УЛС ТӨР

О.Цогтгэрэл: “Бүхнийг сайхан болгоно” гэсэн хоосон тунхгаас өөр ямар ч төлөвлөгөө алга, энэ төрд

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлтэй 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийн тодотголын талаар ярилцаж, байр суурийг нь сонслоо.  

-ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ СОНГУУЛЬ ХҮЛЭЭХГҮЙГЭЭР ЭРТ ХИЙХ БАЙСАН, СЭТГЭЛ ДУНДУУР БАЙНА-

-УИХ-ын ээлжит бус чуулганаар 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталлаа. Ийм их алдагдалтай төсөв баталж байгаад шүүмжлэлтэй хандаж үзэл бодлоо илэрхийлсэн гишүүдийн нэг нь та. Төсвийн тодотголын талаар манай уншигчдад байр сууриа илэрхийлээч?

-Төсвийн тодотголыг сонгууль, улс төр гэж хүлээлгүйгээр эрт хийх ёстой байсан. Төсөвтөө засвар, өөрчлөлт оруулаад, тодотгоод явах бол тийм ч муу зүйл биш юм, уг нь. Коронавирусийн цар тахал дэгдээд дэлхий нийт шокийн нөхцөл байдалд орно гэдгийг хэн ч тааварлаагүй. Ийм тааварлашгүй нөхцөл байдал нэгэнт үүссэн тул түүндээ тохируулаад, дасан зохицсон төсвийн тодотголыг маш эрт хийх ёстой байсан.

Төсвийн тодотголд сэтгэл дундуур байна. Анх удаа парламентад сонгогдоод ажиллаж байна. Байгаа юмыг байгаа чигээр нь урсгасан, баахан өр зээл тавьсан төсөв болчихлоо. Энэ хүнд хэцүү нөхцөл байдлыг далимдуулан эдийн засгийн бүтцээ зөв зүг чиг рүү өөрчлөөд авсан ч болоосой. Тэр тусмаа эдийн засаг дахь төрийн үүрэг оролцоог нилээн шинэ түвшинд гаргаж, шинэ зүг рүү  өөрчлөх боломж гэж бодож байна.

Төсвийн алдагдлын 4.8 их наяд төгрөг маш том тоо. Хэт их  тоо учраас хүмүүс тэр болгон тогтоож авч, ойшоож үзэхгүй байх шиг харагддаг. Монгол Улс 2020 онд 9.7 их наяд төгрөгийн орлого олохоор төсөөлсөн. Энэ олж буй орлогынхоо тал хэмжээтэй тэнцэхүйц зээлийг энэ жилийнхээ хэрэглээнд авна гэсэн үг. Монгол Улсын нийт мал 70 сая, үүнээс хонь нь 32 сая. Төлөг, хурга бүгдийг оруулаад дунджийг нь 150,000 төгрөгөөр бодоход бүх хонины үнэлгээ 4.8 их наяд төгрөг болно. Бүх хонио нэг жилийнхээ өрөндөө тавьчихлаа гэсэн үг. Өмнөх сарын байдлаар Монголын банкууд дээр байгаа иргэдийн орон сууцны ипотекийн зээлийн мөнгө мөн ийм хэмжээтэй байна. Улаанбаатарын гэр хороололд байгаа 180,000 өрхийнхөө 100 мянган өрхийг орон сууцжуулах хэмжээний мөнгө. Монгол Улсын иргэдийн хэрэглээний зээлийн дүн 5 их наядаар хэмжигддэг. Ингээд харьцуулаад харахаар ямар их алдагдалтай төсөв батлагдсан бэ гэдэг нь харагдана. Хамгийн гол нь ажлын байр бий болгохгүй, ажил хийж байгаа иргэдээ, бизнесээ дэмжихгүй, Монгол Улсад шингэж үлдэх зүйл багатай төсвийн тодотгол хийгдлээ. Ихэнх хөрөнгө оруулалт маргааш нь доллар, юань болоод гадагшаа урсана. Товчоор хэлбэл импортыг дэмжих төсөв болчихлоо гэж хэлмээр байна.

