Түрээсийн орон сууцанд бүртгүүлсэн иргэдийг шалгаруулах хугацаа тодорхойгүй байна

972 айлын түрээсийн орон сууцны цахим бүртгэл өчигдөр шөнө 00.00 цагийн үед дууслаа. Нийслэлийн орон сууцны корпорациас тус цахим бүртгэлийг долоодугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 14 хоногт түрээсийн орон сууны бүртгэлд нийт 35.003 иргэн мэдээллээ илгээсэн байна. Шалгаруулалтыг Сонгон шалгаруулалтын тусгай комисс явуулж, тэнцсэн иргэдээс нь шаардлагатай мэдээллийг эх хувиар авах юм. Гэвч сонгон шалгаруулалт хэзээ болох нь одоогоор тодорхойгүй байгааг тус газраас мэдээлжээ.
Түүнчлэн Буянт-Ухаа 2, 972 айлын орон сууцны 30 хувийг түрээслэх, 30 хувийг түрээслэх замаар өмчлүүлэх, 40 хувийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд ашиглахаар болсон. Ийнхүү 60 хувь нь түрээслэх, түрээслэн өмчлөх иргэд буюу зорилтот найман бүлгийн 25 хувь гэхээр нэг бүлэгт 120 гаруй байр ноогдож байна. Буянт-Ухаа 2, 972 айлын орон сууцанд гурван төрлийн байр байгаагаас 68.59, 49.23, 39.30 ам.метрийн хэмжээтэй гэнэ. Түрээслээд өмчлөх хэлбэрийн байр нь ам.метр нь 1.4 сая төгрөг. Хэрэв 30 хувиа төлөөд байрандаа орсон бол хамгийн багадаа сард 280 мянган төгрөг төлөөд өмчлөх боломжтой. Харин хамгийн дээд хэмжээндээ сард ам.метрээсээ шалтгаалаад 1.6 сая төгрөг төлөөд өмчлөх аж. Харин өмчлөхгүйгээр энгийнээр түрээслэвэл, ам.метрээсээ шалтгаалаад сард 137-411 мянган төгрөг төлөх юм.
Журамд тусгаснаар түрээсийн орон сууцанд залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гачигдалтай иргэн, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллагсад, өрх толгойлсон эцэг, эх, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдийг хамруулна. Түрээсийн орон сууцны нэг ам.метрийн үнийг сарын 6000 төгрөгөөр тооцож, гурав хүртэлх жилээр түрээслүүлэхээр тусгажээ.
С.ХОНГОРЗУЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.