СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

СУРВАЛЖИЛГА: “Морин хуурын хугархай толгойг 15 000-аас яриад 10 000-д өгнө”

Сонгууль дөхөж, хүмүүс улс төржицгөөж эхэллээ. Цар тахлын аюул ч дэргэд түгшүүр цохисоор энэ цаг үе “сонин” гэсэн бичигтэй пайз зүүж байна.

Нөгөө талд амьдрал нь цаг үеэсээ төдий их хамааралгүй мэт ажин түжин аж төрсөөр байдаг нийгмийн эмзэг давхаргын төлөөлөл байдаг. Тогтсон орон гэргүй, орлогогүй, ихэнхдээ архины хамааралтай тийм хүмүүсийг бид янз янзаар нэрлэдэг.

Тэдний амьдрал яг ийм сонин цаг үед ямар байгааг сурвалжлахаар Нарантуул захын хойт хаалгыг зорьсон юм. Тэр хавийг “Мангасын ам” гэж бид өөр зуураа нэрийддэг билээ. “Гудамны” гэсэн тодотгол зүүх хир даг болсон хувцастай, хэцүү дүр төрхтэй улс “Мангасын ам”-ыг тойроод нүүдлийн шувуу шиг сууж байдаг сан. Тэдэнтэй л ний нуугүй уудлалцаж, өнөөдрийн тухай, амьдралын тухай асууя гэж санасан хэрэг.

Харин очтол “Мангасын ам” байхгүй болчхож. Тэнд засвар хийж, цэгцэлжээ. Сагс түрэн жижиглэнгийн бараа худалдах хэд гурван наймаачид, зах руу орохоор хөлхөлдөх хүн зоноос өөр дүр зураг Нарантуулын хойт хаалган дээр харагдсангүй.

-ХАРИН ЭРДЭНЭСИЙН АРАЛ БАЙНА-

Хаалгаар явж орвол машинуудын тухтай, чөлөөтэй орж гарах боломж шийдэгдсэн бололтой харагдав. Замд таарч тээглэх хүн хар, сагс тэрэг байсангүй. Эмх цэгц, харж дадсанаас өөр байр байдал ноёрхжээ.

Гэхдээ жаал цааш явбал хөлхөлдөх олны дунд “Эрдэнэсийн арал” байж байна. Энэ бол  танил газар л даа. Зарж, худалдаж болох юу л байна бүгдийг нь өмнөө дэлгээд тавьчихсан үнэ хэлж суух хэсэг хүмүүс. Гурав, дөрвөн эгнээ болж суугаад тэр хавийн нэжгээд ам дөрвөлжин талбайг эзэлсэн “эрдэнэсийн” худалдаачид.

Хүмүүсийн хөл ч тасрахгүй юм, тэрүүгээр. Үзсэн, сонирхсон, асуусан хүмүүс олноороо. Нөгөө архины хамааралтай гэж соёлтойгоор нэрлэдэг хүмүүс харин үүгээр түүгээр “тасарчихсан” хэвтэх нь хаа нэг аж. Ингээд сурвалжилгын сэдэв “Мангасын ам”-наас “Эрдэнэсийн арал” руу шилжсэн хэрэг.

ХАМГИЙН ЭХЛЭЭД МАХНЫ МАШИН

“Эрдэнэсийн арал”-ыг нэг үзүүрээс нь нар буруу тойрлоо. Хамгийн эхлээд өмнөө хуучин махны машин тавьсан эмэгтэй тааралдаж байна. 25 мянган төгрөг аж. “Жинхэнэ хуучны орос машин ш дээ”. Махны машиныхаа ир, хутга зэрэг запасны эд ангиудыг бас тусад нь худалдаж байна. “Ямар ч асуудалгүй, гэм нь аваад жаал угаах байх” гэнэ ээ.

Түүний хажууд хэдэн түрийвч, усны сав, гар утасны цэнэглэгч сэлт дэлгэсэн эрэгтэй, эмэгтэй хоёр сууж байна. Мэдээж бүгд хуучин, тоостой. Сэмэрсэн, эмтэрсэн. Түрийвч нь 5 мянган төгрөгийн үнэтэй. Уг нь дээрээ “LV” гэсэн бичигтэй аж. Харин хэрэглэж, хэрэглэж ханаад хог руу хаячхаж гэмээр халтар усны сав 1000 төгрөг. Харин гар утасны цэнэглэгчүүд ширхэг нь 500 төгрөг.

Түүний хажууд бусдаасаа нэлээд том “лангуутай” эхнэр, нөхөр байрын хоёр хүн ажиллаж байлаа. Томоосоо жижиг хүртэл зэвэрсэн, зэврээгүй төмөр эд зүйлс овоолгоостой харагдана. Хөрөөний ир, янз янзын гинж, хачин хачин муруй, сарий төмөрнүүд. Тэр дунд нь хаанаас зөөгөөд аваад ирээ бол гэмээр том оо чулуу байх. Харахад энгийн л чулуу, ургаа хад шиг. Тэгтэл зарж байна, үүнийг. 250 мянган төгрөг. Ямар учиртай юм гэвэл бөөрөнд сайн чулуу гэж тайлбарлалаа. “Ямар нэртэй чулуу вэ?” гэвэл “Үзэмман” гэж хариуллаа. Үзэммар, эсвэл үжинман гэсэн ч байж магадгүй. Тийм нэр хожим нь хайгаад олоогүй юм.

Тэнд бас шагай ч зарж байна. Ширхэг нь 300 төгрөг. “Цэвэрлэчихсэн юм уу?” гэвэл, “Өө, нэг л угаасан байх” гэж байна. Дахин хараа бэлчээж байтал сонин юм харах нь тэр. Морин хуурын хугархай толгой. Үүнийг хэн авах юм бэ. Арай зарж байгаа юм биш биз. Ингэж бодоод асуувал, “Наадхыг чинь 15-с яриад 10-т өгнө шүү” гэдэг юм байна.

