Улс төрийн мэдээ

Ш.Бямбасүрэн: Оюутолгойн ногдол ашгийг урьдчилж авч төсвийн дутагдлыг нөхөх нь буруу

Ардчилсан намын долоо хоног бүр зохион байгуулдаг "4:11 мэдээллийн цаг" өнөөдөр /2026.10.15/ боллоо. Энэ удаа Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн, тус намын Бодлогын ерөнхий зөвлөлийн дарга Д.Амарбаясгалан нар Оюу толгойн ногдол ашгийг 2027 оны төсөвт тусгасан байдлыг шүүмжилсэн юм. Засгийн газар 2027 онд Оюу толгой төслөөс 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авна гэж тооцоод, уг дүнг төсвийн төсөлдөө оруулсан. Улсын Их Хурал ирэх долоо хоногт төсвийг баталж дуусгах төлөвтэй байгааг Ш.Бямбасүрэн хэлсэн.

Тэрбээр "Оюу толгойн 34 хувийг Монгол Улс, 66 хувийг Рио Тинто компани эзэмшдэг. Тиймээс Монголын тал 3 их наяд төгрөг авах юм бол Рио Тинто 6 орчим их наяд төгрөгийн ногдол ашиг хүртэнэ. Нийлүүлэн харвал Оюу толгой компани 2026 оны ашгаасаа 9 орчим их наяд төгрөгийг хувь нийлүүлэгчдэдээ хуваарилах шаардлагатай болж байгаа юм.

Оюу толгой 9 их наяд төгрөгийг хуваарилах санхүүгийн чадвартай юу гэдгийг бид нэгдүгээрт асуух ёстой. Хэрэв зээлээр санхүүжүүлбэл ирээдүйд ямар дарамт учруулахыг заавал шалгах ёстой гэдэг байр суурьтай байна.Засгийн газар энэ асуултад өнөөдрийг хүртэл тодорхой хариулт өгөөгүй. Сангийн яамны тайлбараар хэлэлцээр албан ёсоор дуусаагүй, урьдчилсан байдлаар л тохиролцоод байгаа. Ийм нөхцөлд тодорхойгүй орлогод тулгуурласан төсвийг батлах нь буруу.

Ногдол ашгийг урьдчилж авахыг огт эсэргүүцээгүй. Харин Засгийн газар ирээдүйн орлогоор өнөөдрийн төсвийн алдагдлыг нөхөх гэж байгаа нь буруу. Байгалийн баялгийн орлого ирээдүй хойч үед хуримтлал үүсгэж, уул уурхайн бус салбарыг хөгжүүлэхэд зарцуулагдах учиртай.

Ногдол ашгаас 1 их наяд төгрөгийг Хуримтлалын санд, 2 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж, 52 төсөл санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ. Ш.Бямбасүрэн зарлагын энэ хэсгийг бүрхэг хэвээр орж ирсэн. Ирэх сонгуулиудыг угтаж бэлэн мөнгө тараахаар Засгийн газар төлөвлөж байгаа юм биш биз.

Өнөөдөр эдийн засагт тулгараад буй хамгийн том асуудал нь инфляцын өсөлт. Ийм үед бэлэн мөнгө тараах нь эрэлтийг нэмж, байдлыг улам хүндрүүлнэ. Гал унтраах маягаар иргэдэд тус болж байгаа мэт боловч урт хугацаандаа нөхөж баршгүй эдийн засгийн эрсдэл авчирна.

Оюу толгойн ногдол ашиг бол нэг удаагийн шинжтэй орлого. Тогтвортой бус орлогоор тогтвортой зарлагыг нэмэгдүүлж байгааг бид эрс шүүмжилж байна. Төсвийн сахилга бат гэдэг нь олсон орлогоосоо хэтрүүлэн зарлага гаргахгүй байх, зарлагаа зөв хуваарилах асуудал юм. Гэтэл энэ удаагийн төсөв олсон орлогоо тэр чигт нь зарцуулсан, сонгууль угтсан шинжтэй болсон.


Бодлогын ерөнхий зөвлөлийн дарга 2027 оны төсвийн төслийг дагалдан орж ирсэн зургаахан зүйлтэй хуулийн төслийг онцоллоо. Уг төсөл нь "Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тухай" нэртэй. Түүний хэлснээр хууль нэртээ нийцэхгүй. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг тойрч, Оюу толгойн ногдол ашгаас 2 их наяд төгрөгийг татаж авах зорилготой гэнэ. Ингэхдээ олон жилийн өмнө барихаар шийдвэрлээд санхүүжилтээ алдсан 10 аймгийн дулааны станцын төслийг энэ мөнгөөр санхүүжүүлэхээр тусгажээ. Ардчилсан нам үүнийг буруушааж байгааг тэрбээр мэдэгдэв.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар гурван төрөлжсөн сан байгуулсан. Хуулийн дагуу бол Оюу толгойгоос орж ирэх 3 их наяд төгрөг Хуримтлалын санд төвлөрч, улмаар иргэн бүрийн нэрийн дансанд бичигдэх ёстой. Ингэвэл нэг иргэний дансанд 830 мянга орчим төгрөг орж, түүнийг боловсрол, эрүүл мэнд, орон сууцны зардалд зарцуулах боломж бүрдэнэ гэж тэр тайлбарлав.

Засгийн газар өчигдрөөс И-Монголиа системээр дамжуулан ногдол ашгийг юунд зарцуулах талаар иргэдээс санал авч эхэлсэн. Санал асуулга аравдугаар сарын 28-ны 22 цаг хүртэл үргэлжилнэ. Ардчилсан нам үүнийг санал авч буй дүр эсгэсэн үйлдэл гэж үзэж байна. Учир нь хоёр их наядыг татан авах, төслүүдийн жагсаалтыг тогтоох ажлыг Засгийн газар урьдчилан хийчихсэн гэж Бодлогын ерөнхий зөвлөлийн дарга хэлэв.

Түүний хэлснээр дэд бүтцийн томоохон төслийг Үндэсний баялгийн сангийн гурав дахь сан болох Хөгжлийн сангаар санхүүжүүлэх ёстой. Гэтэл эрх баригчид энэ санг өнөөг хүртэл ажиллуулж чадаагүй. "Иргэдийн нэрийн дансанд орох ёстой Хуримтлалын сангийн эх үүсвэрээр төсөл санхүүжүүлэх гэж буй нь буруу" гэж тэр онцолсон.

Мэдээллийн цагийн төгсгөлд тэрбээр И-Монголиагаар саналаа өгөхдөө нухацтай бодож шийдэхийг иргэдэд уриалсан.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button