Сурвалжилга, Нийтлэл

СЭДЭВ: Нийслэлчүүдийг царай таньдаг камераар “хянах” мөрөөдөл салхинд хийсэх үү

Өнөөдөр /2020.06.24/ 2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтын өдөр. Маргааш гэхэд шинэ парламентыг бүрдүүлэх гишүүдийн нэрс тодорхой болж, төд удалгүй шинэ засаг ч бүрдэнэ.

Харин шинэ засаг гараад хуучин засгийнхаа эхлүүлсэн, төлөвлөсөн ажлыг үргэлжлүүлдэггүй, зогсоодог эсвэл өөрчилдөг байдал бий. Энэ удаа хэрхэхийг хэлж мэдэхгүй бөгөөд “Ингэнэ” гэсэн урьдчилсан таамаг тавьж болохгүй.

Гэхдээ засаг солигдвол салхинд хийсэж мэдэх нэг бүтээн байгуулалт байгаа нь Нийслэлд царай  таньдаг камер суурилуулах төлөвлөгөө юм. Энэ бол өнгөрөгч тавдугаар сараас эхлэн яригдсан, “Аюулгүй хот” төслийн хүрээнд хийгдэх үйл ажиллагаа. Тодруулбал энэ онд нийт 2000 байршилд буюу хотын суурьшлын бүсийн 40 хувийг камержуулна гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг мэдээлж байлаа.

Харин “царай таньдаг” гэж онцлох болсон шалтгаан нь Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы мэдэгдлээс эхтэй. Тэрбээр яриандаа, “Царай, дугаар, шинж чанараар нь автомашин, хүмүүсийн хөдөлгөөнийг таньдаг системийг нэвтрүүлнэ” гэжээ.

Тухайн үед яг ямар хэлбэрээр ажилладаг камерыг, аль улсаас оруулж ирэх нь тодорхой бололгүй асуудал намжсан. Ямартай ч ингэснээр гэмт хэргийн гаралтыг 40-50 хувь бууруулна гэж албаны хүмүүс тооцжээ. Үүнийг гурван үе шаттайгаар хийж дуусахад хотын суурьшлын 80 хувь нь камержих бөгөөд нийт 100-120 тэрбум төгрөг шаардлагатай гэв.


Харин энэ нь араасаа хууль эрх зүйн асуудал дагуулсан. Тухайлбал хэрэв камераар иргэний царайг таньж, хувийн мэдээллийг нь тодорхой үйл ажиллагаанд ашиглавал энэ нь хувь хүний халдашгүй эрхийг зөрчсөн асуудал болно гэх. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийг зөрчинө. Иймд энэ талаар эхлээд хуульчилж, хуульд тусгаж өгсний дараа царай таних камерыг нэвтрүүлэх ёстой хэмээх байр суурийг хүний эрхийн хуульчид илэрхийлж байлаа.

“Бараг сарын дараагаас камераа зоогоод эхэлнэ. Аравдугаар сарын 1 гэхэд 2000 байршлын камераа суурилуулж дуусна” гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг хэвлэлд ярьж байжээ. Удалгүй сонгууль ч дөхөж, камер манатай болцгоосон биз. Учир нь өнөөдөр юу ч тодорхой биш байна.

Үйл явцыг тодруулахаар О.Чинзориг даргатай холбогдоход, “Би яг сайн мэдэхгүй байна. Манайхан хуралд орчихсон байна” гэдэг хариуг өгөв. Түүний холбож өгсөн утасны дугаар нь хэд хэд залгаад авсангүй.

“Аюулгүй хот” төсөл, царай таньдаг камер гэхчлэн асуудал анх яригдаж эхлэхэд л яг ямар камер оруулж ирэх нь тодорхой болоогүй байсан. 2000 байршлын хэд нь царай таньдаг, хэд нь үйлдэл илрүүлдэг, хэд нь автомашины дугаар хянадаг камер байхыг ч онцлоогүй. “Судлах ажил хийгдэж байна” гэсэн өгүүлбэр л өнөөдөр хэвлэлүүдээр дурайж харагдана.


Үнэн хэрэгтээ өнөөдрийн байдлаар Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс хянадаг 3689 камерын 2100 нь ямар нэг гэмтэлтэй. Энд тэнд байршсан хяналтын камерууд иргэдийг “айлгах” ч ажилладаг эсэх нь тодорхойгүй. Яг хэргийг нь гаргаад автомашины дугаар шүүе, хүний царайг тоймлоод авъя гэхээр дүрс чанарын шаардлага хангадаггүй. Ийм мэт байдал бий гэдэгтэй хэн бүхэн санал нэгдэнэ.

Товчоор хэлэхэд гэмт хэргийн гаралтыг бууруулахын тулд хийж хэрэгжүүлэх зөвт санаачилга гэж үнэлж болох ч хийхээсээ хэлэх нь урьтжээ. Салхинд хийсдэг олон мөрөөдлүүдийн нэг болох уу, царай таньдаг камер.

Царай таньдаг камер гэдэг нь тухайн иргэний өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр, нүүрнийх нь хэлбэрээр шууд хувь хүнийг хэн гэдгийг таньж, улмаар түүнд холбогдох бүх мэдээллийг гаргаж ирэх бололцоог олгож байгаа. БНХАУ-д хэрэгждэг хамгийн тод жишиг. Тэдний хувьд Үндсэн хуульдаа царай таних камерыг зөвшөөрсөн агуулга бүхий зүйл заалтыг тусгаж өгсөн байдаг.

Зарим орнуудад царай таних камер ашиглах хориотой байх нь ч бий. “Doxxing” буюу хувь хүний мэдээлэл албаны хүмүүсийн зөвшөөрөлтэйгээр задрах явдалд таагүй ханддаг нийгмийн хэсэг бүлэг үргэлж байдаг. Тэдний хувьд өөрсдөө зөвшөөрөөгүй байхад хэн нэгэн “засгийн газрын этгээд” бүх мэдээллийг нь хянана гэдэг байж боломгүй үйлдэл гэх. Энэ цаашлаад өргөн сэдвийн хүрээнд өрнөдөг асуудал юм билээ.

Ямартай ч процессын хувьд харахад эхлээд хууль эрх зүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй нь ойлгомжтой байна. Түүнчлэн дээр дурдсанаар ямар улсаас ямар хэлбэрээр ажилладаг камер нэвтрүүлэх нь тодорхой болох хэрэгтэй. Эдгээрийн аль аль нь бүрхэг, сонгуулийн уур амьсгалд хав дарагдаад өнгөрчээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button