-Монгол Улсын Засгийн газар гадаад зах зээлээс авсан зээлээ эргэн төлж чадахгүй болох асуудал 2017 онд хурцаар тавигдаж байсан. Улмаар ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж, аврагдсан. Одоо 2021 оноос томоохон бондуудын эргэн төлөлт эхэлнэ. Ийм алдагдалтай төсөв баталсан болохоор 2017 оны хувь заяа давтагдахгүй гэх баталгаа алга гэж харагдаж байна л дээ?

-Төсвийн алдагдал хоёр оронтой тоонд орж хүнд нөхцөл байдалд орсон үед буюу 2017 онд ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан. Энэхүү хөтөлбөр энэ жил дууслаа. Харамсалтай нь ОУВС-ийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжлээ гэж дүгнэх гээд байх шиг байна. Гэтэл “Төсвийн алдагдал чинь хоёр оронтой тоонд орчихлоо” гээд ОУВС-гийн хөтөлбөрт орсон. Хөтөлбөр дуусахад дахиад хоёр оронтой тоо бүхий төсвийн алдагдалтай л сууж байна. Төсвийн алдагдал гэхээр зарим нь ойлгохгүй байх шиг байна. Төсвийн дутууг хаанаас нөхөх үү, хэнээс зээл авах вэ, Монгол Улсын өр хэдээр нэмэгдэх вэ гэсэн л үг шүү дээ.

-ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 60-90 ХУВЬ НЬ ГАДАГШАА УРСДАГ.

-Та УИХ-ын чуулганы хуралдааны үеэр импортоор урсаад гарах тодотгол болчихлоо гэж хэлж байсан.

-2021 онд төвөгтэй байдал бүхий ирээдүй биднийг хүлээж байна. Коронавирусийн цар тахал яах нь тодорхойгүй байна. Гэтэл, нэгдүгээр зарчим нь Монголын эдийн засаг V хэлбэрээр өснө гэсэн өөдрөг төсөөлөлтэй байх шиг байна. Хоёрдугаарт, Хятадын эдийн сайжирч байна гээд байгаа. Эдийн засаг V хэлбэрээр өсөхгүй бол яах вэ, БНХАУ-ын эдийн сайжрахгүй бол яах вэ. Үүний үндсэн дээр хэрэгжүүлэх нөөц хувилбар манайд байхгүй байна. БНХАУ-ын эдийн засаг өөрөө онцлогтой. Тодруулбал, төрөөсөө төсвөөсөө зарцуулж байгаа мөнгө бүхэн нь дотооддоо шингэдэг. Манайх яг түүнтэй адилтгаж сэтгээд байгаа нь маш том алдаа. Манай улсын төсвийн хөрөнгө оруулалтын бүтцийг харахаар 60-90 хувь нь гадагшаа урсдаг. Тухайлбал, нэг байшин барилаа гэж бодъё. Цемент, хүний хөдөлмөрөөс бусад мөнгө импортын бараанд гадагшаа урсана. Нэг ширхэг хадааснаас эхлээд хаалга цонх, арматур гээд бүгдийг л импортоор авдаг. Ийм учраас л төсвийн тодотгол зарчмын хувьд буруу хийгдлээ. Коронавирусийн үед байндаа тусаагүй бодлого болчихлоо. Төсвөөс гарч байгаа мөнгө бүхэн дотоодын бизнесүүдээ, экспортоо дэмжсэн чиглэлд зарцуулагдаасай гэж хүссэн. Олонхоороо батлах нь тодорхой байсан ч, дэмжихгүй гэх байр сууриа тухай бүрд нь илэрхийлсэн.  

-Төсвийн тодотголоос шүүмжлэл дагуулсан нэг асуудал нь хөрөнгө оруулалтын зардлаас бараг л танаагүй гэх шүүмжлэл. Өөрөөр хэлбэл төсвийн тэвчиж болох зардлыг хэмнэж чадсангүй?