-ОРОСООС ОРЖ ИРДЭГ ЮМ ШҮҮ ДЭЭ-

Ингээд цаашиллаа. Явсаар гар утас, гар утасны баттерей зардаг хоёр эртэй танилцлаа. “Samsung”-ийн хэдэн гар утас байна аа. 10 мянган төгрөгөөр авч болох юм байна. Тэдний хэлж буйгаар асуудалгүй ажиллана. Бас бугуйн цагнууд өлгөөстэй. Цагийг яг зааж байна. Эднийгээ 500 төгрөгөөр зардаг. Ихэнхдээ эвдэрхий, засвар авахгүй цаг ирдэг тул цөөн хэдийг нь янзлаад зарна, олонхдоо шууд сэлбэгэнд өгдөг гэнэ. Харин хайрцганд хийсэн гарутасны баттерейнууд ширхэг нь 2 мянган төгрөг гэж байна. “Эд нарыг хаанаас цуглуулдаг вэ?” гэж сониучирхвал “Өө, эвдэрхий гар утаснаас салгаж аваад ийшээ хийгээд байна, хийгээд байна. Хийгээд л байна, хийгээд л байна” гэж дахин давтан зангаж хариулав. Бид инээлдээд саллаа.

Хамгийн эерэг энерги цацруулж байсан хэсэг бол хүүхдийн тоглоом худалдах эхнэр, нөхөр хоёр. Тэдний хандлага, харилцаа ч бусдаасаа өөр, энгийн юм байна. Удирдлагатай машины моторуудыг салгаж аваад ширхгийг нь 500 төгрөгөөр зардаг нь их хэрэгтэй юм. ЕБС-ийн Технологийн хичээл дээр сурагчид өөрөө явдаг машин хийдэг. Тэгэхэд мотор олддоггүй юм билээ.

Тэд, “Хүүхдүүд ирээд хуу хамаад л яваад явдаг юм. Нэг жаал байн байн ирж мотор аваад байсан. Гэтэл ангийнхаа хүүхдүүдэд 5 мянга болгож, дамлаж зарсан байгаа юм. Найзууд нь ирж мэдчихээд, чи намайг шулж байжээ гээд л шаагилдаж байсан” хэмээгээд инээлдлээ. Эхнэр, нөхөр хоёр хуучин тоглоомуудыг боломжоор нь засаж сэлбэж, эвлүүлж нийлүүлээд зардаг гэнэ ээ. Удирдлага, мотор юм юм нь бүрдэж чадвал тэр хамгийн үнэтэй тоглоом, 35 мянган төгрөг.

Хүүхдийн тоглоомноос цааш явтал нэг угаарын баг сонирхол татав. Цор ганцаар. Үнийг нь асуувал 25 мянга. “Энийг юунд зүүдэг юм бэ?” гэвэл, “Аа, хорт утаа, мутаа гээд л” гэж хариулав. “Хаанаас авчирсан бэ?” гэж сониучирхвал “Наадхыг чинь угаасаа Оросоос оруулж ирдэг юм шүү дээ” гэлээ.

-БИД ЦУГЛУУЛДАГ, ЭРГҮҮЛЭЭД ЗАРДАГ-

Ингээд эрээвэр хураавар хуучин хувцас, ном, хүүхдийн тоглоом, гар утасны цэнэглэгчүүдийн хажуугаар явсаар төгсгөлд нь хуучны шаазан, гуулин эдлэл зардаг өөр нэгэн эхнэр, нөхөр хоёр дээр ирлээ. Эднийд социализмын үеийн шаазан монгол гутал, гүц зэрэг сувенир, гал тогооны хэрэгслүүд олон байна. “Бид эртний эдлэл цуглуулаад, эргүүлээд зардаг” гэх тэд олон юм худалдаж авбал ярилцаад өгнө гэж байна. “Танай хамгийн үнэтэй бараа аль байна вэ?” гэж асуувал монгол хийцийн Энх-Амгалан хаан гэж заалаа. “Авна гэвэл миний гар утсыг тэмдэглээд ав. Очоод үз, хар” гэлцэнэ. Гражинд бусад бараануудаа хураасан байгаа гэнэ.

Тэдний эсрэг талд нэг эр үнэртэй усны худалдаа хийж байна аа. Тэнд нь эмэгтэйчүүд шавчхаж. Гартаа, бугуйндаа түрхэж үзээд л үнэрлэцгээж байна. Намайг өнгиймөгц, “Эрэгтэй уснууд үүгээр байна” хэмээн зааж өгөв. 4-5 мянган төгрөгийн хооронд үнэтэй аж.

 “Эрдэнэсийн арал”-ын сонин хачныг ерөнхийлөн тоймлоход нэг иймэрхүү. Худалдаачид халуун савтай цай ууж, хуушуур идэнгээ бараагаа сурталчилна. Үнэ хэлж, ярилцаж, буулгаж сууна. Магадгүй хэрэгтэй хүндээ хайгаад олддоггүй эд зүйлс үүгээр дүүрэн. Нарантуулын хойд хаалган дээр олон жил оршин тогтнож буй “Эрдэнэсийн арал” ашигтай, орлоготой болоод л байсаар байдаг биз ээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Б####иар заваан хог ухаж зардаг хүмүүсийг юуг нь өхөөрддөг байна аа. Өөрсөдтэй нь адилхан ядарсан заваан юмнууд л эндээс юм худ####даж авдаг байх. Ийм газрыг хориглох хэрэгтэй ёстой жинхэнэ х####дварт өвчин гарна шүү.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button