Сурвалжилга, Нийтлэл

ЭРГЭН СӨХВӨЛ: “Шарк танк”-ийн онцлох төслүүд санхүүжилтээ авч, зорилгодоо хүрч чадсан уу

Улсдаа нэр нөлөө бүхий томоохон бизнесмэнүүдээр имижээ бүрдүүлж, бизнес эхлүүлэх сонирхолтой хувь хүмүүст боломж олгох зорилготой “Шарк танк” шоу нэвтрүүлгийг 2017 онд Монголд анх нэвтрүүлж, үзэгчдийн хүртээл болгосон. Нэвтрүүлэг гурван бүлэг хийгдэж, олон арван шинэ, сонирхолтой төсөлд шаркууд хөрөнгө оруулахаар тохирч, камерын өмнө гар барьсан. Төслүүдийн зарим нь урагшилж, бүтэж яваа бол заримынх нь хувьд шаркуудын амлалт нэвтрүүлгийн цаана “худлаа” болоод дууссан нь ч бий.

“Худлаа” болох нь энэ нэвтрүүлгийн хувьд тийм ч гайхам содон үзэгдэл биш гэдгийг контент бүтээгч “Монгол ТВ” хэлдэг. Өөрөөр хэлбэл, амьдрал дээр хүмүүс шаркуудаас нэвтрүүлгээр гарсны дагуу санхүүжилтээ авах нь 50-60 хувьтай. Харин Монголын тухайд  90 хувьтай байгаа гэж тэд нэгэнтээ мэдэгдэж байлаа.

Монгол шаркуудын эхний “мандат”-ыг “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат, “МАК” компанийн дэд ерөнхийлөгч Н.Цэлмүүн, “Өгөөж чихэр боов” компанийн захирал С.Түмэнгэрэл, “Хас банк”-ны захирал Г.Амартүвшин, “Монгол базальт” компанийн захирал Л.Ариунболд нар авсан. Нэвтрүүлгийн дараагийн бүлгүүдэд С.Түмэнгэрэл, Л.Ариунболд нар гарч, оронд нь “М Си Эс” группын дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, “Петровис” группын үүсгэн байгуулагч Ж.Оюунгэрэл нар орж ирснийг үзэгчид мэднэ.

Бид “Шарк танк” нэвтрүүлгийн олны анхаарлыг татсан, нөгөөтээгүүр өндөр хүлээлт үүсгэсэн төслүүдээс сорчлон сонгож сурвалжлав.

НЭГ. АМАР АСАР

Б.Бадраа амар аргаар дэлгэгддэг асар зохион бүтээснийгээ дуудлагаар автомашин хучдаг үйлчилгээ болгож өргөжүүлэх том тэмүүлэлтэй шаркуудын өмнө зогсож, нэвтрүүлгийн анхны буюу 2017 оны бүлэгт оролцсон. Түүний автомашин хучих асар нь эвхэгдэнэ, эргээд нэг уяанаас нь татахад босоод ирнэ. Хэрэглэгчдийн дуудсан газар нь хүрч очоод, автомашиныг нь “амар асар”-аараа хучдаг болох ийм төслөө тэр танилцуулсан.

Шаркуудад автомашин хучих үйлчилгээ гэхээс илүү амар дэлгэгддэг асрын зохиомж нь таалагдсан. Зөвхөн автомашин хучих гэлтгүй, хөдөө аж ахуйн салбарт ч ашиглагдах, шаардлагатай үед хоромхон зуур татаад босгочих боломжтой төрөл төрлийн асрууд тэдний нүдэнд харагдсан. Ингээд таван шарк тавуулаа тус бүр 20 сая төгрөгөөр “орж”, компанийн 50 хувийг эзэмшсэн.

