх болно” хэмээн тодотгосон юм.

Л.ЧИМЭГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button