Нийгэм мэдээ

16 настай охины ээж Г.Отгонтуяагийн УДШ хүртэлх хандсан сегментүүд, тэндээс гарсан шийдвэр

Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан 16 настай Ч.Шинэсаран охины хэрэгт холбогдох гомдлыг Улсын дээд шүүх энэ сарын 29-ний өдөр хэлэлцэхээр болжээ. Тус хэргийн анхан шатны шүүхээс Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан юм. Харин хохирогч охины ээж Г.Отгонтуяа хэрэг гарах үед хэргийн газарт байсан гэх гурван хүнийг цагаатгасан шийдвэрийг эсэргүүцэж, охиных нь амь хохирсон хэрэгт тэдний оролцоо байсан гэж үзэж буйгаа удаа дараа илэрхийлсэн. Тэрбээр шүүхийн шийдвэртэй холбоотой гомдлоо холбогдох байгууллагуудад гаргаж, эцэст нь Улсын дээд шүүхэд ханджээ. Хэргийг шийдвэрлүүлэхээр хандсан байгууллага болон гарсан шийдвэрүүдийг тоймлон хүргэе.

Анхан шатны шүүх: Шүүхээс Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан. Мөн хохирогч охины ээж Г.Отгонтуяад 256 сая төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх: Хохирогчийн талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх өмнөх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Ерөнхийлөгчид хандсан нь: Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд захидал илгээж, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шийдвэртэй холбоотой эргэлзээгээ илэрхийлэн, хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоох асуудалд анхаарал хандуулахыг хүсжээ.

УИХ-ын даргатай уулзсан нь: Тэрбээр УИХ-ын дарга асан Н.Учралтай уулзаж, хэргийн үнэн мөнийг тогтоох, шударгаар шийдвэрлүүлэх асуудалд анхаарал хандуулж өгөхийг хүссэн байна. Ар гэрийн зөвшөөрлөөр шинээр ашиглалтанд орж буй хохирогчийг түр хамгаалах байрыг Шинэсаран охины нэрээр нэрлэв.

Улсын дээд шүүхэд гомдол гаргасан нь: Хохирогчийн ээж болон өмгөөлөгчид хяналтын журмаар гомдол гаргасны дагуу хэргийг Улсын дээд шүүхээр хэлэлцүүлэхээр болжээ. Ийнхүү Ч.Шинэсаран охины хэргийн талаарх гомдлыг Улсын дээд шүүх хэлэлцэхээр товлосон бөгөөд шүүхийн хяналтын шатны шийдвэрийг хохирогчийн ар гэр болон олон нийт хүлээж байна.

Б.МӨНХСАРНАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button