-Сүүлийн хэдхэн жилд Сүхбаатарын талбай тойроод асар олон барилга баригдаж байна. Монголбанкны 16 давхар, ХЗДХ-ийн яамны контор, ТЕГ болон ЦЕГ-ын асар том барилгууд байна. Улаанбаатар хотын захиргаа энэ контороо орхиод Яармагт шинийг барьж байна. Хаа сайгүй дүүрэн барилга. Эдийн засагт нэг том гажиг байгаа нь үүнээс харагдаж байгаа юм л даа. Хотын төвийн бүх бизнесүүд зогсож, оффисууд хоосорч байна. Гэтэл төрийн оффисууд асар хурдтайгаар баригдаад байдаг. Бизнесүүд нь мөнгөгүй болоод эргэлтгүй болчхоод байхад төр нь том том шилэн барилга бариад байдаг. “Шувууд нэг л буруу дэвээд байна даа” гэдэг үг байдаг даа. Түүн шиг л юм болоод байна. Буруу яваад байгаа мэдрэмж бизнесийг ойлгодог хүмүүст төрж байгаа байх. Энэ жилийн хөрөнгө оруулалт ирэх жилийн урсгал зардлууд болж хувирна. Өөрөөр хэлбэл баригдаж буй барилгууд ирэх жил хүнээр, тавилгаар, машинаар дүүрнэ. Ингээд л бензин шатахуун, цалингийн зардлууд урсаж эхэлнэ.   

-ХЭДЭН ИХ НАЯДААР ЗАРЦУУЛАГДАЖ БАЙГАА ТӨСӨВТ ӨГӨӨЖ БАЙХ ЁСТОЙ. ГЭТЭЛ МОНГОЛЫН ТӨР ҮҮНИЙГ ТООЦДОГГҮЙ, ЯРЬДАГГҮЙ-

-Жил жилийн төсвийн ихэнх нь Хэнтий, Ховд, Увс гэсэн хэдхэн аймгуудад ихээр хуваарилагддаг гэдэг шүүмжлэл дагуулдаг. Өөрөөр хэлбэл төсвийн тэгш бус хуваарилалтын асуудалд та ямар байр суурьтай явдаг вэ?

-Төсвийн тэгш бус хуваарилалт, төсвийн хөрөнгө оруулалтын өгөөж гэдэг ойлголт манайд ерөөсөө байдаггүй. Хэдэн их наядаар зарцуулагдаж байгаа төсөвт өгөөж байх ёстой шүү дээ. Өгөөж бол зөвхөн ашгийн тухай яриа биш, ашгаас том яриа. Гэтэл Монголын төр үүнийг тооцдоггүй, ярьдаггүй. Нэг байшин бариад л хаядаг. Хоосон байна уу, хүнээр дүүрнэ үү хэнд ч хамаагүй.

-Төсвийн өгөөжийн тухай та ярих уу?

-2021 оны төсөв орж ирэх үеэр би энэ тухай ярина. Байр сууриа илэрхийлж дуугарна. Хэнтийд улсын төсвийн хэдэн тэрбумаар баригдсан хэд хэдэн барилгын үрэлгэн, өгөөжгүй байдал иргэдийн нүдэн дээр ил гарч ирж байна шүү дээ. Энэ засгийн, тэр засгийн гэж ялгах зүйлгүй. Ерөөс өнгөрсөн 30 жилийн л алдаа ийм байгаа юм. Коронавирусийн цар тахлын дараа эдийн засгийн бүтцийг өөрчилж төр өөрөө хөнгөхөн ажилладаг болохгүй бол болохоо байгаад байна. Хөнгөхөн төр гэдэг нь байшин сав, өмч, эд хөрөнгө гэхээсээ илүү төрийн үйлчилгээ, бодлого шийдвэр, зохицуулалтдаа илүү анхаардаг болохыг хэлж байгаа юм. Одоо бол асар их өмчтэй, “баян” төр. Төрийн зорилго нь ард түмэндээ хурдан шуурхай үйлчилдэг бодлого шийдвэр гаргах юм. Монгол Улсын хөрөнгийн үр ашигтай зарцуулалтын байдлыг харгалзаж үзэх болохоос биш мундаг хүчтэй төрийн ойлголт яваад байна.

