Америкийн банканд мөнгө угаах хууль зөрчсөн хэмээн 1.2 тэрбум ам.долларын торгууль ногдуулжээ
АНУ-ын Сангийн яам мягмар гарагт /2026.10.13/ мэдэгдэл хийхдээ Америкийн банкийг сэжигтэй гүйлгээнүүдийг мэдээлэлгүй мөнгө угаахтай тэмцэх болон хориг арга хэмжээний тухай хуулийг зөрчсөн хэмээн буруутгаж 1.2 тэрбум ам.долларын торгууль ногдуулжээ. Тус банк нь АНУ дахь хоёр дахь хамгийн том банк юм.
Сангийн яам торгууль ногдуулж байгаа талаараа мэдэгдэхдээ “Тус банк Хятадын мөнгө угаах сүлжээ болон баруун өмнөд хил дээр явагдаж буй хууль бус санхүүгийн үйл ажиллагаа зэрэг үндэсний аюулгүй байдалд нэн чухал, эрсдэл учруулах асуудлуудыг холбогдох байгууллагад мэдээлэх үүргээ биелүүлээгүй” гэжээ.
Харин АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент мэдэгдэл хийхдээ “Ийм том хэмжээний банк мөнгө угаахтай тэмцэх болон хориг арга хэмжээний тал дээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх нь тус банкны цар хүрээнээс давсан үр дагаварт хүргэнэ. АНУ-ын санхүүгийн тогтолцоог бус санхүүжилтийн эрсдэлд бүхэлд нь оруулна. Өнөөдрийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь хамгийн том санхүүгийн байгууллагууд ч хуулиас дээгүүр байж чадахгүй гэдгийг харуулж байна” хэмээсэн юм.
Америкийн банк мэдэгдэл хийхдээ торгуулийн тал дээр зохицуулагч байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа гэжээ. Тодруулбал тус банк “Бид санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд тусгай технологид олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, олон мянган ажилтнаа дайчлан ажилладаг. Бид зохицуулагч байгууллагын хөндсөн асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай ажлыг гүйцэтгэх чиглэлээр ихээхэн ахиц гаргаж, тууштай ажиллаж байгаа” гэсэн байна.
Тус банкны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Сангийн яамнаас ногдуулсан торгууль улирлын тайланд нь нөлөөлнө гэжээ. Америкийн банк улирлын тайлангаа өнөөдөр /2026.10.14/ нийтлэх төлөвтэй байгаа юм.
1.2 тэрбум ам.долларын торгууль нь АНУ-ын Сангийн яамны Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээ аливаа компанид ногдуулсан гурав дахь хамгийн өндөр дүнтэй торгууль боллоо. Өмнө нь Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээ “Binance” компанид 3.4 тэрбум ам.доллар, “TD Bank”-д 1.3 тэрбум ам.долларын торгууль ногдуулж байжээ.
Эх сурвалж: CNN












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.