Чуулганы хуралдаандаа “морилсон” сөрөг хүчнийхний байр суурь

Ирц нь бүрдэхгүйн улмаас хэдэн өдөр хойшилсон УИХ-ын өнөөдрийн (2026.09.22) ээлжит чуулганаар УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэв.
Улсын төсөвтэй холбоотой асуудлаар намрын чуулганаас завсарлага авч, хугацаа нь дууссан ч чуулгандаа суухгүй байсан АН-ын бүлгийнхэн өнөөдөр хуралдаанд оролцож, томилгоотой холбоотой асуудлаас гадна эрх баригчдын талцал, хуваагдлыг шүүмжлэн, хатуухан байр суурийг илэрхийллээ.
МАН-ыг “Улсын төсөв, ажил хэрэг хэлэлцэх үед манан шиг сарниж алга болдог хэрнээ сайдын томилгоон дээр болохоор ирцээ бүрдүүлээд хуралддаг” хэмээн шүүмжилсэн АН-ын бүлгийнхний байр суурийг сийрүүлж хүргэе.
О.Алтангэрэл: Авлигатай уриа лоозон, сүржин үгээр тэмцэхгүй, бодлогоор тэмцэнэ
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад 500 хонолоо. Хууль зүйн сайд солигдох болгонд үүнийг би хэлдэг. Засгийн газар үүнийг дахиад өргөн барина гээд л яриад байдаг. Гэвч өргөн бариад 500 хонож байгаа хууль нь явдаггүй ээ. Авлигатай уриа лоозон, сүржин үгээр тэмцэхгүй. Авлигатай бодлогоор тэмцэнэ. Одоо тэр ч хулгайч, энэ ч хулгайчийг илчилж байна л гэдэг. Эзэн бие байхгүй, үргэлжлээд л явдаг.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг мөн манай Засгийн газрын үед өргөн барьсан. Буцааж аваад сайжруулаад өгье гэсэн одоо болтол байхгүй. Би С.Амарсайхан сайдад хэлж байсан. Хэрэв энэ хуулийн төсөл батлагдчихвал хүүхдийн тэтгэлэг, иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэл энэ бүхэн өөрчлөгдөх гээд байгаа юм. Хорих ял эдлүүлэх үйл ажиллагаа үндсэндээ өөрчлөгдөх гэж байгаа юм. Шинээр томилогдож байгаа Г.Тэмүүлэн гишүүн Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө хураах, нөхөн төлүүлэх тухай хууль, авлигын эсрэг багц хуулийн төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийг батлуулахад онцгой анхаараасай.
Ө. Шижир: Төсөв тодотгох болохоор МАН-ын бүлгийн хоёр тал бойкотлоод суучихдаг байж болохгүй
МАН-ын хуваагдал хэрээс хэтэрч байна. Хүн томилох болохоор нийлж орж ирээд ирцээ бүрдүүлдэг, төсөв тодотгох болохоор хоёр тал бойкотлоод суучихдаг. Ийм байж болохгүй. Яг үнэндээ та нар Монголын ард түмнийг сайхан амьдруулъя гэж боддоггүй, яаж төсөвт их мөнгө батлуулах вэ гэдгээ л анхаарч онцгойлдог.
Х.Тэмүүжин: ХЗДХ-ийн сайдаа та нар “ногоон малгайтан” болгож хувиргасан
Бид танай намын дотоод тэмцлээс болоод УИХ дахь илүү гүнзгий чухал асуудлаа бүдэгрүүлээд байна. Төсвийн тодотгол дээр Засгийн газар хүчин төгөлдөр хуулийг биш, нэгэнт батлагдаагүй хуулийг өргөн барьж орж ирсэн. “Бид энийг өөрчилж байгаа юм аа” гэдэг хувийн бодлоор хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлж болохгүй. Өнөөгийн орчин үед та нар Хууль зүй, дотоод хэргийнхээ сайдыг ногоон малгайтан болгож хувиргасан. Тиймээс хуулийн сайд нь одоо мөрдөх алба байгуул. Хар тамхитай ч тэр, авлигатай ч тэр, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй ч тэр, мөрдөх алба байгуулж олон улсын арга хэрэгслээр тэмц.
О.Цогтгэрэл: Гурав дахь Засгийн газраа сольж, тав дахь ХЗДХ-ийн сайдаа томилох гэж байна
Нэг улс төрийн хүчин ард түмнээ ядуурлаас аваръя гэж ярьсаар ирсэн. Тэр нам улс төрийн хүчин ярьсан хугацааныхаа дийлэнхэд нь өөрсдөө засаглаж ирсэн. Өнөөдөр ч засаглаж байгаа тэр улс төрийн хүчин сүүлийн хэдхэн жилд гурав дахь Засгийн газраа, тав дахь Хууль зүй, дотоод хэргийн сайдаа томилох гэж байна. Энэ хугацаанд Монголд ядуурал нэг ч хувиар багассангүй.
О.Амгаланбаатар: Намынхаа нүүрсчидтэй тэмцэж чадах уу?
Хуульч мэргэжилгүй анхны сайд томилогдож байна гэж өөрийг чинь ярьж байна. Намынхаа нүүрсчидтэй тэмцэж чадах уу? Монгол Ардын намыг авлигачид, нүүрсчдийн нам гэдгийг бүгд мэднэ. Та авлигатай бодитоор яг тэмцэж чадах уу?
Г.Очирбат: 20 сайд 12 яам хэрэггүй, цөөрүүл
МАН-ынхан ямар их мөнгөтэй юм бэ. Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл чинь та нарыг хууль зөрчөөд байна гээд дүгнэлтээр гаргаад ирсэн ш дээ. Хар пи ар, тролл ажиллуулж бүгдийн буруу нь АН мэт ойлголтыг олон нийтэд түгээж байна. 20 сайд 12 яам хэрэггүй, цөөрүүл, дарга нарын тавиулуудаа болиул.
Ж. Баярмаа: Та нар ял наймаалцаад, тохироод ороод ирсэн юм биш үү
Энэ парламент 30/38-ын тулааны талбар болчихлоо. 30-ийн тал нь өчигдөр чуулганд орж ирэхгүй байснаа өнөөдөр томилгоон дээр гэнэт ороод ирсэн. Яагаад ингэв? Та нар ял наймаалцаад, тохироод ороод ирсэн юм биш үү? Ерөнхий сайд та нам доторх бүлэглэлүүдйн тушаал шийдвэрээс ангид байж чадах уу?
Б. Жаргалан: Улс орныг ингэж удирдмааргүй байна, Ерөнхий сайд аа
Бид макро эдийн засгийн бодлогоо эргэж харах хэрэгтэй байна. Ард түмний нэрийг барьж попорч, эрх ашгаа халхалдаг байдал чинь дэндлээ. АН-ын зүгээс улс төрийн хоёр шаардлага л хүргүүлсэн. Нэгдүгээрт, ХЗДХ-ийн сайдын асуудал. Тиймээс бид өнөөдөр чуулганд орж ирлээ. Нөгөөх нь, Ерөнхий сайд Н.Учрал төсвийн тодотгол болон бусад асуудлаар өөртөө итгэл үзүүлэх тухай асуудлыг УИХ-д оруулж ирэх. Хоёр өдөр чуулганы ирц бүрдсэнгүй. Улс орныг ингэж удирдмааргүй байна, Ерөнхий сайд аа. Яг үнэндээ олонхын бүлэг танд итгэж байгаа юм уу?
Э.БҮЖИН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.