Азийн наадмын тамирчдын орны хэмжээг Монголын дасгалжуулагч шүүмжилжээ
Азийн ХХ наадмыг Япон улсын Нагояа хот зохион байгуулж байгаа. Энэ удаагийн наадмаар төсөв хэмнэхийн тулд зохион байгуулагчид тамирчдын хотхон шинээр бариагүй юм. Үүний оронд дотор засал хийж янзалсан чингэлэг, аяллын онгоц, зочид буудлуудад тамирчид болон албаныхныг байршуулжээ.
Тамирчид өөрсдийн сошиал хуудас дээр орны хэмжээний талаар нийтлэл болон бичлэг оруулсан нь олон сая хүнд хүрч, шүүмжлэл дагуулах болсон байна. Монголын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Хавьер Гарсиа Альварез тамирчдын байрны нөхцөл байдлыг ихээхэн шүүмжилж байгаа юм. Тэрбээр “Reuters” агентлагт хэлэхдээ “Ялангуяа 185, 190 сантиметр өндөр сагсан бөмбөгчдийн хувьд нөхцөл байдал тийм ч амар биш байна. Ийм нөхцөл байдалтай хотхонд ирээд дасан зохицохоос өөр аргагүй. Бараг л кэмп, майхантай хотхон шиг санагдлаа” гэсэн байна.
Ням гарагт /2026.09.27/ хэвлэл мэдээллийнхэнд тамирчдын байрлаж буй “Garden Pier” дахь чингэлгүүд рүү нэвтрэх зөвшөөрөл олгожээ. Хэвлэлийнхний авсан дүрсэнд чингэлгүүдийг модоор доторлосон байдал болон богино орнууд харагдаж байв. Эдгээр ор нь өндөр, биерхүү тамирчдын хувьд жижигдэхээр харагдаж байжээ. Ийм учир БНСУ эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шигшээ багаа зочид буудал руу шилжүүлэн байршуулсан аж.

Айчи-Нагояагийн наадмын тамирчдын байр хариуцсан хэлтсийн дэд дарга энэ талаар сэтгүүлчдэд тайлбар өгөхдөө “Бидэнд орны хэмжээтэй холбоотой санал хүсэлт хамгийн их ирсэн. Ялангуяа сагсан бөмбөгчид болон том биетэй бусад тамирчдаас. Нэг өрөөнд хэд хэдэн ор болон тамирчин байрлуулахад хэтэрхий давчуу зайтай болж байна гэж тамирчдын зүгээс гомдол ирсэн” гэжээ.
Тэрбээр нэмж хэлэхдээ “Сандал тавих замаар орыг үр дүнтэйгээр уртасгаж болно гэж бид тооцоолж байсан юм. Гэвч бид эдгээр хэрэгслийг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар сайн тайлбарлаж чадаагүй байх магадлалтай. Цаашдаа эдгээр хэрэгслийн зориулалт болон ашиглах арга замын талаарх мэдээллийг хүргэхийн тулд ажиллаж, тамирчид энд байрлах хугацаанд илүү тав тухтай орчин бүрдүүлэхийг зорьж байна” гэсэн юм.
Айчи-Нагояагийн тэмцээнд 17 мянга гаруй тамирчин, албаны хүмүүс ирсэн байгаа. Яагаад тамирчин, албаныханд зориулж шинэ хотхон бариагүй талаар Мацүо ярихдаа “Японы хувьд цоо шинэ байгууламж барьж босгох нь улам бүр хэцүү болсоор байгаа. Тиймээс тамирчдын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахуйц байдлаар одоо байгаа байгууламжуудаа хэрхэн хамгийн үр дүнтэй ашиглах вэ гэдэг тал дээр бид сайжруулалт хийсээр байх болно” хэмээжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.