НИЙГЭМ

О.Дөлгөөнийг салхин цэцэг өвчний оноштойгоор амиа алдсанд эмч нар эргэлзэж байна

2010-аад оноос эхлэлтэй сагсан бөмбөгийн хэрүүл нэгэн аравныг дамнаж байна. Өнгөрсөн сарын арванд хэвлэлийн хурал зарлаж, хэн хэн рүүгээ хэрүүлийн алим шидэлцэхээс биш хэлэлцээрийн ширээний ард суусан удаа ховор. Ганц нэг суусан ч үр дүнд хүрээгүй. Хоёр тийшээ болцгоосон. Хэрүүл хэзээ төгсөж Монголын сагсан бөмбөг хэзээ нэг гал тогоонд орох нь одоогоор тодорхойгүй л байна. Энэ хэрүүл нь Монголоос хальж олон улсын сагсан бөмбөгийн холбооны чихэнд хүрчихсэн. 5х5-ын нас насны шигшээ баг маань өнгөрсөн жилүүдэд олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан нэг ч тэмцээний утаа үнэрлэсэнгүй. Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос асуудлаа дотроо шийдээд холбогд гэсэн даалгавар өгсөн бололтой. Учраа олох цаг хугацаанд манайхан хөнжилдөө хөлөө жийлцэж байх хооронд сагсан бөмбөгт тод гялалзаж байсан нэгэн тод од харвачихлаа.

Өнгөрсөн өвөл нийслэлийн ИТХ-ын Ажлын албанаас хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөл бүрдүүлж, бие бялдар, оюуны хөгжлийг нь дэмжих зорилготойгоор Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоотой хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ ажлын хүрээнд Оюутны сагсан бөмбөгийн 19 дэх удаагийн тэмцээнийг хамтран зохион байгуулсан юм. Тус лигийн тэмцээнд 35 Их, дээд сургуулийн 45 баг оролцсон юм. Олон сар үргэлжилсэн тэмцээний аваргааг Одонбаатарын Баярцогт дасгалжуулагчтай “Этүгэн” их сургуулийн “Ирвэс”-үүд аварга болсон байдаг. Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооноос үнэ цэнтэй тоглогчийг АНУ-руу явж Үндэсний сагсан бөмбөгийн холбооны шигшээ тоглолтыг үзэх эрхийн бичгээр шагнахаа мэдэгдээд байсан. Шигшээ тоглолтод “Ирвэс”-үүд багийн холбон тоглогч Очбадрахын Дөлгөөн гялалзаж багаа ялалтад хөтөлсөн ч Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооноос МУИС-ийн багийн тамирчин А.Энхбаясгаланг сонгосон юм. Эх сурвалжийн мэдээлснээр оюутны лигийн шигшээ тоглолтын үнэ цэнтэй тоглогч О.Дөлгөөнд “Ирвэс”-үүд багийн дасгалжуулагч О.Баярцогт визийг нь бүтээж, тоглолт үзэх эрхийн бичгийг нь олж гаргасан гэх мэдээ байна. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны шигшээ тоглолтыг үзэхээр явсан О.Дөлгөөн эх орондоо эргэж хөл тавьсангүй. АНУ-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад элэгний архаг дутмагшил гэх оноштойгоор бурхэны оронд одлоо.

Өнгөрсөн наймдугаар сард эх орноо төлөөлж Жакартагийн Азийн наадамд оролцсон, оюутны лигийн тэмцээнд багаа чирж аварга болгосон эрүүл саруул цэл залуухан тамирчны бие сар орчмын хугацаанд огцом муудаж, хорвоог орхисон нь олон асуулт үлдээгээд байна.

Этүгэн “Ирвэс”-үүд багийн дасгалжуулагч О.Баярцогт “Би эв эрүүл, сав саруул хүүг онгоцны буудлаас үдэж өгсөн. Очоод буудалд амарч байгаад гэнэт л бие нь муудаж, амнаас нь цус гарч эхэлсэн гэсэн. Эмнэлэгт очоод гарсан эхний онош нь салхин цэцэг. Энэ өвчин нь далд хугацаандаа дотоод эрхтнүүдэд нь нөлөөлж элэг, бөөрний үйл ажиллагааг нь доголдуулсан юм билээ” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Багийн тамирчид нь ч эрүүл саруул байсныг нь онцолж байсан юм. Хүний элэгний үйл ажиллагааг хоромхон хугацаанд үхжүүлдэг, ямар эрсдэл байдаг талаар мэргэжлийн эмч нараас тодрууллаа. “О.Дөлгөөний тухайд эрүүл саруул биетэй мэргэжлийн тамирчин хүүхэд. Бүтэн жилийн хугацаанд өндөр ачаалалтай бэлтгэлийг даваад гарчихсан тамирчны эрүүл мэнд гадны ямар нэгэн нөлөөгүйгээр хоромхон хугацаанд огцом муудаж, сэхээн амьдруулах тасагт шилжих боломжгүй л дээ.

-Салхин цэцэг өвчний оноштойгоор эмнэлэгт хүргэгдсэн гэсэн шүү дээ. Ийм хоромхон хугацаанд элгийг үхжүүлдэг өвчин юм уу, салхин цэцэг гэж?

-Салхин цэцэг өвчин далд үедээ дотоод эрхтнүүдэд үсэрхийлсэн гэж тайлбарласан байсан. Нийт хугацаа 10-21 хоног үргэлжилдэг л дээ. Дунджаар 14-16 хоног. Гэхдээ энэ нь элэгний үйл ажиллагаанд тэгж муугаар нөлөөлж, үхэлд хүргэх боломжгүй” гэв.

О.Дөлгөөний ар гэрийнхэн түүний багш О.Баярцогтыг буруутгаж байна гэх мэдээлэл байна. О.Баярцогт дасгалжуулагч шавьдаа Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн тэмцээний шигшээ тоглолтыг үзэх эрхийн бичиг өгсөн байдаг. О.Дөлгөөн лигийн шигшээ тоглолт үзэхээр яваад бие нь муудсан билээ.

А.ДОНДОГСҮРЭН

ӨДРИЙН СОНИН

Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close