НИЙГЭМНийгэм мэдээ

Б.Мөнхтамир: Улсын хэмжээнд АИ-92 бензиний 10 хоногийн үлдэгдэл нөөцтэй байна

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан гурван үндсэн асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар АҮЭБЯ-ны дэд сайд Б.Мөнхтамир мэдээлэл өглөө.

АҮЭБЯ-ны дэд сайд Б.Мөнхтамир: Өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллагад нийт 786 дуудлага, мэдээлэл ирснээс давхардсан тоогоор 72 дуудлага бүртгэгдэж, 159 үйлдлийг урьдчилан сэргийлж таслан зогсоосон байна. Эдгээр зөрчил бүрд ЦЕГ-аас зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа. Ялангуяа газрын тосны бүтээгдэхүүнийг дамлан худалдаалж буй асуудалд иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаж байна. 

Улсын хэмжээнд АИ-92 бензиний 10 хоногийн үлдэгдэл нөөцтэй буюу өнөөдрийн байдлаар /2026.10.19/

  • АИ-92 автобензин: 22 мянган тонн буюу ердийн хэрэглээний 10 хоногийн нөөцтэй,
  • АИ-95 автобензин: 2,079 тонн буюу 17 хоногийн нөөцтэй,
  • Дизель түлш: 108 мянган тонн буюу 27 хоногийн нөөцтэй,
  • Онгоцны түлш: 7,081 тонн буюу ердийн хэрэглээний 34 хоногийн нөөцтэй байна.

Хойд болон урд хөрш, гуравдагч орнуудаас нийт 78 мянган тонн шатахуун авахаас одоогийн байдлаар 38 мянган тонн АИ-92 бензин орж ирээд байгаа бөгөөд үлдэгдэл нь замд тээвэрлэгдэж байна. Дотоодын шатахууны хэрэглээ одоогоор ердийн үеийн хэвийн түвшинд дүйцэж байгаа. 

Мөн БНХАУ, БНСУ зэрэг гуравдагч орноос АИ-92 бензин нэмж импортлох хэлцлүүд хийгдэж байгаа. Энэ сарын сүүлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар дотоодын аж ахуйн нэгжүүд ажиллаж байна. Импортлогч орнуудаас орж ирж буй АИ-92 автобензиний үнэ 550 орчим төгрөгөөр өссөнтэй холбогдуулан, ААН-үүд үнээ үндэслэлгүйгээр нэмсэн эсэхийг шалгах үүргийг 10 хоногийн өмнөх Шуурхай штабын хурлаар Монополын эсрэг газарт өгсөн. 

Иргэдийн дунд аль ШТС дээр шатахуун байгаа нь тодорхойгүй, мэдээлэл нээлттэй бус байна гэсэн бухимдал үүссэн. Үүнийг шийдвэрлэхээр Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-ын дотоодын удирдлагын системийг залуусын хөгжүүлсэн "benzin.mn" платформтой шууд холбож, өнөөдрөөс нээлттэй ажиллуулж эхэллээ.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 264 ШТС-ыг системд шууд холбосон. ААН-үүдийн өрсөлдөөний нууцыг хамгаалах үүднээс бодит нөөцийн тоог харуулахгүй боловч тухайн ШТС дээр АИ-92, АИ-95, АИ-98 болон дизель түлш борлуулагдаж буй эсэхийг веб сайт болон аппликэйшнээр ногоон гэрлээр ялган, газрын зураг дээр шууд харуулж байна. Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн төв сервертэй холбогдсон тул тухайн ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг иргэд шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой болсон. 

Эхний шатанд ААН-үүд орлого, зарлагын мэдээллээ өөрсдөө оруулж байгаа. Ирэх 12 дугаар сарын 15 гэхэд шатахуун хадгалах савнуудын сенсорыг албан ёсоор системтэй шууд холбохоор ажиллаж байна. Ингэснээр ШТС шатахуун хүлээж авмагц мэдээлэл автоматаар шинэчлэгдэнэ. Системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд 750 орчим ажилтныг сургалтад хамруулсан. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button