НИЙГЭМ

Чимгээгийн ах Т.Хүрэлбат: Мөрдөн байцаалтын явцад эрүүдэн шүүлт АСАР ИХ байсан

С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт буруутгагдаад байгаа Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат дараах мэдээллийг өглөө.

-Т.Чимгээг эмнэлэгт хүргэсэн гэх мэдээллийг Хууль зүйн сайд нь өгөөд байна. Та очиж уулзсан уу?

-ШШГГ-ын харъяа 401-р хорих ангийн эмнэлэгт очиж уулзсан. Шоронгын дэглэмээр байгаа учраас уулзах хугацаанд нь уулзуулна гээд, эмнэлэгийн ажилчид нааштай хүлээж авсан.

-Биеийн байдал ямар байгаа вэ?

-Эмчилгээ хийгдэж байгаа. Ходоод нэлээн өвдөж, зүрхэнд нь бичлэг, нойр булчирхайн шинжилгээ хийхэд гайгүй байна гэж надад хэлсэн.

ПРОКУРОР М.ЭНХ-АМГАЛАН ХОРИХ АНГИД ДАРАМТ БАЙДАГ ГЭДГИЙГ САЙН МЭДДЭГ

-Эрүүдэн шүүсэн талаарх мэдээлэл гурван шатны шүүхийн шийдвэрийн дараа ил тод болоод байгаа. Эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн талаар танд ярьж байв уу?

-Мөрдөн байцаалтын явцад эрүүдэн шүүлт асар их байсан тухай ярьж байсан. Хэрэг хүлээгээгүй ганц хүн нь Т.Чимгээ. Нөхрийг нь 14 хоног барьж хориод, үг хэлэх эрхийг нь хязгаарласан. Ж.Мөнхгал нь бил үү О.Бямбажав нь Т.Чимгээгийн нөхөрт “Та хоёр одоо нэг гэрт амьдарна гэж байхгүй хохино” гэж хэлдэг байсан. Мөн дээрээс нь “Чамайг алаад, байшингийн хундааманд хийгээд цутгачихна шүү” гэж дарамталж байгаад гэнэтхэн “Хоёулаа нөхөрлөе, найз болъё” гэж ярьдаг байсан.

Т.Чимгээг үнэн худлыг хэлүүлдэг шинжилгээнд оруулахаар болоход нэг хүүхэн хүёр пиво гаргаж ирээд “Хоёулаа энийг нэг нэгээр нь ууя” гэж хэлээд “Би уухгүй” гэхэд “Вино уух уу?” гэж асуудаг байсан байгаа юм. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ? Энэ дарамтын нэг хэлбэр.

Төв аймгийн мөрдөнд буланд нь хувин тавьсан өрөөнд байлгаж, эргэлт оруулахгүй учраас дотуур хувцсаа цайгаараа угааж, хатааж өмсдөг нөхцөл байдалд байсан гэж өөрөө надад хэлсэн. Ийм зүйлсийг дарамт гэхгүй өөр юу гэхэв дээ. Төв аймгийн мөрдөнд маш хэцүү байсан Б.Амгаланбаатар камерт нь орж ирдэг, коридороор нь хашгираад явж байгаа бичлэгийг Хууль зүйн сайд үзье гэхэд прокурор нь үзүүлэхгүй гэж байгаа юм байна лээ. Үнэхээр л тийм зүйл байхгүй байсан бол тэр бичлэгийг нь үзүүлэх ёстой. Миний ярьж байгаа зүйл болсон учраас М.Энх-Амгалан гэдэг прокурор үзүүлэхгүй байна. Энх-Амгалан гэгч прокурор ийм дарамт байдаг гэдгийг сайн мэддэг. Тэр байтугай хэвлэлд ярилцлага өгсний минь төлөө намайг “шалгана” гэж байсан.  Дүүгээ өмөөрсөн хүнийг “Худлаа хэлж үү хулгай хийж үү гэж” шалгана гэсэн үг.

Манай ээж Дорноговь аймагт амьдардаг. Хотоос нэг хүн ирэхэд л аймгийн тагнуулын хүмүүс “Танайд ямар хүн ирэв” гээд 4-5 хар машинтай, 20-оод залуучууд манай гэрт нэгжлэг хийдэг байснаас болоод манай ээж, эгч, дүү нар дөрвөн өдөр даралт нь ихсээд хэвтэж байсан.

-Эрүүдэн шүүсэн нь тогтоогдоод энэ хүмүүсийг суллах нь гэсэн найдвар төрөөд байна. Хэрвээ сулласан тохиолдолд ар гэрт нь хэдий хэмжээний хохиролтойгоор үлдэж байна?

-Бүтэн айлыг бужигнуулаад дуусгачихлаа. Нэг хүүхэд нь энэ хэргийн хойноос явж байгаад нас барлаа, эхнэр нөхөр хоёрын дунд тагнуулын газрын хүмүүс элдвийн юм ярьснаас гэр бүлийн харилцааг үрэн таран хийж, ах дүү, хамаатан садан ажил төрөл хийх боломжгүй, үргэлж сэтгэл санааны гүн дарамтанд байна. “Энэ хэрэг худлаа болчихлоо” гэж анх дуугарч байсан хэдэн хуульчид байдаг. Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Ж.Батзандан Л.Болд гишүүнд үнэхээр их баярладаг.

Б.АМАР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button