Гурван жил өнгөрөхөд автомашин хучдаг “Амар асар” гэж лав дуулдсангүй. Ямартай ч үйлдвэрлэл нь тасраагүй бололтой. Ийн Б.Бадраатай утсаар холбогдож тодруулахад,

“Автомашин хучих санаагаа больсон. Зай талбай их эзэлдэг, машины зогсоолын эздээс зөвшөөрөл авах хэрэгтэй болдог гэхчлэн асуудлууд тулгарсан. Нэгдсэн нэг стандартаар массын үйлдвэрлэл явуулаагүй. Захиалгаар хийдэг. Ашиг огт олоогүй. Одоо сардаа нэг, хоёр асар худалдвал том амжилт. 100 сая төгрөгийг тухайн үед үйл ажиллагаа, эд материал, тоног төхөөрөмж, ажилчдын цалин хөлсөнд зарцуулаад дууссан. Эхлээд зургаан ажилтан аваад ажиллуулсан боловч одоо ажилтангүй болсон” хэмээж байна.

Төсөл хэдий ашиг олоогүй, зогсонги байдалд ороод буй ч шаркууд хувиа “тавиагүй”, мөн дахин хөрөнгө оруулаагүй аж.

ХОЁР. МӨӨЖИГ МӨӨГ

Франц улсад ажиллаж, амьдарч байгаад мөөг ургуулах шинэлэг технологи өвөртлөн эх орондоо ирсэн хөдөлмөрч бүсгүй С.Мөнхжаргал “Мөөжиг Мөөг”-ний төслөө танилцуулсан. Энэ мөн 2017 оны, “Шарк танк”-ийн анхны хөрөнгө оруулсан төслүүдийн нэг юм.

“Мөөжиг мөөг” нь заавал газрын хөрсөнд, том талбайд хүнсний ногоо тариалдаг сэтгэхүйг бут цохисон санаа байв.

Өөрөөр хэлбэл, зүүж, өлгөж болдог богц шиг тусгай хөрснөөс мөөг өөрөө ургаад л байна. Хэрэв циклийг нь тааруулж чадвал хэрэглэгчдийн гар дээр өглөө бүр шинэ мөөг тавих боломжийг энэ төсөл бий болгосон.

Мөөг Л.Чинбат, Г.Амартүвшин шаркуудад таалагдаж, тэд тус бүр компанийн 25, нийт 50 хувийг эзэмшиж, 110 сая төгрөгийн санхүүжилт олгохоор тохирсон. “Мөөжиг мөөг” амжилттай, өнөөг хүртэл зардлаа нөхөж, шахаж ажилласаар байна.

Бид С.Мөнхжаргалтай холбогдож тодрууллаа. Өнгөрөгч онд компани 20 сая төгрөний алдагдалтай ажиллажээ. Ирэх онд алдагдалгүй ажиллана гэсэн итгэл тээж байна. Л.Чинбат шарк Дархан-Уул аймагт үйлдвэрийн байр гаргаж өгсөн бол Г.Амартүвшин шарк банкандаа бага хүүтэй зээл олгожээ. Эцсийн дүндээ алдагдалтай ажиллаж байгаа ч үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмж чадсан. “Мөөжиг мөөг” “Гацуурт” компанийн сүлжээ дэлгүүрүүд болон нэр бүхий супермаркетуудаар худалдаалагдаж буй. С.Мөнхжаргал, “Шаркууд маш цаг завгүй ажилладаг хүмүүс. Өөрсдөө очиж уулзаж, зөвлөгөө авахгүй бол байнга бидний үйл ажиллагаанд санаа тавиад байх боломжгүй. Тэгээд ч энэ үйлдвэрлэл урт хугацаандаа босож ирдэг салбар” гэдгийг онцлон хэлж байв.