-БИ ЖИЖИГ СУМДЫГ ТАТАН БУУЛГАХ АСУУДАЛ ЯРИАГҮЙ-

-Жижиг сумдад жил бүр төсөв суулгаад ч үр өгөөжгүй, байдаг тухай та байнгын хорооны хуралдааны үеэр хатуухан хэлсэн. Таны энэ үг “өмнө нь энэ асуудлыг хөндөж дуугарсан гишүүн байгаагүй” гэх магтаалыг дагуулсан. Нөгөө талаар жижиг сумдыг төсвийн гадна орхиж хаях тухай ярьж байна гэж ойлгох хүмүүс ч харагдсан. Та үүндээ нэмэлт тайлбар өгөөч?

-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хөдөөд багагүй хөрөнгө оруулалт хийж ирлээ. Гэтэл тэнд байнгын ажлын байр болохгүй байна, залуучуудад ажиллах орчин нөхцөл бүрдэхгүй байна. Эдийн засаг, системийн онолд 1+1 нь хоёроос их болдог тухай SYNERGY гээд ойлголт байдаг. Түүн шиг сумд нэгдэж томорвол олон асуудал шийдэгдэнэ гэж боддог. Хэн нэгэн дарга, хуулиар шийддэг зүйл биш. Иргэд шийдэх асуудал. Гэтэл намайг жижиг сумдын татан буулгах асуудал ярилаа гэж зарим нь ойлгоод байгаа. Би тэнд татан буулгах гэх үг яриагүй. Техник технологи, унаа тэрэг хөгжөөгүй үед жижиглэсэн олон бүтцийг одоо арай өөрөөр харвал яасан юм бэ гэдэг санааг л хэлсэн. Шинэ УИХ бүрэлдэхэд Засгийн газар хамгийн түрүүнд бид ямар бүтцээр ажиллах вэ гээд бүтэц бүрэлдэхүүнээ ярьж байгаа биз дээ. Түүн шиг ирэх жилүүдэд Монгол улсын бүтэц ямар байх вэ? гэдгээ эхлээд харъя, ярилцъя л гэж хэлсэн юм. Миний хамгийн гол хэлэх зүйл бол орон нутагт амьдарч байгаа иргэд төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй авдаг болж, орон нутагт амьдарч байгаа залуучууд шинэ бизнес эрхэлж, шинэ ажлын байр, шинэ орлогууд бий болгох юм.

-Жижиг сумдыг нэгтгэж нийлүүлж, шинэ ажлын байр бий болох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд боловсролын чанар хүртээмж сайжрах тухай ярьсан гэдгийг илүү сайн ойлгуулмаар санагдлаа.

-Сумандаа тавтай амьдрах, ажиллах нөхцөл боломжийг үүсгэхгүй байна. Ийм учраас залуучууд нь Улаанбаатар хот руу тэмүүлээд байна. Гурван сая хүний тал хувь нь Улаанбаатарт төвлөрчихсөн. Улаанбаатарт байр, байшингүй хүний шилжүүлгийг бүртгэхгүй гэсэн дүрэм, журмын хүрээнд л сүүлийн жилүүдэд хот руу шилжилт бага байгаа мэтээр харагдаж байгаа ч хаяг нь сумандаа, ажил нь нийслэлд байгаа олон мянган залуучууд байна. Физикт масс ихтэй бие нь нөгөөгөө илүү хүчээр татдаг тухай таталцлын хууль гэж бий. Түүгээр жишиж  ойлговол одоо манайд Улаанбаатар гэдэг ганцхан таталцлын төвтэй болчхоод байна л даа. Одоогийн засаг захиргааны нэгжүүд их тархай бутархай, татах хүчгүй байгаа учраас л асуудал үүсээд байна. Тиймээс үүнийг өөрчилж улсаа бүсчлэн хөгжүүлэх, аймаг дотроо ч таталцал ихтэй, том сум суурингуудыг бий болгож байж л иргэд аймаг, сум, орон нутагтаа ажиллаж, амьдарч төвлөрөл буурна шүү дээ. Гэтэл сумдыг татан буулгаад, Улаанбаатарыг томруулах гээд байгаа юм шигээр ойлгосон байна лээ. Магадгүй зөв мөртөө цаг нь болоогүй сэдэв байж магадгүй.

