ДЭЛХИЙ

Хонконгийн тэмцэгч Жошуа Вонг “Мулан” УСК-г үзэхгүй байхыг уриалжээ

Уолт Дисней кино компанийн шинэ дэлгэцийн уран бүтээл “Мулан” олон улсын кино зах зээл дээр нээлтээ хийгээд удаагүй байна. Цар тахлын улмаас удаан хугацаанд хойшилсоор ийн нээсэн ч “Мулан”-ыг дагалдах барцад дууссангүй.

Сүүлийн өдрүүдэд Хонг Конг залуус #BoycottMulan гэсэн хаштаг бүхий хөдөлгөөнийг Твиттер орчинд өрнүүлээд буй. Энэ бол “Мулан” УСК-г үзэхгүй байхыг уриалж буй утгатай хөдөлгөөн юм. Хөдөлгөөн хүрээгээ тэлж, Тайван, Тайландын үзэгчид ч тус хаштагийг хэрэглэн Твиттерт жиргэх болжээ.

Уг хөдөлгөөн эхэлсэн шалтгаан “Мулан”-ы дүрийг бүтээсэн хятад жүжигчин Лиу Вифэйтэй холбоотой юм. Тэрбээр хятад гаралтай ч АНУ-д төрж өссөн бүсгүй. Учир юу гэвэл өнгөрөгч 2019 онд зургаа орчим сар үргэлжилсэн Хонг Конгийн бослого тэмцэлд өөрийн байр суурийг хүчтэйгээр илэрхийлж байсан юм. Гэхдээ тусгаар тогтнол хүссэн залуу тэмцэгчдийн талд бус иргэдийнхээ өөдөөс гал нээсэн цагдаа нар, цаашлаад засгийн газрын талд буйгаа тэр Weibo платформ ашиглан нээлттэй илэрхийлсээр ирсэн билээ.

Тодруулбал Лиу Вифэй 2019 оны наймдугаар сард Weibo хуудастаа, “Би Хонг Конгийн цагдаа нарын талд байна. Ингэж хэллээ гээд та нар хүссэнээрээ дайрч, давшилж болно. Ичгүүртэй юм” хэмээн бичсэн удаатай.

Тэгвэл Хонг Конгийн тэмцлийг өдөөгч залуу улс төрийн идэвхтэн Жошуа Вонг Твиттертээ, “Кино нээлтээ хийлээ. Диснейнхэн киногоо Бээжинд нээж чадсан шалтгаан нь, Лиу Вифэй Хонг Конгийн бослогод цагдаа нарын талыг дэмжиж байсантай холбоотой. Хүний эрхийг дээдэлдэг хүн бүрийг Мулан киног битгий үз гэж уриалмаар байна” гэж жиргэжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button