ГУРАВ. "АРВИ” АНХДАГЧ ҮНИЙН ДЭЛГҮҮР

“Арви” анхдагч үнийн дэлгүүрийн төсөл 2017 оны “Шарк танк”-д хүч үзсэн. Бизнесийн концепц нь маш сонирхолтой. Төслөө танилцуулахаар орж ирсэн эдийн засагч мэргэжилтэй Б.Ойдов эхэндээ шаркуудыг мэл гайхуулж, эргэлзүүлж байсан ч эцэстээ С.Түмэнгэрэл, Л.Чинбат нараас санхүүжилт авах тохироог хийж чадсан. Ялангуяа С.Түмэнгэрэл шаркад төсөл таалагдаж, тэр Л.Чинбатыг хамтарч орохыг гуйсан байдаг. Тэд тус бүр 20, нийтдээ 40 хувийг эзэмшиж, 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон.

Б.Ойдовын санаа ашиг олоход биш, нийгмийн хариуцлагаа үүрэхэд чиглэсэн байв. “Арви” дэлгүүр бүх бараагаа нэмүү өртөг, ашгийн хувь шингээхгүй, цэвэр үйлдвэрийн үнээр нь худалдана. Өөрөөр хэлбэл зах зээл дээрээс даруй 30 хувиар хямд худалдана гэсэн үг. Харин үйлчлүүлэгчид “Арви”-д гишүүнчлэлтэй болох ёстой. Гишүүний хураамжийг нэг жилийн 50 мянган төгрөг хэмээж байв. Ингээд ашиг олох эх үүсвэр нь ердөө гишүүний хураамж болж буй. 3000 гишүүнтэй болчихвол зардлаа нөхчихнө гэж Б.Ойдов ярьж байлаа.

Хэрэв төсөл амжилттай хэрэгжсэн бол одоо гишүүнээр бүртгүүлээд үйлдвэрийн үнээр бараа худалдан авах боломжтой “Арви” дэлгүүр энд тэндгүй олон болох байсан биз. Гэвч нэвтрүүлэгт орохоос өмнө байсан нэг салбартаа тэд үйл ажиллагаа явуулж байна.

Бид Б.Ойдовтой холбогдов. Үнэндээ дэлгэцийн ард тохироо өөрөөр эргэж, “Арви” санхүүжилтээ авч чадалгүй өнгөрсөн байна. Гэвч “Шарк танк” нэвтрүүлэг бизнесийг нь олон хүнд таниулахад том үүрэг гүйцэтгэсэн гэдэг байр суурийг илэрхийлж байв.

Санхүүжилт аваагүй ч амжилттай яваа аж. Одоогоор 2500 гишүүнтэй болж, санхүүгийн үзүүлэлтээ энэ жилээс эерэг утга руу оруулж байгаа гэнэ.

Мөн 6000 гаруй нэр төрлийн барааг дэлгүүртээ анхдагч үнээр нь борлуулж байна. Хэрэглэгч юм уу үйлдвэрлэгчийн талаас ямар нэг маргаан үүссэн тохиолдол гараагүй гэнэ.

ДӨРӨВ. "УЯАЧ” АППЛИКЕЙШН

“Уяач” бол хурдан морины удмын сангийн бүртгэл хөтлөх боломжтой, голдуу уяачдад зориулсан аппликейшн. “Шарк танк”-ын 2017 оны дугаарт хүч үзэхдээ iOS системд нэвтэрч, анхны хэрэглэгчдээ татсан байсан. Компанийн үүсгэн байгуулагч Б.Артур 6 хувийн хувьцааг 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын санал тавьж байв.

Төслийн ирээдүйд өсөн дэвших боломжийг том зургаар нь, уяачдын адуугаа худалддаг, арилждаг зах зээл болох түвшинд нь харсан Г.Амартүвшин, Л.Чинбат шаркууд төсөлд хамтран орж, 6 хувийг нь 15 болгох санал тавьсан. Б.Артур татгалзаж, 6 хувиа 8 болгож өсгөх боломжтой хэмээж байв. Харин ингэвэл Л.Чинбат шаркын хувьд шууд гарна гэдгээ илэрхийлсэн. Ингээд тэдний саналыг хүлээн авч байв.

