“Бодь”-ийнхон 260 км төмөр замын ажил авахын тулд 75 км зам барих мөнгийг авлигад өгсөн үү

Нийгэмд авлига, ашиг сонирхлын зөрчил, танил нүүрний ард өрнөдөг гэх хэргүүд ил болохгүй “үг” болоод л замхрах нь энгийн үзэгдэл болсон. Тэдний нэг нь нүүрсний хэрэг. Гэвч өвөр зуураа нэгнийгээ хянана гэдэг үнэн хэрэгтээ ямар үр дүнд хүрдгийг цөмөөр харав. Авлигатай олон аргаар тэмцэх хувилбар ярьдаг улс төрчид ч энэ удаа хаана хүртэл явж чадах нь анхаарал хандуулах л явц болж байна.
Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар авлигын хэрэгт холбогдсон байж болох баримт дэлгэгдээд буй учраас хуулийн байгууллага хөдлөхгүй байгааг зарим улстөрч хэлж байна. Магадгүй УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний хэлж байгаа шиг “гэмт хэргийн үйл явц дунд байсан гэрчийг хамгаалахгүйгээр” хамгийн гол хүнд хүрч чадахгүй нь ортой ч биз. Тэгвэл төрийн эрх мэдлийг “атгаж” буй МАН-ын хоёр “толгой” хүн хэдэн төгрөгийн хэрэгт холбогдоод байна вэ?
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 260 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг авахын тулд “Бодь”-ийнхон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд 25 сая ам.доллар, Я.Содбаатарт 22 сая ам.доллар гэж байгаа нь тухайн үеийн буюу 2020 оны дундаж ханшаар бодож үзвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд 70 тэрбум 332 сая 500 мянган төгрөг, Содбаатарт 61 тэрбум 892 сая 600 мянган төгрөг атгуулсан гэсэн үг. Нэр бүхий этгээдүүдэд “цүнхээр зөөсөн” гэгдэх 110 сая ам.доллар нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн нийт дүнгийн (1,005.6 сая ам.доллар) 10.94 хувьтай тэнцэж байна. Харин төмөр замын үндсэн бүтээн байгуулалтын хэсэг (474.2 сая ам.доллар) учир 110 сая ам.доллар нь зөвхөн төмөр замын өөрийн өртгийн 23.20 хувь болох нь.
Монголын эдийн засаг нүүрсний экспортоос хамааралтай байсаар ирсэн учир худалдан авалтыг нь унагаахгүй байх ухааныг үе үеийн улстөрчид уралдуулсаар өнөөг хүрсэн билээ. Тэр олны нэг л урд хөрш рүү чиглэсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил юм. Гүйцэтгэгчээр нь “Бодь Интернэшнл” групп ажилласан. Гэвч Үндэсний аюулгүй байдал гэсэн лац хадаад, гэрээнүүдийг ардын нүднээс далдалсан гэдгийг Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар дэлгэв. Гэхдээ энэ асуудлыг шинэ зүйл биш гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэлж байгаа. Тэгвэл шинэ зүйл биш болохоор хариуцлага хүлээлгэж шинэ цагийн салхийг сэвэлзүүлэх хэрэгтэй бус уу.
110 сая ам.доллар нь тухайн үеийн ханшаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын дундаж өртгөөр (1 км нь 1.46 сая ам.доллар) тооцвол ойролцоогоор 75,34 км төмөр зам барих хэмжээний мөнгө болохоор байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам Монгол Улсын экспортыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлнэ гэж байсан ч түүнээс урьдаар холбогдох улс төрчдийн авлигын цүнх “үлэмж түнтийсэн” бололтой.
М.ЖАРГАЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.