-МОНГОЛЫН ТӨР ИРЭХ ДӨРВӨН ЖИЛ ЮУ ХИЙХ ВЭ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙГҮЙ. БҮХНИЙГ САЙХАН БОЛГОНО ГЭСЭН ТУНХАГААС ӨӨР ЮУ Ч АЛГА-

-Шинэ парламент, шинэ засгийн газар бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого, бизнес эрхлэх орчныг сайжруулах талаарх бодлого хэр ярьж байна вэ?  

-Ард түмнээс мандат авсан Засгийн газар тул хийх ёстой ажлуудаа хийх байх. Гэхдээ бодлогыг нь харахад ихэнх нь тунхаг шинжтэй юм билээ. Гол зүйлээ ерөөсөө барьж авч чадаагүй. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг харахад “бүхнийг сайн сайхан болгох гээд тунхаглачихсан олон зүйлийн цуглуулга” харагдана лээ. Монголын төр ирэх дөрвөн жил юу руу чиглэж ажиллах вэ гэх тов тодорхой бодлого байх ёстой баймаар. Бүх зүйлийг сайхан болгоно гээд тунхаглаад байгаа. Гэтэл боломжгүй л байхгүй юу.

-Бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого олж хараагүй байх нь ээ дээ?

-Энэ талаар би асуусан юм л даа. Гэхдээ тодорхой хариулт авч чадаагүй ээ.

-Бизнес эрхлэгчдийн дуу хоолой болох байх гэсэн хүлээлтийг та үүрч байгаа байх. Хэр сайн ажиллах вэ?

-Надад ийм иргэдийн, тийм дуу хоолой болно гэсэн айхтар бодсон зүйл алга. Харин өөрийн гэсэн зарчимтай байя гэж бодож байна. Төр нь иргэддээ, ААН-үүддээ итгэдэг, боломж олгодог байгаасай. Бизнесүүдэд эрх чөлөөг нь нээж өгч байж, эрх чөлөөт иргэндээ боломжуудыг олгож байж хөгжил ирнэ. Би энэ зарчимд л итгэдэг. Тиймээс энэ чиглэлд л дуу хоолой болж ажиллана. Тэрнээс биш мундаг дарга, мундаг төр гарч ирээд хөгжүүлчихнэ гэж боддоггүй.

-ШИНЭ ГИШҮҮН БОЛОХООР НАРИЙН ШИРИЙН ЗҮЙЛИЙГ САЙН МЭДРЭЭГҮЙ Л БАЙНА-

-Коронавирусийн цар тахлын үеийн энэ нөхцөл байдал олон ААН-үүдийг хаалгаа барихад хүргэж, олон мянган хүнийг ажилгүйдэлд оруулж байна. Үйлдвэрлэгч байсан хүний нүдээр харахад энэхүү нөхцөл байдал хэр хүнд харагдаж байна вэ?

-Хүнсний үйлдвэрлэлээс бусад бүхий л салбарт хүндрэл үүсчихлээ. Гэхдээ нөхцөл байдал гайгүй болчих байх гээд харзнасан, хүлээсэн нь их байна. Гэтэл төсвийн тодотгол энэ олон зүйлд хариулт өгч чадах хэмжээнд хүрсэнгүй.

-Үйлдвэрлэгч бүтээгч хүн  нийгэмд ажлаа хийгээд явахад улстөрийн асар их нөлөөлөлд өртдөг, дээрэлхүүлдэг гэж боддог. Үйлдвэрлэгч хүний хувьд улстөрийн орчинд орж ирээд суухад улстөржилт хэр мэдрэгдэж байна вэ?

-Анхдугаар чуулган нээлтээ хийгээд хуралдлаа. Ээлжит бус чуулган зарлаж төсвийн тодотгол хэлэлцээд өнгөрлөө. Шинэ гишүүн болохоор нарийн ширийн зүйлийг сайн мэдрээгүй байж болно. Одоохондоо улстөржилт гэхээсээ илүү бүгд хувь гишүүнийхээ байр суурийг илэрхийлцгээж байгаа нь анзаарагдлаа.

-Цаг зав гарган ярилцсан баярлалаа.

-Баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-03 09:45

Iim muuhai ym haanaas garaad irvee, iim UIG bdag ymuu,

Зочин
Зочин
2020-09-03 10:42
Reply to  Зочин

Юу гээд хуцаад бга дөрвөд вэ Чи зүгээр "МАНАН" мафийнхаа мөнгөө сайн төлөвлөгөө гаргаад угаахаа л сайн бод доо Чи бол УИХ д биш шоронд сууж бх ёстой новш шүү Амаа хамх.

Иргэн
Иргэн
2020-09-03 10:46

Улаан даавуун дээр цагаан шохойгоор лоозон бичиж сурсан зангаа МАН хэзээ ч тавихгүй юм даа. Ард иргэдээсээ тасарсан болохоор лоозонгоор хуурахаас өөр яах вэ дээ.

Зочинх
Зочинх
2020-09-03 11:30

МАН -д Хууртагдсан сангарууд одоо ч МАН аа өмгөөлсөөр

Зочин
Зочин
2020-09-03 11:35

Өөриин тодорхой бодол, баыр суурьтай хүн байнө

Зочин
Зочин
2020-09-03 11:36

Amjilt husii

Зочин
Зочин
2020-09-03 13:00

Зөв дуугардаг з�##�уу байна. МАН сайхан болгоно гэж солиорохоос өөрөөр хийж байгаа юм �##�га

Зочин
Зочин
2020-09-03 14:44

khunii nuur luu egts harj chaddaggui g###g doo. amidaraldaa hiij baigaa uildluud dandaa tiim . evgui gar daa .

зочин
зочин
2020-09-03 16:17

энэ з�##�уу яаж яваад их хурлынгишүүн болчихвоо ТЕСО Содон хороололд хүмүүсийг хулхидаж оруулаад чухам л 5 давхар авто машины зогсоол сургууль цэцэрлэгтэй гээд л сайхан хуураад л оруулсан юу ч байхгүй хулхины з�##�уу

М.Төмөр
М.Төмөр
2020-09-03 20:16

Энэ гишүүн өөрийн бодолтой, асуудлыг зөв өнцөгөөс нь авч үздэг хүн юм уу гэж бодогдож байна.Танд амжилт хүсье.Энэ сэтгэгдэл бичиж буй хүмүүсийн тэнэг, элий б�##�ай үгнүүдээс харахад жирийн иргэд бид өөрийгөө зөв авч явж чадахаа больжээ гэж бодогдлоо.Хүн улс орны амьдр�##�тай холбоотой асууд�##� ярьж байхад дөрвөд буриад байх нь ямар хамаа байнаа.

Vhkmn
Vhkmn
2020-09-03 21:22

Ингээд дугараад шахаад явдаг гишүүд байв�##� зөв замрууга�##� явах байх

Tseel
Tseel
2020-09-03 23:33

бүү шантраарай.ингэж ний нуугүй ярилцлага өгдөг ч гишүүн ховор тул ийм ярилцлага та�##�агдаж б.а энэ нь иргэд бидэнд ойлголт өгдөг.4 жил байгаа үгүй нь мэдэгдэхгүй шавар бурхан шиг өнгөрөөчөөд д�##�дуур л хувийн эрх ашгаа гүйцэлвүүлж явдаг гишүүн нэрт ороолонгууд хэрэг �##�га. Тамх ны эсрэг хууль их зөв хууль шүү. үүнийг л амьдр�##�д хэрэгжүүлэхсэн.ЭРДЭНЭЧИМЭГ БОЛОН ГИШҮҮДДЭЭ БАЯРЛАЖ Б.А (ОДОО ЭКС ГИШҮҮН)

Монгол
Монгол
2020-09-05 08:47

Үнэн байдлыг зоригтой хэлж байна. МАН гарууд ойлгохгүй л дээ.

Mongol
Mongol
2020-09-29 19:15

MANamiin MANkurtuud zov ug yarij bui hunii zov taliig olj harah chadbargui boltloo tarhia shirluulchiheed huniig dorvod, uvsaar n duudahaas hetrehgui yum da!

Холбоотой мэдээ

Back to top button