Өнөөдөр “Уяач” аппликейшнийг хүмүүс татаж, хэрэглэж байна. Харин тухайн үед авсан санхүүжилтээ хэрхэн зарсан, одоо хэр амжилттай явааг нь тодруулахаар Б.Артуртай холбогдсон ч мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

ТАВ. "ТОХИЛОГ СУУЦ” ТӨСӨЛ

“Шарк танк” нэвтрүүлгийн хоёр дугаар улиралд оролцож нийгэмд “бүүм” тарьсан хосууд бол Б.Батбилэг, Г.Дэлгэрнасан нар. Тэд орон нутагт 0.07 га газрыг худалдан авч, халаалт бүхий 100 м.кв хүртэл хэмжээтэй амины орон сууцыг бариад буцаан худалдах бизнес эрхэлдэг. Хосууд 70 сая төгрөгийн санхүүжилт хүсэж, компанийнхаа 20 хувийг санал болгосон. Хүссэндээ ч хүрсэн.

Б.Батбилэгийн туулсан хүнд амьдрал Д.Энхтүвшин, Г.Амартүвшин тэргүүтэй шаркуудыг уйлуулж, сэтгэлийн утсыг нь хөндсөн. Уярал хайлал дунд өнгөрсөн, тэдний оролцсон дугаар.

Нэвтрүүлэг цацагдсанаас урт биш хугацааны дараа Б.Батбилэгийн гэр бүл анхны байшингаа амжилттай барилаа гэсэн мэдээлэл түгж байв. Харин одоогоор үйл ажиллагаа явуулж буй эсэх нь тодорхой бус байна. “Тохилог сууц” фэйсбүүк хуудсанд нь нэг жилийн турш ямар ч мэдээлэл шинэчлэгдээгүй. Уг нь тогтмол барилгын үйл явцын талаар зураг, бичлэг, зар оруулдаг байжээ. Мөн холбогдох утасны дугаар луу нь удаа дараа залгасан ч холбогдсонгүй.

ЗУРГАА. БҮЖИНД ТОХИОЛДСОН ЯВДЛУУД

10 настай Б.Индра охин “Бүжинд тохиолдсон явдал” нэртэй цуврал зурагт ном зохиож, түүнийгээ олон ширхгээр хэвлүүлэх хүсэл тээн “Шарк танк”-ыг зорьсон. Цовоо сэргэлэн, хүсэл тэмүүлэл дүүрэн бас хэрсүү өнгө аясаар шаркуудад төслөө эвлэгхэн танилцуулсан нь мөн л нийгэмд нэг давалгааг үүсгээд амжсан. Б.Индраг шарк Н.Цэлмүүн дэмжихээр болж, 25 сая төгрөгийн санхүүжилт олгосон.

“Бүжинд тохиолдсон явдлууд” асуудалгүй хэвлэгдэж, өдгөө дөрвөн цуврал болж өргөжсөн. Онлайн хүргэлтийн болон суурин бүх номын дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй. Б.Индра охин цаашид уг зохиолоороо хүүхэлдэйн кино бүтээх зорилго тавьсан тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-05-08 14:31

шарк танк бол үнэндээ их наядтангуудийн мөнгө угаах хэрэгсэл хөөрхий ждүчидээ гэж молигдуулсаар л байх

чука
чука
2020-05-08 15:09

Дахиад илүү суд�##�гаа хийгээд бичвэл сонирхолтой сэдэв байнадаа сэтгүүлчээ

Зочин
Зочин
2020-05-09 10:04

5 6 бол дажгүй байгаа шд хө

нэр
нэр
2020-05-25 15:18

Бүжинтэй ном зураачаа солих хэрэгтэй шүү, сэдэв нь дажгүй боловч тэр ээж нь зурсан гээд хүүхэд айлгахаар юм зурсан байхын

Холбоотой мэдээ

Back to top button